
Тавдугаар сарын 27-ны өглөө Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий Сайд Ли Чян, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сок Ёл, Японы Ерөнхий Сайд Фумио Кишида нар Хятад, Япон, БНСУ-ын удирдагчдын 9 дэх уулзалтад оролцов.
Ли Чян энэ үеэр хэлэхдээ, "Хятад, Япон, БНСУ-ын хамтын ажиллагааны механизм байгуулагдаад 25 жил болж байна. Эхлэлийн шинэ цэг дээр Хятад, Япон, Өмнөд Солонгос хамтын ажиллагааны анхны зорилтоо тууштай баримталж, нээлттэй багтаамжтай, итгэлцэл хүндэтгэлд суурилсан, ашигтай хамтарч, харилцан суралцсан Хятад, Япон, Өмнөд Солонгосын хамтын ажиллагааг сэргээн хөгжүүлж, бүс нутгийн хөгжил цэцэглэлт, тогтвортой байдалд илүү их хувь нэмэр оруулах ёстой" гэжээ.
Хятад, Япон, Өмнөд Солонгосын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд Ли Чян таван санал дэвшүүлэв. Үүнд: Нэгдүгээрт, хамтын ажиллагааг ахиулж бүх талаар шинээр эхлэхийг дэмжинэ. Хоёрдугаарт, эдийн засаг худалдааны саадгүй харилцааг гүнзгийрүүлнэ. Гуравдугаарт, шинжлэх ухаан, технологийн инновацийн хамтын ажиллагааг удирдан дагуулна. Дөрөвдүгээрт, нийгэм соёлын солилцоог нэмэгдүүлнэ. Тавдугаарт, тогтвортой хөгжлийг дорвитой ахиулна гэсэн байв.
Гурван тал "Хятад, Япон, БНСУ-ын удирдагчдын есдүгээр уулзалтын хамтарсан тунхаг", "Хятад, Япон, БНСУ-ын оюуны өмчийн хамтын ажиллагааны 10 жилийн алсын харааны хамтарсан мэдэгдэл", "Ирээдүйд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байх, даван туулах хамтарсан мэдэгдэл" гаргаж, өмнөх наймдугаар уулзалтаар баталсан "Хятад, Япон, Өмнөд Солонгосын ойрын арван жилийн хамтын ажиллагааны хэтийн төлөв"-ийг хэрэгжүүлэх, гурван улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх талаар санал нэгдсэн байна.
АСЕАН болон Хятад, Япон, Өмнөд Солонгосын олон талт хүрээнд нягт харилцан ажиллаж, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил дэвшлийг хамтдаа хамгаалахаар тохиролцжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл0