sonin.mn

 

Арван гурван жилийн тэртээ Америк орныг зорьж, тэндээ амьдрах явцдаа автомашины осолд орж, улмаар маш хүнд бэртэл аван бүсэлхийнээсээ хойш мэдээгүй болсон эмэгтэйг У.Бат-Оюун гэдэг.
 
 
Тэрбээр хэдий тахир дутуу хүний тэргэнцэр дээр байнга суудаг ч эрүүл хүн шиг ажил хийж, хэний ч гарыг харалгүй сайхан амьдрал зохиожээ. Өдгөө тэрбээр Англи, Орос хэлийг гойд сайн сурсан бөгөөд сэтгэлийн асар их тэнхээтэй, сэргэлэн, цог золбоотой бүсгүй болжээ. Түүнтэй АНУ-д танилцаж, ярилцсанаа толилуулж байна.
 
 
-Нэгдсэн улсад анх хэрхэн хөл тавьж байв. Юуны учир автомашины осолд орсон юм бэ?
 
-2000 оны долдугаар сард Нью-Йоркт болох Олон улсын тэмцээнд гүйлтээр оролцохоор шалгарсан тамирчин Г.Ганбаатар гэдэг залуугийн орчуулагчаар ирсэн юм. Бид хоёр Миннеаполис хотод амьдардаг найзынд нь бууж долоо хоноод байсан. Тэр Л гэдэг залуу намайг кинонд урьсан.
 
 
Дургүй байсан ч аясыг нь дагаад явсан юм л даа. Харин буцаж явах үед Л асар хурдтай давхиж байсан.Гэтэл тэр өөрөө автомашин дөнгөж барьж сурсан юм билээ. Тэгээд жолоогоо огцом мушгиж, машин замын хажуу руу унаж, хэд хэд өнхөрсөн байсан.
 
 
Харин би машинаас 10-аад метр хол шидэгдсэн байдалтай сэрсэн. Хамгаалалтын бүс бүслэх ёстойг мэдэхгүй явж байгаад тэгж хол шидэгдсэн юм билээ. Хэрэв бүс бүсэлж явсан бол машины .хаалгаар шидэгдэж, бэртэхгүй байсан гэж цагдаа хэлсэн.
 
 
Би тэр үед хэсэг зуур ухаан орохдоо өөрийнхөө нэрийг хэлээд буцаад ухаан алдсан. Харин надад эмч нар нойрсуулах тариа хийж, хоёр хоног унтуулсан байна лээ. Хамрын нүхээр ходоод хүртэл гуурс шургуулж, ходоодонд шингэн хоол оруулж намайг хооллож байсан юм билээ.
 
 
Хоёр хөл, ууц нуруу, баруун мөр тэсэхийн аргагүй янгинан өвдсөн. Дөнгөж ухаан орсон болохоор яаж гэмтсэнээ мэдээгүй байтал эмч хаанаас ямар хэргээр ирснийг асууж эхэлсэн. Тэгээд юм ярьж байснаа "Бид танд үнэнийг хэлэх ёстой.
 
 
Та нугасандаа маш хүнд гэмтэл авч аарцаг, хоёр хөл чинь мэдээ алдаж, хэзээ ч босож явж чадахгүй болсон. Та сэтгэлээ чанга барьж, эмчилгээ сайн хийлгээрэй. Тууштай эмчилгээ хийлгэвэл тэргэнцэр дээр суугаад явж чаддаг болж магадгүй. Үнэн байдал ийм л байна" гэж палхийтэл хэлсэн.
 
 
Харин би "Амьдралаа дөнгөж эхлүүлж байгаа 27-хан насандаа харийн нутагт хүний гарт орж, эрэмдэг зэрэмдэг болох ч гэж дээ. Хөл дээрээ босож чадахгүй юм бол амьд сүг болоод яах юм бэ" гэж бодоод өөрийн эрхгүй уйлчихсан. Хувь заяандаа гомдоод бараг нэг сарын турш уйлсан байх шүү.
 
 
Өдөрт хэдэн удаа өвчин намдаах, нойрсуулах үйлчилгээтэй эм өгч, тариа хийнэ. Бушуухан үхье гэж бодоод нойрны эмийг нь нууж хадгалж, хуримтлуулж эхэллээ дээ. Тэгээд "Амьд явах гэж та нарт дараа болоод яах вэ. Миний хүү Амрааг сайн хүн болгож өсгөөрэй.
 
 
Би та нартаа хязгааргүй хайртай байсан шүү. Үүрд баяртай" гэж ээж, ах, дүү нартаа гэрээслэл хүртэл бичиж байсан. Тухайн үед надад өвчин шаналгаагаа даван туулах сэтгэлийн тэнхээ хайрлах гэж тэр эмнэлгийн эмч, сувилагч нар бэртэж гэмтээд эдгэрсэн янз бүрийн хүмүүс авчирч уулзуулж, яриулдаг байсан. Би тэдний яриаг сонсохыг хүсэхгүй түргэн үхэхийн хүслэн болж хэвтдэг байлаа шүү дээ.
 
 
-Тухайн үед асран хамгаалах хүн байхгүй болохоор хэцүү байсан нь мэдээж. Харин энэ үед эмнэлгийн туслалцаа, асрамж гэдэг хэрхэн харагдаж байв?
 
-Тэр эмнэлгийн эмчилгээ, асаргаа сувилгаа гайхалтай сайхан шүү. ёстой л хүний төлөө гэсэн хүнлэг энэрэнгүй сэтгэлтэй хүмүүс намайг асарч, сувилж байсанд одоо болтол баярлаж явдаг. Нуруу, нугас хүнд бэртсэн болохоор миний нуруунд тайлж, өмсөж болдог бат, бэх хантааз өмсүүлсэн нь их түшигтэй байсан.
 
 
Ослын уршгаар бөгсөн бие мэдээгүй болсон учраас өтгөн, шингэнээ гаргаж чадахгүй, түүнийгээ гаргах цагийг ч мэдрэхээ боль-чихсон байсан. Хүний гарт орж өтгөн, шингэнээ ч гаргаж чадахгүй үргэлж хэвтэнэ гэдэг аймшигтай.
 
 
Хэвтээд л байхаар ууц нуруу чилж, хоёр хөл мэдээгүй болсон ч гэсэн мэдрэлийн судлуудынх нь дагуу өдөр шөнөгүй гол тасартал янгинаж өвдөөд нойрны эм уухгүй бол унтахгүй байх үед үнэхээр хэцүү байсан. Ээдээ мөн ч их зовж тарчилсандаа. Ямартаа л хурдхан үхэж зовлонгоос салах гэж нойрны эм нууж хадгалж байх вэ дээ.
 
 
Харин үртэй хүн үхэж чаддаггүй юм билээ. Намайг амиа хорлоод үхчихвэл хүү минь ээжээ санаж бэтгэрнэ. Тахир дутуу болсон ч гэлээ хүүдээ амьд мэнд харагдъя. Өөр зам байхгүй гэж шийдээд нууж хадгалсан нойрны эмээ уулгүй хаясан маань оносон юм. Хүү минь л миний амийг торгоож үлдээсэн юм даа.
 
 
-Эмнэлгээс гараад хэрхэн амьдарч байсан бэ?
 
-Эмнэлгээс гараад очих гэр орон, таних айл байхгүй. Мөнгө төгрөг ч байхгүй гэж үнэнээ хэлсэн. Намайг нэг cap гаруй эмчлээд өвчтэй хүмүүс асарч, эмчилдэг асрамжийн газарт шилжүүлж, АНУ-ын эрүүл мэндийн даатгалд хамруулж өгсөн.
 
 
Асрамжийн газарт шилжиж очсоноос хойш тэндхийн эмч, сувилагч нар надад физик эмчилгээ, тариа хийж, эм өгч өдөр бүр биеийн тамирын дасгал хийлгэх гэж оролддог байсан. Дасгал хийгээд хөл дээрээ босохгүйгээс цааш тэгж биеэ зовоогоод яах юм бэ гэж бодоод эхэндээ цааргалдаг байсан.
 
 
Миний баруун гарт мэс засал хийсэн ч гэсэн чөлөөтэй хөдөлгөж болохгүй байсан болохоор зүүн гараараа баруун гарынхаа бугуйг барьж, хуруундаа халбага, сэрээгээ хавчуулаад хоол иддэгсэн.
 
 
Асрамжийн газарт cap гаран болоход баруун гар бүрэн эдгэрч хуучных шигээ сайхан болсон. Тэнд асруулж байгаа хүмүүс яаж бэртэж гэмтсэн, хэрхэн эдгэрсэн тухайгаа ярьж бие биедээ сэтгэлийн дэм өгдөг. Гэсэн ч би үхэх тухай бодлоо бүр мөсөн хаяж чадахгүй байсан.
 
 
-Тэгвэл яаж амьдрах итгэлээ олж авсан юм бэ?
 
-Надтай адилхан бэртсэн тэргэнцэртэй хүүхнийг асрамжийн газрын нийгмийн ажилтан бүсгүй дагуулж ирж уулзууллаа. Тамми Петерсон гэдэг тэр хүүхэн 14 настайдаа мориноос унаж нуруугаа маш хүнд гэмтээж суунга болсон байсан.
 
 
Өгөөмөр сайхан сэтгэлтэй тэр хүүхэн тэргэнцэр дээр сууж явдаг ч гэсэн сургууль төгсөж багш болоод хөдөөгийн фермерт амьдарч, тосгоныхоо сургуульд багшилдаг. Тэр "Нөхөр маань бас хүнд бэртсэн боловч явж чаддаг, манайх хоёр хүүхэд өргөж аваад эрүүл хүмүүс шиг жаргалтай амьдарч байна.
 
 
Чамд эдгэх боломж байна. Эдгэрэхгүй байх гэж битгий сэтгэлээр уна. Чи гэмтлээ эмчлүүлээд тахир дутуу хүний тэргэнцэр дээр суугаад ойр зуур явах төдийгүй машин бариад давхидаг болно. Ажилд орж машинаараа ажилдаа явна шүү дээ" гэж ярихад хоёр хөлгүй хүн яаж машин барих юм бэ гэж өөрийн эрхгүй асуусан.
 
 
Гэтэл гараараа жолооддог машин байдаг юм байна. Тийм машин барихад хөл огт оролцдоггүй юм гэж хэлэхэд итгэж ядаж байж би лээ. Өгөөмөр сайхан сэтгэлтэй маш тусархуу тэр хүүхэн л надад амьдрах итгэл төрүүлсэн.
 
 
Асрамжийн газарт өөрийгөө яаж арчлахаа мэдэхгүй хэвтэж байхдаа Тамми Петерсоноос катетар тавих арга, усанд яаж орох, мэдээгүй болсон хөлөө хэрхэн арчлахаас эхлээд машинд орж суух, буух зэрэг мөн ч их юм асууж мэдэж авсансан.
 
 
Намайг асрамжийн газарт эмчлүүлж байхад Тамми Петерсон америкчуудаас 2500 ам.долларын хандив цуглуулж өгөөд зогсохгүй хүний машинд сууж яваад авто машины осолд орж бэртсэн гадаадын хүнд ч даатгалаас мөнгө олж өгдөг.
 
 
Би хөөцөлдөж өгье гэж хэлээд уйгагүй хөөцөлдсөөр байж, эрүүл мэндийн даатгалаас 30 мянган ам.доллар олж өгч надад эцсийн амьсгал хураатлаа мартах аргагүй буян үйлдсэн өрөвчхөн нигүүлсэнгүй сэтгэлтэй ачтан байгаа юм.
 
 
Би тэр мөнгөнөөс нь 2001 оны намар машин худалдан авч АНУ-д ирэхдээ зээлсэн өрөө төлөөд, ахдаа "Эксэл" машин авч өгч ээж, дүү нартаа мөнгө явуулж, амьдралд нь бага ч атугай тус дэм болж байлаа.
 
 
Тахир дутуу болж, хүний гарт орж зовж байхдаа америкийн даатгалын газрын энэрэнгүй бодлогын ач буянаар мөнгөтэй, өөрөө унаатай болоод зогсохгүй нутагтаа байгаа хөгшин эх, ах, дүү нартаа илүүчилж байсан гэхэд итгэмээргүй байгаа биз дээ.
 
 
Тамми Петерсоны зөвлөгөө намайг маш их зоригжуулж, асрамжийн газрын хийлгэдэг биеийн тамирын дасгалыг идэвхтэй хийхэд хүргэсэн. Эрүүл хүнтэй адилхан амьдарч болох юм байна гэсэн итгэл төрж, би чинь балчир үрээ нутагт нь орхиод ирсэн хөгшин эхтэй, ах, дүүтэй хүн шүү дээ.
 
 
"Оюунаа минь чи үхэж болохгүй. Яаж өвдөж шаналж байсан ч өөрийгөө захирч, эмчилгээгээ сайн хийлгэж, тэргэнцэр дээр суугаад явдаг бол. Түүгээр ч зогсохгүй машин барьж сураад ажилд орохыг бод. Чи хөлгүй болсон ч англи хэлтэй хүн шүү дээ. Англи хэл чинь чиний хөлийг орлоно. Бүү шантарч бэрхшээ! Чи өөрийгөө ялж, зовлон бэрхшээлийг даван туулж чадна. Чи сэтгэлийн тэнхээтэй байх ёстой" гэж өөрийгөө шахаж шаардаж, зоригжуулан эмчилгээний дасгалаа уйгагүй хийсээр өвчин шаналгаа гайгүй болж, асрамжийн газрын өгсөн тэргэнцрээр эмнэлэг дотроо чөлөөтэй явдаг болсон.
 
 
 
Бэртэж гэмтэж, хүнд өвчинд удаан хугацаагаар шаналсан хүн сэтгэлийн тэнхээтэй байж, өөрийгөө захирч жолоодож чадах юм бол өвчин зовлонгоос салж, эрүүлжиж хүний дайтай амьдарч болдог юм билээ.
 
 
Түүний ачаар өөрийгөө ялан дийлж, амьдралд итгэх итгэлтэй болж, өвчин эмгэг, саад бэрхшээлийг даван туулах сэтгэлийн тэнхээ, хатуужил зоригтой болсон юм. Өөрийгөө ялах шиг дээд зэргийн ялалт байхгүй. Өөрийгөө ялан дийлж чадсан хүн амжилтад хүрдэг юм шүү гэж хүүхдүүддээ захидаг юм.
 
 
-Ингэхэд эмнэлгийн төлбөрийг яаж төлсөн бэ? 
 
-Сохор зоос ч үгүй юм чинь би юугаа өгөх вэ. Америкийн эрүүл мэндийн даатгалын газар төлсөн байна лээ.
 
 
-Чи англи хэл хаана сурсан юм бэ. Орос хэлийг ч гэсэн гаргууд эзэмшиж?
 
-Би Монголд "Дорно дахины хэл"-ний дээд сургуулийн англи хэлний анги төгсөж, хэдэн жил англи хэлний орчуулагчаар ажиллаж, англи хэл дээр хэвлэгдсэн ном маш их уншиж, англи хэл сайн сурсан.
 
 
Харин Орос хэлийг наймдугаар анги төгсөөд Киргизийн нийслэл Фрунзе хотод оёдлын техник мэргэжлийн сургуульд гурван жил суралцахдаа хичээж оролдсоор байгаад сурсан. Дунд сургуульд байхдаа ч бие дааж орос хэл судалж, сургууль дээр явагддаг АСК, үдэшлэгийг орос хэл дээр хөтөлдөг байсан.
 
 
-Тэгвэл сургуулиа төгсөж ирээд оёдолчноор ажилласан уу?
 
-Оёдлын урлан бүтээх төвд хоёр жил шахам ажиллаж, костюм, пиджак сайхан оёдог болсон маань миний амьдралд их хэрэг болсон юм. Англи хэл сурах гэж оюутан болов оо. Аав, ээж хоёр маань намайг бага байхад салчихсан. Ээжийн цалин бага болохоор сургалтын төлбөрт өгөх мөнгө байдаггүй ээ.
 
 
Тэгээд төлбөрөө өгөх мөнгө олохын тулд дэлгүүрээс костюм хийх аятайхан даавуу худалдаж аваад гоё костюм оёж, Унгар, Чех зэрэг хуучин социалист орнуудын хаяг хадаад гадаадын чанартай сайн костюм гэх зэргээр "паналдаад" үнэ хүргэж зардаг байсан. Тэгж л сургалтын төлбөрөө төлсөн дөө.
 
 
-Чамайг сүрхий тамирчин бүсгүй байсан гэж сонссон. Ямар спортоор хичээллэж байсан бэ?
 
-Би сагсан бөмбөг, волейболоор хичээллэдэг. Энэ хоёр спортдоо хачин дуртай пионер сурагчдын тэмцээнд, хот, дүүргийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд сургуулиасаа шалгаран оролцож байлаа.
 
 
Цана, тэшүүрээр ч гулгадаг байлаа. Хөлтэйгээ байсан бол цана, тэшүүрээр гулгах юмсан гэж бодохоор өөрийн эрхгүй нулимс мэлмэрээд ирдэг. Тамирчин хүн тахир дутуу болох шиг гаслан энэ хорвоод байдаггүй байх.
 
 
-Асрамжийн газарт эмчлүүлж байхдаа сагсан бөмбөг тоглодог байсан гэсэн байх аа?
 
-Тийм шүү. Өвчтөнүүд чөлөөт цагаа зугаатай өнгөрөөж өвчин зовлонгоо түр ч атугай мартаг гэж бодсоных биз. Асрамжийн газрынхан маань өвчтөнүүдээр сагс тоглуулна. Тэргэнцэрээр явдаг болсон хөнгөн өвчтөнүүд эмнэлгийн хашаанд нарлангаа тэргэнцэрээ тун чадварлаг залж, сагс тоглож өрсөлдөнө.
 
 
Би ч гэсэн тэднээс дутахгүйг хичээж, гоол хийх тоолонд миний чадварыг магтацгаадаг байж билээ. Тэргэнцэрээрээ залж сагсан бөмбөгийн араас хөөцөлдөж, сагсан бөмбөг тоглодог байсан минь надад амьдрах итгэл улам төрүүлж, бие өдөр хоногоор сайжирч байсан.
 
 
Гэрэлсэн ч ганцаараа хорвоог туулж явна 
 
 
-Яагаад АНУ-д үлдсэн юм бэ. Монголд амьдрах орчин байхгүй гэж үзсэн хэрэг үү?
 
-Хөл дээрээ босож чадахгүй мөнхийн суумгай болсон болохоор яаж энэ улсад үлдэх вэ гэж өдрийн бодол, шөнийн зүүд болж байлаа. Монголдоо очоод надад амьдрах боломж байхгүй. Намайг тахир дутуу гээд ажилд авах газар олдохгүй. Тэргэнцэр дээр суудаг боллоо ч гэсэн түүгээрээ байрнаасаа гараад явах арга ч байхгүй биз дээ.
 
 
Тиймээс Америк улсад үлдэх нь цорын ганц боломж байсан. Гэтэл миний жуулчны визийн хугацаа дуусчихсан болохоор виз сунгаж өгөх эсэхэд их эргэлзсэн. Тиймээс дахиад өнөөх Тамми Петерсоноос асуусан. Харин тэр "Чи маш сайн англи хэлтэй, царайлаг бүсгүй.
 
 
Америк хүнтэй сууж албан ёсоор гэрлэлтээ батлуулбал энд амьдрах эрхийн бичигтэй болж ажилд орно. Ажил хийдэг тэргэнцэртэй хүмүүс маш олон байдаг. Тэргэнцэртэй тахир дутуу хүмүүсийг америкчууд огт гадуурхдаггүй, тэгэхийг хуулиар хориглосон байдаг юм.
 
 
Тахир дутуу хүн ажил хийж, эрүүл хүнээс ялгаагүй амьдарч чаддаг юм. Би хөөцөлдөж чиний визийг сунгуулж өгье" гээд асрамжийн газрынхантай ярьж удаан хугацаагаар эмчлүүлж, асруулах шаардлагатай гэсэн эмнэлгийн магадалгаа гаргуулж, бичиг хийлгэж, миний визийг хоёр удаа зургаан сараар сунгуулж өгсөн.
 
 
Тэгээд би өөрийнхөө веб сайтыг нээж, америк хүнтэй танилцах хүсэлтэй байгаагаа бичлээ. Тэгсэн хэд хоногийн дараа Майкл гэдэг хүнээс "тантай танилцъя" гэсэн шуудан ирсэн. Тэгээд тэр хүнтэй интернэтээр харилцсаар байгаад маш сайн танилцсан.
 
 
Удалгүй асрамжийн газраас тэргэнцрээрээ гарч өөр газар очиж уулздаг болов оо. Гурван хүүхэдтэй авгайгаасаа салсан компьютерын инженер мэргэжилтэй 41 настай өндөр нуруутай, нүдэнд дулаахан сайхан хүн байсан. Тэгээд тэр асрамжийн төвд ойрхон, ойрхон ирж уулздаг боллоо. Тэр хүн надад таалагдсан ч намайг тоох болов уу, яах бол гэж дотроо шаналдаг болсон шүү.
 
 
-Хэзээ шаналсан сэтгэлдээ цэг тавьж, түүнтэй хамт амьдрах болсон бэ?
 
-Бараг хоёр жил шахам асрамжийн газар амьдарсан болохоор тэндээс гараад надад очих гэр орон, орлогын ямар ч эх үүсвэр байхгүй байсан. Тийм болохоор би шууд л үнэнээ хэлчихсэн. "Та надад үнэхээр хайртай болсон юм бол би танай гэрт амьдарч, тантай гэрлэе" гээд сэтгэлээ уудалчихсан.
 
 
Харин Майкл гэрлэх санал тавьсан. Худалдаж аваад удаагүй олон өрөөтэй, хоёр давхар байшиндаа намайг урьсан. Тэгээд нэг хэсэг гэртээ сууж байгаад татварын албанд түр ажилд орсон ч дөрвөн сарын хугацааны түр ажил байсан болохоор өөр ажил хайж эхэлсэн.
 
 
Одоо "Хамлин"-ы их сургуульд ажилладаг болоод арваад жил болжээ. Сургуулийн хамт олон намайг тахир дутуу хүн гэж огт гадуурхахгүй эрүүл саруул хүмүүстэй адилхан хүндэтгэлтэй харилцдаг болохоор баярлаж, ажлаа сайн хийхийг мэрийдэг дээ.
 
 
Нөхөр маань их сайн хүн шиг байснаа, насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татсан хэргээр шоронд орж, бид хоёр салсан юм. Дараа нь өөртэйгээ адилхан хүнд бэртэж тэргэнцэр хэрэглэдэг болсон хүнтэй танилцаж, хааяа уулзаж, ярьж хөөрдөг болсон.
 
 
Тэр найз минь хэдэн жилийн өмнө бэртэл гэмтэл нь сэдэрч хүндрээд таалал төгсчихсөн. Одоо ганцаараа хорвоог туулж байна даа. Хүү маань энэ жил ахлах сургууль төгсөнө. Ноднин дүүгийнхээ охиныг өргөж авсан. Одоо дунд ангид маш сайн сурч, надад түшиг тулгуур болж байна даа.
 
 
Хүү, охин хоёртоо эрдэм сургаж, өндөр мэдлэгтэй, хүнлэг ариухан сэтгэлтэй, тусархуу сайн хүмүүс болгож төлөвшүүлэхийг хичээж явна. Миний хоёр хөл мэдээгүй ч гэсэн мэдрэлийн судлыг нь дагаж хааяа маш хүчтэй өвддөг юм. Гэхдээ тэр зэргийн юмыг тоохоо больсондоо.
 
 
Өвдсөн үед нь эм тангаа уучхаад юу ч болоогүй юм шиг ажилдаа яаран давхидаг. Америкийн гайхамшигтай эмч нар намайг эмчилж, амьдрал бэлэглэсэнд баярлаж, эрхтэн бүтэн эрүүл хүнээс дутуугүй амьдрах гэж зүтгэж явна даа. 
 
 
Уранчимэгийн Бат-Оюун хэмээх ийм нэгэн эмэгтэй сэтгэлийн асар их тэнхээтэй хатан зоригтой юм. Өвгөн зохиолч би бээр тэднийд очиж, бүтэн өдөржин түүнтэй ярилцаж, хатан тэвчээртэй тэр бүсгүйгээр бахархсан юм.
 
 
Тэрбээр 5500 ам.доллараар худалдаж авсан тахир дутуу хүний тэргэнцэр дээрээ сууж хоёр гараараа дугуйг нь эргүүлж, гэр дотроо жирийлгэж, гэрийнхээ ажлыг амжуулчихдаг нэгэн. Бүр гайхалтай хөнгөн шингэн хөдөлгөөнтэй эмэгтэй.
 
 
Байн, байн инээд алдаж ярьдаг, яриа хөөрөө сайтай, хөгжилтэй хөхүүн зантай бүсгүй юм. Гэрээсээ гарч машиндаа суухдаа тэргэнцрийнхээ хоёр дугуйг хоромхон зуур салгаж, суудлыг нь эвхэж, дугуйтай нь цуг арынхаа суудал дээр тавиад давхих юм.
 
 
Машинаас буухдаа тэргэнцэрээ агшин зуур угсарч суудалтайгаа зэрэгцүүлж тавиад шилжээд суучих юм. Гайхалтай сайн сурсан англи хэл нь У.Бат-Оюуны хөлийг орлож, хамт ажилладаг америкчууддаа ихэд тоогдож, бүтэн нэртэй, бүтээлч үйлстэй, ямар ч эрүүл хүнээс дутахгүй сайхан амьдарч байнам.
 
 
Тэрбээр тахир дутуу хүн амьдрахад тохиромжтой хоёр унтлагын өрөөтэй байр худалдан авч тэндээ тохитой амьдардаг юм билээ. Амьд явсан хүн алтан аяганаас ус ууна гэгч энэ буюу. Хүний хувь тавилаан гэж...?!
 
Ярилцсан, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч Сан.Пүрэв АНУ Миннесота муж. Хопкинс хот.