sonin.mn
Улс төрийн 11 нам, Төрийн бус 109 байгууллага, мэргэжлийн байгууллагуудын 26 холбоо, эрдэмтдийн зөвлөл, нам харгалзахгүй эвлэлдэн нэгдсэн олон мянган иргэд хамтран “ШИНЭ ЭВСЭЛ” байгуулж мөрийн хөтөлбөрөө боловсруулан, Үндэсний аудитын газарт хүргүүллээ.
 
 
Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл нам, Бүгд Найрамдах нам, Үнэн ба Зөв нам, Монгол Үндэсний Ардчилсан нам болон бусад дэмжигч намуудаас бүрдэж буй “ШИНЭ ЭВСЭЛ”-ийг төлөөлөх нэгдсэн зөвлөлийн анхдугаар хурлаас УИХ-ын гишүүн, “ШИНЭ” намын дарга Ж.Батзанданг “ШИНЭ ЭВСЭЛ”-ийн даргаар сонгожээ.
Эх оронч үзэл, шударга ёс, үндэсний үнэт зүйлийг “туг”-аа болгосон “ШИНЭ ЭВСЭЛ” нь Монгол Улсыг үсрэнгүй хөгжүүлэх “ШИНЭ ЭРГЭЛТ”-ийн 21 бодлого боловсруулан, олон нийт болон эрдэмтэн, судлаачид, эвсэлд нэгдсэн намуудын гишүүдээс санал авч баталсан байна.
 
 
Энэхүү мөрийн хөтөлбөрийн онцлог нь авлигад идэгдсэн, нөлөөнд автсан хууль хяналтын салбарт их цэвэрлэгээ хийнэ. Авлига, албан тушаалын гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаагүй болгож, түүний хамаарал бүхий этгээдүүдийг төрд ажиллахыг хориглоход чиглэгджээ. Мөн банк, санхүүгийн монополь тогтолцоог задалж, ард иргэдээ санхүү, зээлийн хүүгийн боолчлолоос чөлөөлнө гэсэн байна6 Түүнчлэн өнгөрсөн 30 жилийн турш хуримтлуулсан 30 тэрбум ам.долларын өрийг 3 сая ард түмнээр бус 30 гэр бүл, тэдний хамаарал бүхий этгээдүүдээр төлүүлэх “Өргүй Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгажээ.
 
 
Мөн Үндсэн хуулийн өөрчлөлтийг үргэлжлүүлэн хийж улс төрийн намыг хатуу гишүүнчлэлгүй болгож намчирхал талцлыг зогсооно. Стратегийн орд газруудыг иргэддээ өмчлүүлж, баялгийн хувьсгал хийнэ, экспортыг дэмжсэн “Хөгжлийн хүрд” хөтөлбөрийг хэрэгжүүлэн нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийн салбаруудыг хөгжүүлэн 200 мянган ажлын байр бий болгоно гэх зэрэг маш тодорхой зорилуутыг мөрийн хөтөлбөртөө тусгажээ.
1990 онд Монгол Улс нийгмийн тогтолцоогоо өөрчилсөн хэдий ч МАНАН дэглэмийн тогтоосон татвар, санхүүгийн “боолчлол”-д нэрвэгдэн, шударга бусын хонгилоор шударга иргэдээ хэлмэгдүүлсэн 30 жил байлаа. Энэ завхралд цэг тавьж ирэх 30 жилийг шударга ёс тогтсон, иргэддээ санхүү, эдийн засгийн тэгш боломж олгосон, үндэсний эрх ашгаа дээдэлсэн шинэ Монголыг бүтээхээр “ШИНЭ ЭВСЭЛ” 2020 оны УИХ-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлсэн байна.