sonin.mn

Монголын Хүний Төлөө Намын дарга Х.Бат-Ялалт, БНН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Б.Зоригоо тэргүүтэй хэсэг иргэд мэдээлэл хийн, “STOP LYING” уриатай Сонгогчдын Анхдугаар чуулган зохион байгуулах болсноо зарлалаа.


Энэ үеэр Х.Бат-Ялалт: "Сонгуулийн үеэр мөнгөтэй намууд нь сурталчилгааны байр нээгээд, нэг нэр дэвшигч 970 ухуулагч ажиллуулна, II тойрог дээр жишээ авч ярихад. Хэрэв 10 нэр дэвшигч байвал 9700 ухуулагчтай байх нь. ХҮН нам их бяртай, мөнгөтэй байгаа. Үндэсний эвсэл мөнгөтэй байгаа. АН мөнгөтэй юм шиг байгаа юм. МАН мөнгөтэй. Ингээд Монголд 5-6 мөнгөтэй нам байна. Эдгээр намууд дээр бодоод үзэхэд л сонгогчдийн маань бараг 100 мянга нь ухуулагч болчихоод байгаа юм.


Нэг хороон дээр 2, 2 ухуулгын байр ажиллуулаад, битүү туг далбаа болдог шүү дээ. Яг УИХ-д хэрэгтэй, байх ёстой, мөнгөгүй нэр дэвшигчид нь ухуулах байр ажиллуулж чаддаггүй. Өнөөдөр энэ сонгуульд намууд нь байраараа өрсөлддөг, бие биенээ хянадаг. АН-ыг дэмждэг хүн МАН-ын байр руу орж, нэр дэвшигчийн материал авч болдоггүй. Бид ингэтлээ улстөржиж хуваагдсан байна.



Цөөн хэдэн хүн маш их мөнгөөр ард түмний саналыг худалдаж авдаг хуучин технологиор сонгууль хийх үү? Эсвэл иргэд бид өөрсдөө дундаасаа мөнгө босгож, өөрсдийн төлөө зүтгэж чадах хүмүүсээ гаргаж, УИХ-аа байгуулах уу?



Хэн биднийг ирээд аврах бол гэж горьдож суулгүй, өөрсдөөс шалтгаалах зүйлээ хийцгээе. Би бол сонгуулийг бүлэг залилан гэж ойлгодог. Сонгууль болохоор гоё машинуудтай, гоё тугтай хүмүүс гарч ирээд, гоё зүйл амлаад алга болчихдог. Өмнө нь сурталчилгааны хугацаа 45 хоног байсан. Одоо энэ хугацааг 17 хоног болгоод, иргэдийг нүдээ аниад сонголтоо хий гээд тулгачихлаа. Монголчууд таньдаггүй бурханаас таньдаг чөтгөр нь дээр гээд, манай нутгийн хүн, надад мөнгө өгсөн, манай хүүхдэд туслаж байсан юм чинь энэ хүнийг сонгоё гээд байдаг. Хүн чанар байж болно. Одоо гэхдээ эх орноо бодоцгооё гэж уриалж байна. " гэв.



М.Чой