sonin.mn

Японы Засгийн газар энэ оны эцэст шинэчлэхээр төлөвлөж буй “Үндэсний батлан хамгаалах стратеги”-даа удаан хугацааны дайны нөхцөлд байлдааны чадавхаа тогтвортой хадгалахтай холбоотой заалтуудыг тусгахаар хэлэлцэж байна. Энэ талаар Киодо Ньюс агентлаг арваннэгдүгээр сарын 7-нд холбогдох эх сурвалжаас эш татан мэдээлжээ.


Японы Батлан хамгаалах яамны үзэж буйгаар, удаан үргэлжлэх зэвсэгт мөргөлдөөний үед цэргийн ажиллагааг тасралтгүй явуулах чадавхыг бүрдүүлэх нь чухал зорилт болжээ. Үүний тулд энхийн цагт зэвсэг, сум хэрэгсэл болон цэргийн хангамжийн нөөцийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ дайны нөхцөл байдал үүссэн тохиолдолд батлан хамгаалах үйлдвэрлэлийг богино хугацаанд өргөжүүлэх тогтолцоо бүрдүүлэхээр төлөвлөж байна.


Түүнчлэн шинэ стратегийн хүрээнд батлан хамгаалах үйлдвэрлэл дэх төрийн оролцоог нэмэгдүүлэх асуудлыг авч үзэж байгаа аж. Тухайлбал, тус салбарт төрөөс хөрөнгө оруулах, стратегийн ач холбогдол бүхий зэвсэг, техник, тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг үйлдвэрүүдийг төрийн эзэмшилд авах боломжийг судалж байгаа талаар мэдээлжээ.


Японы батлан хамгаалах бодлогын энэхүү өөрчлөлт нь тус улсын цэргийн хүчин чадал, батлан хамгаалах үйлдвэрлэлийн бие даасан байдлыг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа бөгөөд бүс нутгийн аюулгүй байдлын бодлогын хүрээнд анхаарал татаж байна.


Г.Бямба