sonin.mn
Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурал өнөөдөр Бээжин хотноо нээлтээ хийв. Энэ үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян Засгийн газрын ажлын тайланг танилцуулахдаа : "Ирэх таван жилд Хятадын иргэдийн дундаж наслалтыг ахиад нэг нас нэмэгдүүлж, 78.3 хүргэнэ.
 
Хятад улс хүн амын хөгшрөлийг зохицуулах үндэсний стратегийг идэвхтэй хэрэгжүүлж, ахмад настнууд болон хүүхэд багачуудаар гол болгосон хүн амдаа үйлчлэх систем байгуулж, төрөлтийн төвшнийг зохих хэмжээнд ахиулж, хууль ёсны тэтгэврийн насыг аажмаар сунгах болно" гэжээ. 
 
БНХАУ-ын 2016-2020 оны 13-р таван жилийн төлөвлөгөөний хугацаанд Хятадын иргэдийн хүн тутмын дундаж наслалт 76.3 наснаас 77.3 нас болж, нэг насаар нэмэгдсэн байна. Холбогдох шинжээчдийн хэлж буйгаар 1 тэрбум 400 сая хүн амтай Хятад улсын хувьд нэг нас гэдэг маш их буян хишиг гэж үздэг ажээ.
АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн  (CDC) 2-р сард гаргасан тайлангаас үзвэл, Ковид-19-ээр өвчлөн нас барагчид огцом нэмэгдсэн тул 2020 оны эхний хагаст  Америкчуудын дундаж наслалт нэг жилээр буурч 77.8  болсон гэнэ.
 
Мөн энэ үеэрээ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян:  "2020 онд Хятад улс ажлын байрыг тогтвортой болгох замаар иргэдийн амьжиргаанд бодитой баталгаа хангасан юм. 2020 онд хот суурины 11.86 сая иргэдээ шинээр ажлын байраар хангаж, жилийн сүүлч гэхэд хот суурины ажилгүйдлийн түвшинг 5.2% хүртэл бууруулсан. 2021 онд хот сууринд 11 саяас дээш шинэ ажлын байр нэмэгдүүлж, ажилгүйдлийн түвшинг 5.5% орчим байлгах зорилт тавин ажиллана" гэжээ.
 
Үүнийг бусад томоохон орнуудтай харьцуулья. Жишээ нь : АНУ-ын Хөдөлмөрийн яамны гаргасан мэдээллээс харахад, АНУ дахь хөдөө аж ахуйн бус салбарын ажлын байр 2020 оны 12-р сард 140 мянгаар буурч, ажилгүйдлийн түвшин 6.7% -д хүрсэн бол Европын холбооны статистикийн газрын гаргасан мэдээллээр, 2020 оны 12-р сард Евро бүсийн ажилгүйдлийн түвшин 8.3%-д хүрсэн байна. Японы Дотоод хэрэг, харилцаа холбооны яамнаас гаргасан судалгааны дүнгээс харахад, 2020 оны 12-р сард Японы улирлын тохируулсан бүрэн ажилгүйдлийн түвшин 2.9% байжээ.  Харин Энэтхэгийн эдийн засгийн хяналтын төвөөс гаргасан мэдээллээс үзэхэд  2020 оны 12-р сард Энэтхэгт ажилгүйдлийн түвшин 9.06% болж өссөн байна. Өмнөд Африкийн Статистикийн газраас гаргасан статистик мэдээллээс харахад, Өмнөд Африкийн албан ёсны ажилгүйдлийн түвшин 2020 оны 4-р улиралд 32.5% болж өсчээ.
 
н.Сарантуяа