sonin.mn

Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын нэгийн хувьд дайн байлдаан, давшилт хориглолтын талаар энгийн иргэдийг бодвол гадарлана. Тэр мэдлэг туршлагаараа өнөөгийн Орос-Украины энэ дайныг харж, оперативын цагийн байдлыг үнэлдэг.


Фронтын мэдээнүүдээс үзвэл Оросын зэвсэгт хүчин стратеги–оперативын нөөцөө бараад, асар их зэвсэг, сум, пуужин, спиртийн үйлдвэр, агуулахуудаа дэлбэлүүлээд яаж ч чадахгүй, гадаадаас цэргийн тусламж авахгүй л бол ганц ч урагшилж чадахгүй болсон, Орос ямар их хохирол амсаж байгаа зэргээс хөрвүүлж буулгая. 

 

Украиныг буулгаж авахаар 2.9 жил орчим байлдахдаа Оросын амссан цэргийн бие бүрэлдэхүүний хохирлын хэмжээ Дэлхийн II дайнд 1939-1945 онд Их Британийн амссан хохиролтой яг дүйцэж байна.


Путин дахин хичнээн эрдэнэт хүний амь гарздахад бэлэн байна вэ гэдэг нь олон улсын цэргийн шинжээчдийн анхаарлын төвд байна. Энэ оны эхний 9 сарын байдлаар Украин нь фронтын шугамын дагуу бус, ОХУ-ын нутгийн гүнд байнуудад 7000 гаруй цохилт өгсөн шинэхэн мэдээ байна.

 

Аливаа дайнд бие бүрэлдэхүүний хангалтыг тасралтгүй хийж байх ёстой. Шинэ цэрэг татахгүйгээр 30-35 мянган цэрэг сар бүр нөхөн хангалтаар фронт руу очиж байх ёстой атал Орост тэгэх тэнхээ алга болсон. Цэрэг татлага явуулаад фронт руу илгээе гэхэд оросын иргэд итгэл алдарсан, гавьяагүй үхэл рүүгээ их бууны зуушинд явж байгаагаа ойлгодог болсон. Оросын сэхээтнүүд ТВ-д итгэхээ больсон, иймд ядуу дорой, алслагдсан бүс нутгийн, мөнгөний гачаалтай гэр бүлээс цэрэг элсүүлэн явуулж өнөөдөртөө аргалж байна. Цэрэгт явуулж мөнгөжүүлнэ, амьдралыг нь өөд нь татна гэсэн зар Оросын хот тосгодод ярайтал өлгөөтэй. Улаан-Үд хотоос манай хамаатны эгч ийм зарын зураг татаад явуулжээ. Буриад нутагт ийм зар хааяагүй гэж хэлж байна.