sonin.mn

ВАШИНГТОН, 2024 оны гуравдугаар сарын 19 /VOA/. Сансарт цөмийн зэвсэг байрлуулахыг хориглосон гэрээг улс орнууд дагаж мөрдөх ёстой гэдгийг цохон тэмдэглэсэн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоол гаргахыг АНУ, Япон улсууд даваа гарагт санал болгожээ.


Орос улс хиймэл дагуулын эсрэг сансарт байрлалтай цөмийн зэвсгийг бүтээж байна гэж Вашингтон үзэж байгаа бөгөөд түүний дэлбэрэлт нь цэргийн холбооноос эхлээд телефон утасны үйлчилгээг бүхэлд нь сүйрүүлж болзошгүй гэж эх сурвалж мэдээлсэн байна.


“Дэлхийн тойрог замд цөмийн зэвсэг болон бусад төрлийн үй олноор хөнөөх зэвсгийг байрлуулах”-ыг хориглодог 1967 оны Сансрын тухай гэрээнд нэгдэн орсон Орос улс сансарт цөмийн зэвсэг байрлуулахыг эсэргүүцэж байгаагаа өмнө нь мэдэгдэж байсан юм. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд ч мөн ийм зэвсэг бүтээж байгааг үгүйсгэсэн байна.


Цөмийн зэвсгийг тойрог замд байрлуулахыг уг гэрээгээр хориглодог боловч зохион бүтээхийг хориглодоггүй. Дайнд цөмийн зэвсэг ашигласан цорын ганц улс болох АНУ болон цөмийн бөмбөгдөлтөд өртсөн цорын ганц улс болох Японы санал болгосон тогтоолын төсөлд сансарт ийм зэвсгийг байрлуулахгүй байхыг гэрээнд нэгдэн орсон орнуудад уриалсан байна.



Хоёрдугаар сарын 14-нд Бүгд найрамдах намын нэгэн хууль тогтоогч “Үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул заналхийлж байна” гэсэн учир битүүлэг мэдэгдлийг хийсний дараа Орос улс ийм төрлийн зэвсгийг бүтээж байж болзошгүй гэх мэдээлэл цацагджээ. Тус улс ийм зэвсэг бүтээхээр ажиллаж байна гэж Вашингтон үзэж байгаагийн хамгийн тод илрэл бол Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчийн хоёрдугаар сарын 15-нд хийсэн тайлбар юм. Тэрбээр мэдэгдэхдээ "хууль тогтоогчийн захидал нь Орост зохион бүтээж байгаа боловч сансарт байрлуулаагүй байгаа зэвсэгтэй холбоотой, энэ нь Сансрын тухай гэрээг зөрчсөн үйлдэл" гэжээ.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг