НЬЮ-ЙОРК, 2025 оны хоёрдугаар сарын 21 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп шинээр импортын татвар ногдуулна гэж мэдэгдсэний дараа алтны үнэ нэг унц нь 2950 ам.доллароос давж, түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн тухай "Reuters" агентлаг арилжааны мэдээллийг эш татан бичжээ.
Уг мэдээллээс үзвэл, алтны спот үнэ 2954.89 ам.доллар болж өсжээ. Он гарснаас хойш алтны үнэ 10 дахь удаагаа дээд түвшинд хүрч өслөө. Дөрөвдүгээр сарын фьючерс хэлцлийн үнэ пүрэв гарагт 2960.8 (+0,84%) ам.долларт хүрсэн байна.
Он гарснаас хойш алтны үнэ 12 хувиар өсчээ. Геополитикийн тодорхойгүй байдлын үед алт нь уламжлал ёсоор аюулгүй баталгаат хөрөнгө гэж тооцогддог. АНУ-д нийлүүлж буй авто машин, чип, эмийн бүтээгдэхүүд 25 хувийн татвар ногдуулна гэдгээ Д.Трамп хоёрдугаар сарын 18-нд мэдэгдсэн юм. Тэрбээр нэгдүгээр сарын 20-нд үүрэгт ажилдаа орсныхоо дараа Хятадын импортын бараа бүтээгдэхүүнд 10 хувь, ган, хөнгөн цагааны импортод 25 хувийн татвар ногдуулсан билээ.
Түүнээс гадна, АНУ-ын Холбооны нөөцийн сангийн /ХНС/ хамгийн сүүлд болсон хурлын тэмдэглэл нийтлэгдсэн нь алтны үнэ өсөхөд нөлөөлжээ. Бодлогын хүүг дахин бууруулахаасаа өмнө инфляц цаашид буурах эсэхийг харзнахаар шийдсэн, Д.Трампын импортын татвар инфляцад нөлөөлж болзошгүй байгаа тухай уг тэмдэглэлд дурдсан байна. ХНС өнгөрсөн сарын сүүлчээр бодлогын хүүг 4.25-4.5 хувийн түвшинд хэвээр үлдээсэн юм.
Д.Жаргал
Эх сурвалж:
"Монцаме" агентлаг
Лхагва - 04 сарын 22,
2026
Сэтгэгдэл2
Алт бол баялаг биш. Дэлхий уух усгүй болсон цагт алт ямар ч хэрэггүй эд гэдгийг хүмүүс хатуу ойлгоно.
АЛТНЫ НӨӨЦӨӨ ШАЛГАХААР БОЛОВ. Эзэнтэй болсон төр нь ард түмнийхээ баялгийг тоолох гэж байна! Өчигдөр DOGE-гийн тэргүүн Элон Маск Кентаки мужийн Форт Ноксд байдаг АНУ-ын алтны нөөц хулгайд өртсөн эсэхийг шалгах аудит оруулах санаачлага гаргасан. Энд 4580 тонн алт буюу манай ОТ-той тэнцэхүйц үнэ бүхий баялаг хадгалагдаж байгаа гэх бөгөөд хамгийн сүүлд 1950-иад онд аудит оруулж байжээ. Элон нөгөө хулгарууд алтны нөөцнөөс туусан байж болзошгүй гэж сэжиглэж байгаа учир даруй шалгалт оруулахыг хүсэж байна. Тэгвэл өнөөдөр ерөнхийлөгч Доналд Трамп Элоны санаачлагыг дэмжиж, Форт Ноксын алтны нөөцөд хулгай орсон эсэхийг өөрийн биеэр шалгахаар болсныг мэдэгдэв.