sonin.mn
“Шаарын өндөр мод” гэх нэгэн сайхан дууны домгийг хайж, эрэн сурвалжлах  явцад нэлээд олон хувилбар байгааг олж мэдсэнээ, олон сонирхолтой мэдээлэл олсноо,  өөрт төрсөн бодлуудаа та бүхэнтэй хуваалцаж байна.
 
Түрүүч нь № 112 (6589)
 
4. “Ховог сайрын” буюу Х.Домаа эмээгийн хувилбар. Монгол телевизийн “Торгууд күүндээн” цуврал нэвтрүүлгийн “Торгууд ардын дуу хуур, уртын дуу” хэсэгт 1933 онд Ховог Сайр нутагт төрсөн, 9 настайдаа Булган суманд нүүж ирсэн, эдүүгээ 88 настай, ерөөлч, бийч, уртын дууч, МУСТА Х.Домаа гуай “Шаарын өндөр мод” дууны домгийг ярьж,  8 бадгийг хэлж өгсөн. Энэ домог дээрхи хувилбарууд нэгэн дуу болохыг гэрчилж, тэдгээрийн холбоо, утга санаа, учир шалтгааныг бүрэн тайлах түлхүүр болж байна. Энэхүү домгийг Х.Домаа гуай өөрийн нагац ах Ховог сайрын Шаливаан гэгээнтнээс сонсож, тогтоож авсан гэдэг. Шаливаан гэгээнтэн болон Он ноён зэрэг түүхэн хүмүүсийн нэр дурьдагдсан “Овоот” хэмээх дуу Шинжаанд байгаа нь “Шаарын өндөр мод”  дуу амьдралын бодит түүхээс үүдэлтэйг гэрчилнэ.
Х.Домаа эмээ Күүндэх нь (хуучлах нь): Энэ дуу манай Ар ховог сайр нутгаас гаралтай дуу. Ховог сайр нутгийн Он ноёны эгч Доржжав гэдэг хүн Харшаар нутгийн Бум гэдэг ноёнтой суужээ. Гурван жил болоод төрхөмдөө айлчлах ёстой байсан боловч явуулалгүй зовоогоод байж. Тэгээд нутгаа санаж энэ дууг зохиож дуулсан юм гэнэ лээ. Одоо тэр үгээр нь дуулахгүй байна. Төөрүүлээд (өөрчлөөд) зохиочихжээ...
 
Тэхлээр ингэж дуулсым байж:
 
“Шаарын шагшинга хулсанд
Шаазгай шувуу шахтнана
Шаардагдаад ирсэн би чинь
(Хар шаарын ноёны хатанд шалгарч ирснийг хэлж байна)
Шаарын Бумд цөлөгдөв
(Цөллөгийн хүн шиг эрх чөлөөгүй болсноо хэлжээ)
Жингийн шар хулсыг          
(Жим сайр гэхийг товчилж хэлж буй бололтой
Жилд нь нэг хадна л
Шийдэгдээд ирсэн би чинь
(Өөрийн хүслээр биш богтлогдож ирснээ хэлж байна)
Жингийн Бумд цөлөгдөв      
Баян цагаан гэдэг чинь
Бариа гэрийн чимэг л
Бараан цоохор адуу нь         
(Битүүгээр гэр орныхоо баримжааг хэлж)
Миний л аавын адуу
Сайрын уулын оройд нь
(Ховог Сайрыг товчилж хэлж байна)
Самрын цэцэг дүрхнэ
(найгах гэдгийг ингэж хэлдэг гэнэ)
Сайд ноёдыг сурахын цагт
Сайнтай муутай байнав гэгийт та
Хүрэн өндрийн оройд
Хүжийн цэцэг дүрхнэ
Хүрэн өндрийн ах нарыг сурахын цагт
Хүндхэн суунав гэгийт та
Хатан уулын оройд
Харганын цэцэг дүрхнэ
Хатан уулын ах нарыг сурахлаар
Хатуухан суунав гэгийт та
Гэндэн уулын оройд
Гишүүний цэцэг дүрхнэ
Гэнэн ах нар сурахын цагт
Гэнээртэй л суунав гэгийт та
(сэтгэлийн шаналгаатай, зовлонтой)
Салбарын уулын оройд
Сайхан цэцэг дүрхнэ л
Салбарын ах нарыг асуухлаар
Салмаар дүнтэй гэгийт та” гэж дуулжээ.
Энэ домгоос “Шаарын өндөр мод” дууны утга санаа маш тодорхой болж байгаа юм. Дээр дурьдагдсан бүх хувилбарууд хоорондоо утгын холбоотой нь ажиглагдна. Ховог сайрын Он ноёны эгч Хар шаарын Бум ноёнд богтлогдон очоод сэигэлийн дарамттай байснаас үүдэлтэй дуу юм байна. Энэ нь манайхны сайн мэдэх “Баячуудыг балаг тойрдоггүй” кинотой сэдэв ойролцоо байна. СУИС-ын багш, МУГЖ Л.Чулуунчимэгийн өгүүлснээр “нутагт нь сэтгэлтэй залуу нь үлдсэн юм гэнэ лээ” гэх боловч одоогоор энэ тухай баримт, мэдээлэл бадаг, мөр олдоогүй байна.
 
5. Монгол хувилбарын тухайд нэмж хэлэх хэдэн үг:
 
Бусад хувилбаруудад байгаа бүх үндсэн санаануудыг агуулсан, дажгүй сайн хураангуй хэлбэр гэж хэлж болохоор байна. Харамсалтай нь ганц нэг үгийг буруу дуудсанаас (дуулснаас) дууны үндсэн санаа гажуудах болсон байна.Үүнд: эхний бадгийн 3-4-р мөрийг
 
Сайрын нутгийн хүүхэн би
Шаарт юундаа суусым бол – гэж дуулах нь зөв гэдэг нь Х.Домаа гуайн ярьсан домгоос ойлгогдож байна. Мөн 2-р бадгийг
Баян цагаан гэдэг чинь
Миний л аавын зуслан шүү – гэх юмуу
Баян цагаан гэрүүд нь
Бариатай (бараатай) л байлгүй яах вэ хө – гэж дуулах нь утга зүйн хувьд зөв байгаа юм. Энэ нь нутгаасаа ирсэн явуулын хүнээр төрөл төрөгсөддөө мэнд дамжуулахдаа аавынхаа гэр, айл хотын байдлыг монгол заншлаар гаднах төрх байдлаар нь тоймлон зааж өгч байгаа хэрэг болохоос биш гэрийн дотрох “баян цагаан” гэх чимэглэл, гоёлын тухай энд хэлэх ямар ч шаардлага утга зүйн үүднээс байхгүй юм. “Баян цагаан” гээд байгаа гэрийн чимэглэл ядаж музейд үзвэр хэлбэрээр байх аваас дээрх хувилбар байж болох үндэслэлтэй болно. Гэвч ийм үзвэрийг ёстой “гэгээн цагаан өдөр гэрэл бариад хайсан ч” олдохгүй юм байх аа гэдэг би л хувьдаа эргэлзэхгүй байна.
Мөн “Зандан ээж” гэдэг хэллэг нь хүний нэр биш, энд зөвхөн хүрэн (зандан) бор царайтай гэдгийг илэрхийлхээс биш монгол хүн ахмад хүнийг тэр тусмаа эх, эцгээ хэзээ ч нэрээр нь хэлдэггүй шүү дээ. Домогт зөвхөн Ховог сайрын болон Хар шаар нутгийн ноёдын болон дууны эзэн Доржжав хатны л нэр дурьдагдаж байгаа. Аав, ээж болон ах, эгч нарын альных ч нэр огт дурьдагдахгүй байна. “Гэрийн чимэг”, “Зандан нэртэй ээж”-ийн тухай хэн нэг нь хэт мэдэмхийрч тайлбар хийсэн нь бодит үнэнээс төөрөгдүүлсэн ташаа мэдээлэл болно. Мөн уг дууг зохиосон М.Пүрэвжал гуайг амьд байх үед, аль 1950-60-аад онд МУАЖ А.Загдсүрэн гуайн дуулж Монголын радиод байсан хувилбарыг дур мэдэн өөрчилж,
“Шаарын өндөр модонд
Шаазгай юунд эс суусым бол
Шаарын нутгийн хүүхэн би
Шартай юунд эс суусым бол” гэж хэт мэдэмхийрч гуйвуулсан нь наад зах нь ёс суртахуунгүй, маш бүдүүлэг алдаа гэдгийг онцолж тэмдэглэмээр байна. Шар гэдэг хүнтэй эс суусандаа харамсаж байгаа биш Шаар нутагт богтлогдож ирсэндээ харамсаж дуулж байгаа нь домгоос илт байна. Ийнхүү ардын дууг санаатай болон санамсаргүйгээр өөрчилж, гуйвуулж, ташаарч дуулж байгааг хэрхэвч үргэлжлүүлж болохгүй гэж үздэг бөгөөд, юу хийж болох талаар тодорхой санал дэвшүүлж байсан боловч хэн ч анзаарахгүй, юу ч хийхгүй байгаа нь нэн харамсалтай.
Бусад дуутай холбогдох нь:
• Сарт халимагийн 2-р  хувилбарын болон Шинжааны Баяртын дуулсан хувилбарын эхний хоёр бадгийн эхний хоёр мөрүүд,  нь монгол ардын “Эхийн ач” дууны эхний  2 бадгийн эхний  мөрүүдтэй ижил байгааг анзаарна уу!
. . . Саглагар саглагар модонд
 
Шаазгай шувуу шагшрана даа хө . . . гэх юмуу
Бөмбөр бөмбөр модонд
Бүргэд шувуу бөөрнө дөө хө . . . гэдэг шүү дээ.
• Харин Сарт халимагийн 1-р хувилбарын 2-3 дугаар бадгууд нь манай Тоорой баньд дууны эхний бадгийг эрхгүй санагдуулдаг.
•  Мөн эдгээр бадгууд нь Урианхайн болон Захчины “Харгай дүнгийн нутаг” дууны бадгуудтай ижил байгаа нь сонин юм.
 
... Аавтайхан хүн
Артай торгоны адил
Аавгүй хүн
Алдуурсан дээсний адил
Ээжтэйхэн хүн
Энтэй торгоны адил
Ээжгүй хүн
Эрчгүй торгоны адил ... (Б.Катуу “Монгол урианхайн аман зохиол, 90-р тал”). (Э.Пүрэвжав, Б.Катуу “Захчин ардын дуу, 254-р тал”).
• Сарт халимагийн 2-р хувилбарын Болон Шинжааны Баяртын хувилбарын эхний 2 бадаг Мянгад ардын “Хөвчийн өндөр мод” дуунд дараахи байдлаар тусгагдсан байна:
 
. . . Шагийн өндөр модонд
Шаазгай юундаа шагширна вэ
Сайхан алаг нүдэнд
Нулимс юундаа тогтоно вэ
Бүгийн өндөр модонд
Бүргэд юундаа шагширна вэ
Бүлтгэр алаг нүдэнд
Нулимс юундаа тогтоно вэ. . .  (Д.Лхам “Мянгад ардын зан үйл, аман зохиол, 132-р тал”).
Энэ 2 бадаг Шинжааны дуучин Баяртын хувилбартай мөн төстэй байна.
 
• Захчин ардын “Гэндэн уулын орой” дуунд (Ш.Сүхбат, Ш.Нарантуяа,  Монгол угсаатны богино дуу, 6-р дэвтэр, 48-р тал):
Гэндэн уулын ораан дээр л
Гэшүүн цэцэг  дэлгэрнээ маань л
Гэнэтхэн ханилаад салнаа гидэг
Гэнээртээ хэцүү хэрэг л маань л
Баруун уулын ораан дээр л
Бажуунаа цэцэг дэлгэрнээ маань л
Багадаа ханилаад салнаа гидэг
Бас л хэцүү гэнээртээм маань л
Зүүн уулын ораан дээр л
Зүйлийн цэцэг дэлгэрнээ маань л
Зүсээн үзээд салнаа гидэг
Зүгээргоа хэцүү хэрэг л маань л
Урд уулын ораан дээр л
Улаан цэцэг дэлгэрнээ маань л
Унаган хайраа өгөөд салдаг нь
Учиргоа кэцүү  гэнээр л маань л... гэх мэтчилэн дуулж байгаа нь Х.Домаа гуайн ярьсан Ховог сайрын 14 сумын нутгийг дурсан дуулсан гэдэгтэй холбоотой байж магадгүй юм.
 
• Мянгад ардын “Суян дэлтэй хээр” дууны 2 бадаг Сарт халимаг-1 хувилбарын 2-3-р бадагтай төстэй байгаа бол сүүлийн бадаг нь:
Төрөлтэйхэн хүн
Төрийн түшмэл адил
Төрөлгүйхэн хүн
Төөрсөн янзага адил . . . гэжээ. (Д.Лхам. “Мянгад ардын зан үйл, аман зохиол. 172-р тал”)
 
PS:
 
- Сарт Халимагийн Магрифа эмгэн “Шаарын өндөр мод” дууг дайнд явсан хүний тухай дуу гэж ярьсан нь бодит байдлаас зөрж байгаа бөгөөд энэ нь түүхийн урт хугацаанд тухайн нутаг оронд энэ дууны үнэн домог бүдгэрч, эндүүрэгдэх болсонтой холбоотой мэт санагдна.
- Халимаг улсын ардын жүжигчин Лиджиева Улан Барбаевна “Шаарын өндөр мод” дууг дуулдаг байсан гэх аман яриа байх боловч одоогоор үүнийг нотлох баримт олдоогүй байна. Миний баримжаалж буйгаар энэ дуу нь Ижил мөрнөөс ойрадууд 1771 онд буцаж ирснээс хойш, Сарт Халимагууд 1880 онд Киргизэд очиж суурьшихаас өмнө зохиогдсон байх учир Халимагт түгсэн байх магадлал (мэдээллийн хэрэгсэл хөгжөөгүй, шууд харилцаа бага байсан учир) маш бага байгаа юм.
- Өөр өөр улс оронд, өөр өөр нутаг газарт, өөр өөр үндэстэн ястнуудын дуунд “Шаарын өндөр мод” дууны мөр, бадгууд олноор тусгагдсан байгаа нь үнэхээр гайхалтай.
- Мөн монгол хэлтэн ард түмнүүдийн соёл, ёс заншил нэгдмэл шинжтэйг гэрчилж байна.
- Хүний нутагт бэр болж очсон залуу бүсгүйчүүдийн зовлон хаа газар ижилхэн байдаг болохоор, амьдралын үнэнийг өгүүлсний учир энэ дуу ийнхүү олон газар тархсан биз.
- Бага зэргийн ялгаатай боловч үндсэндээ нэг аяар дуулагддаг, 13 өөр нэртэй, нийт 69 бадаг дуу олдлоо. Эдгээрийн ижил бадгууд болон төстэй утгатай бадгуудыг нэгтгэн, давхардсан бадгуудыг хасч үзэхэд 22 бадаг дуу үлдэж байна.
- Монгол ардын 5 өөр дуунд ямар нэгэн мөр болон бадгууд давтагдаж байна.
- Монгол, Хятад, Киргиз зэрэг өргөн уудам нутгийг хамарсан орон зайд дуулагдаж байгаа нь Ховдын БИС-ийн профессор Мөнгөнхүүгийн Ганболд “Дэлхийд хаана монголчууд байна тэнд дуулагдаж байдаг дуу” гэж нэгэнтээ тодорхойлон хэлсэн нь үнэн болохыг гэрчилж байна.
 
“Шаарын өндөр мод” дууны домгоос үүдсэн зарим дүгнэлтүүд
 
1. Бодит амьдралаас сэдэвлэсэн дуу:
Шинжааны Ховог сайр нутгаас Хар шаарын ноёнд хатан болж очсон бүсгүйн сэтгэлийн зовлонгоос үүдэлтэй дуу болохыг өмнө нь өгүүлсэн. Домогт дурьдагдсан зарим хүмүүс түүхэн хүмүүс, газар нутаг нь бодитой болохыг өөр нэг баримт гэрчилж байна. Ж.Төмөрхуяг, А.Шагдарсүрэн нарын “Баруун монгол ардын дуу хөгжим номын” 129-р талд “Овоот нэртэй” нэгэн дуу бий.
 
Овоот гэдэг энэ нутаг
Орондгүй (хаа ч үгүй) сайхан шинжтэй гэнэ
Омогтой нутаг Ховогын торгууд
Он ноён толгойлогчтой гэнэ
Сайрын уул гэдэг нутаг
Саруул тэгш зуслантай гэнэ
Сайхан нутаг ховогийн торгууд
Шаливаан гэгээн Богдтой гэнэ
Баян өндөр гэдэг нутаг
“Байх” газар гэсэн гэнэ
Бахтай нутаг Ховогийн торгууд
Балжид гэдэг тайжтай гэнэ
Хатан уул гэдэг нутаг
Хамаг малын “байр” гэнэ
Хайртай нутаг Ховогийн торгууд
Хан ноён толгойлогчтой гэнэ
Борхад гэдэг энэ нутаг
Бургасан модоор элбэг гэнэ
Буянтай нутаг Ховогийн торгууд
Бумба гэдэг тайжтай гэнэ
“Овоот” гэдэг нутаг нь Ховогийн торгуудуудын язгууртнуудын амьдардаг “төв” нутаг нь юм байна. Энэ дуу тухайн үедээ нутгийнхны нэг ёсны сүлд дуу нь байсан бололтой. Энэ дууны шүлэглэлийг ажиглахад манай Булган сумын торгуудуудын дуулах дуртай “Нутгаа магтъя” дууны хэмнэлийг эрхгүй санагдуулна. Ойлгоход дөхөмтэйг бодолцож “байх”, ”байр” гэсэн үгнүүдийг хашилтанд хийн тодотгож “газар” гэснийг “нутаг” гэдэг үгээр утгыг алдагдуулахгүйгээр солив. Эдгээр дуунуудаас болон “Шаарын өндөр мод” дууны нутгийн ах дүү нарт мэнд дамжуулж буй хэсгээс харахад торгуудууд, тэр дотроо Ховогийн торгуудууд нутаг усаа дээдлэн шүтэж амьдардгийг бэлхнээ ойлгож болохоор байна. Дээхнэ үедээ ихэс дээдэс, сурвалжитнууддаа хүндэтгэлтэй ханддаг байсныг ч ойлгоход төвөгтэй биш байна. Сайрын уул, Хатан уул, Он ноён зэрэг нь “Шаарын өндөр мод” дуунд мөн дуулагддаг нь уг дуу бодит амьдралаас сэдэвлэснийг гэрчилнэ. Шаливаан гэгээнтэн гэдэг хүн бол дууны домгийг түүхчлэн өгүүлсэн Х.Домаа гуайн нагац ах бөгөөд энэ л гэгээнтнээс уг домгийг сонссон гэдэг.
 
2. Дуу зохиогдсон цаг хугацааны тухайд:
 
Торгуудын их нүүдлийн дараа 1771 онд Манж Чингийн хаан торгуудын Уваш хаанаар удирдуулсан тэдний албатуудыг Тэнгэр уулын зүүн урд нутагт суулгаснаас Ханы буюу Харшаарын торгууд, Уваш хааны дүү ван цолтнуудаар удирдуулсан албатуудыг Алтайн өвөр хэсэгт суулгаснаас Ховог сайрын буюу Вангийн гэх торгуудууд үүссэн нь түүхийн үнэн юм. Нөгөө нэг түүхийн үнэн бол 1880 онд Зүүн гарын нутгаас хэсэг ойрад үндэстэн нүүж, Киргизийн Иссык куль нуурын эрэгт очиж суурьшсан нь өнөөгийн Сарт халимагууд юм.
Өнөөгийнх шиг интернет байтугай радиогийн сураг байгаагүй үед нүүсэн Сарт халимагууд  “Шаарын өндөр мод” дууны 2 ч хувилбарыг дуулж байгаа нь энэ дуу тэднийг нүүж очихооос өмнө зохиогдсоныг гэрчилнэ. Иймд энэ дуу 1771-1880 оны хооронд зохиогджээ гэсэн дүгнэлтийг хийж болохоор байгаа юм. Аль 13-р зуунд дундад Азид очсон хазар монголчууд энэ дууг дуулж байх ямар ч үндэслэл байхгүй юм. Шинжааны түүхийг газар дээр нь очиж судалж үзэх аваас Он ноён, Бум ноён нарын амьдарч байсан үеийг тодруулж болох бөгөөд үүгээр бармжаалж дуу зохиогдсон хугацааг нарийсган тодорхойлж болох байх.
 
3. Дуунд дурьдагдах нутаг усны тухайд:
 
Х.Домаа гуай ярихдаа, Доржжав хатан Ховог сайрын бүх 14 сумын тухай дуулж явсан гэдэг. Ямар ч байсан өөрийнх нь хэлж өгсөн домгийн хэсэгт Ховог сайрын нэр бүхий Сайрын уул, Хүрэн өндөр, Хатан уул, Гэндэн уул, Салбарын уул гэх 5 газар дурьдагддаг. Дахиад ч дурьдагдаагүй 9 газрын тухай бадгууд гараад ирэхэд гайхах юмгүй. Харин захчин ардын гэх “Гэндэн уулын орой” гэх дуунд Баруун, Зүүн, Урд уулын тухай дуулагдаж байгаа нь “Шаарын өндөр мод” дуунаас санаа авч, дуу зохиох авъяасаараа алдартай захчин түмний сүүлд зохиосон дуу байж болох талтай ч Гэндэн уул нь Ховог сайрт өөрөөр хэлбэл торгуудын нутагт оршдог тул энэ дуу ч гэсэн торгууд дуу байлтай.
 
“Шаарын өндөр модонд
Шаазгай юунд суусым бол”. . . гэх юмуу
“Шаарын шагшинга хулсанд
Шаазгай шувуу шагтна
Шаардагдаад ирсэн би чинь
Шаарын Бумд цөлөгдөв” . . . гэхэд дурьдагдаж буй “Шаар” гэдэг нь Доржжав хатны бэрд очсон Хар шаар нутгийг хэлж байгаа нь тодорхой юм. Харин 1-р бадгийн
Шаарын нутгийн хүүхэн би
Шартай юунд суусым бэ гэдгийг
Сайрын нутгийн хүүхэн би
Шаарт юунд суусым бол . . . дуулах нь зөв гэдэг нь дууныхаа домгийг соссон хэн бүхэнд ойлгомжтой юм. Сайр нутаг гэж хүүхний унаган нутаг болох Ховог сайрыг хэлж байна. Ийнхүү ойролцоо дуудлагатай “Шаар”, “Сайр” гэх хоёр үгийг буруу дуудаж, дуулснаас дууны утга алдагдаж, гажуудаж байсан байна.
 
4. Дууны эзэн, зохиогч Доржжав хатны тухайд
 
Гурван жил эцэг эхтэйгээ уулзахгүй байна гэдэг жирийн хүний хувьд тийм ч давж даашгүй асуудал биш байлтай. Алигэрмаагийн домогт хайртай хүн нь 13 жил цэргийн албанд явсан тухай дуулагддаг байх аа. Цэргийн албанд хугацаагүй татагдаж байсан тухай түүх домог бишгүй дээ л нэг бий шүү дээ. Манай залуучууд саяхан хүртэл 3 жилийн цэргийн албыг дажгүй л хаацгааж байсан шүү дээ.
Гэвч Дожжав хатны хувьд 3 жилийн хугацаа гэдэг амаргүй асуудал байжээ. Юуны өмнө тэр хүн бол ноёны эгч, сурвалжит бүсгүй хүн. Ноёны охин эрх дураараа биш гэхэд өөрийн зөн, тааваараа л амьдарч байсан нь  мэдээж. Дээр нь монголчууд охин хүүхдээ голомтон дээр нь эрхлүүлдэг бичигдээгүй уламжлалтай. Тиймээс нутаг орноосоо анх холдож, танихгүй хүмүүсийн дунд 3 жилийг өнгөрөөнө гэдэг түүний хувьд тэсвэрлэхүйеэ хүнд асуудал болсон биз. Ноёны өргөөнд дутагдахгүй юмгүй байсан нь мэдээж боловч хайрт хүмүүстэйгээ уулзах эрх чөлөөгүй байна гэдэг сэтгэлийн асар их дарамт болж байжээ.
 
Аавынхаа гэрт байхдаа
Артай торго өмсдөг сөн
Айлын нутагт ирээд
Арьсан дээл оёлоо би
Ээжийнхээ дэргэд байхдаа би
Эрээтэй торго өмсдөг сөн
Эдний нутагт ирээд
Элдсэн нэхий өмслөө би . . . гэх мэтээр дуулдаг нь (зарим хувилбарт алдарсан дээс боллоо, адсага нэхий элдлээ, аргас хоргос хормойллоо гэсэн нь ч бий) бодит байдлыг хэтрүүлсэн уран сайханы арга гэж үзүүштэй. Гол нь эд хөрөнгөний асуудал биш сэтгэл санааны дарамт гэдэг нь ойлгомжтой. Ёстой л нөгөө “Учиртай 3 толгой”-д:
 
Агаарт дураараа нисэгч
Ангир шувууны дэгдээхэйг
Алтан торонд суулгавч
Амарч ердөө чадахгүй . . . гэдэг л болсон хэрэг.
Сурвалжит гэрээс гаралтай охиныг ёс заншлаа зөрчин хугацаанд нь төрхөмлүүлэхгүй байна гэдэг ар гэрийнхнийх  нь хувьд тэсвэрлэж боломгүй доромжлол ч байсан байж магад. Ийм хүнд нөхцөлд л хүний оюун ухаанд хэдэн зуунаар ч дуулагдах гайхамшигт бүтээл төрж болох юм гэдгийг энэ дуу харуулж байна. Доржжав хатан ийм  чадвартай авъяаслаг бүсгүй байсан байна.
 
5. “Хан хүү” Бум ноёны тухайд:
 
“Учиртай 3 толгой”-ын Балган ноёны хувьд бусдын эхнэрийг нөхөр нь эзгүй хойгуур нийгмийн давуу эрхээ ашиглан өөрийн болгох гэсэн, өнөөгийн хэллэгээр “албан тушаалаа хэтрүүлэн ашигласан” гэж үзэж болохоор хэрэг бол, Бум ноёны хувьд арай өөр “гэр бүлийн хүчирхийллийн” гэхээр хэрэг болж таарч байна. (Эхнээрээ ёс заншлын дагуу хугацаанд нь төрхөмлүүлээгүй нь өнөөгийнхөөр бол “зөрчлийн тухай хуулиар” шийдэгдэх асуудал байх. Харин сарт халимагийн Магрифа эмээгийн хувилбарт:
 
Хөх торгон хөнжилөм (хөнжил минь)
Хөвөөсөөрөө ударваа (ханзарваа)
Хөөрхий миний минчирмэг  (хөөрхөнөө гэдэгтэй дүйнэ)
Хамаагаа яваад хэдэрвээ (хаагуур яваад алдарваа)
Хар торгон хөнжилөм
Хаваасаараа ханзарваа
Харин минии минчирмэг
Хамаагаа яваад алдарваа . . . гэж дуулж байгаагаас үзэхэд Бум ноён найр наадам хэсдэг үү, наадам зугаа эргүүлдэг үү, ямар ч байсан удаан хугацаагаар гэрээсээ алга болдог ёс суртахууны доголдолтой “нөхөр” байсан бололтой.
 
6. Доржав хатны дүү Он ноёны тухайд:
 
Энэ дуунд хамааралтай бас нэгэн “далд ноётон” бол яах аргагүй Доржжав хатны дүү, Ховог сайрын ОН ноён юч. “Овоот” гэдэг дуунд:
Орондгүй (хаа ч үгүй) нутаг Ховогийн торгууд
Он ноён толгойлогчтой гэнэ . . . гэж албатууд нь ноёноороо бахархан дуулсан байх юм. Гэтэл Бум ноён эгчийг нь төрхөмлүүлэхгүй “салмаар дүнтэй” болтол нь дарамтанд байлгаж байгааг нь “явуутын хүнээс” сонссон Он ноён хүргэн ах нь 30-40 тэмээ бэлэгтэй ирээд байхад ч уучлалгүйгээр тэр үеийн заншил, язгууртнуудын ёс журмыг зөрчин байж эгчийгээ салган авч үлдэснээс үзэхэд үнэхээрийн “Омогтой эр Ховогийн торгууд” байсан бололтой.
 
7. Хэл дамжуулагчийн тухайд:
 
Домгийн  үйл явдлын нэгэн гол бөгөөд “далд дүр” бол нутгаас яваа явуутын ганц хүн юмуу (ганц биш) олон тооны “гийчид” юм. Хундага өргөх үедээ “та нарынхаа” гэж байхыг бодоход олон гийчин, зочидод хандаж байгаа мэт боловч, ах дүү болон нутгийнхандаа мэнд дамжуулахдаа “гэгийт та” гэж байгаагаас үзэхэд ганц хүн мэт санагдна. Энэ хүний (хүмүүсийн) үүрэг “Учиртай 3-ын” худалдаачны дүрийг эрхгүй санагдуулна. Х.Домаа гуайн ярьж байгаагаар “Ховог сайраас Хар Шаар нутагт очсон цагаач-барлаг хүн Доржжав хатны нутаг орноо санан гуниглан дуулахыг сонсоод дүү Он ноёнд энэ тухай дуулгаж гэнэ” гэх. Ямар ч байсан энэ дүр ганц хүн байсан уу, ганц биш хэд хэдэн хүн байсан уу гэдэг асуудалд цэг тавихад эрт байна.
 
Манай зарим нэг түүвэр, эмхэтгэлд “Шаарын өндөр мод” дууны түгээмэл дуулагддаг 4  бадгаас гадна бас нэгэн бадаг хэвлэгдсэн байдаг:
. . . Харья гэсэн хаалга (зам) нь
Хайртай дагинын хаалга л
Үүдээр нь яаж өнгөрхөө би
Ухаандаа тунгааж суунаа л . . .
“Хайртай дагина” гэснээс хөөж үзвэл дуулж байгаа хүн нь Доржжав хатны албат буюу Х.Домаа эмээгийн ярьсан “цагаач-барлаг” байж болох юм. Өөрөөр хэлбэл Он ноёнд эгчийнх нь тухай хэл дуулгасан хүн. Ийм утгаар дууныхаа найруулгад энэ бадгийг орууллаа.
 
8. Дууны олон бадаг хувилбаруудын тухайд:
 
Зохиомжилсон эвлүүлэгт орсон бадгуудыг Доржжав хатны өөрийнх нь зохиосон бадгууд байх гэж дүгнэхэд нэг их хэлсдэхгүй байх.  Харин зохиомжид оруулаагүй орхигдсон 40 гаруй бадаг бол “Шаарын өндөр мод” дууны нөлөөгөөр тухайн үед газар газар зохиогдсон “баяжуулсан” хувилбарууд гэж үзэж болохоор байна. Эдгээр дуунуудаас үзэхэд “Шаарын өндөр мод” нь өнөөгийн бидний ярьдаг ”хит”-ээс ч илүү алдартай байсан бололтой. Ж: Төрөл төрөгсдийгөө бараг бүгдийг нь үндсэн дуунд дурьдчихаад байхад Захчин ардын “Харгай дүнгийн нутаг”, “Талын 3 дэвсэг” дуунуудад:
 
“Дүүтэй күмүн
Дүүрэн сарны адил
Дүүгүй күмүн
Дүүгүүрийн чулуу адил” гэх юмуу Мянгад ардын “Суян дэлтэй хээр” дуунд
“Төрөлтэй хүмүүн
Төрийн түшмэл адил
Төрөлгүй хүмүүн
Төөрсөн янзага адил” гэж байгаагаас харахад эдгээр бадгууд сүүлд зохиогдсон гэдэг илт байна.
Мөн хундага өргөх дууны хувилбарууд олон байгааг Ш.Сүхбат, Ш.Нарантуяа нарын “Монгол угсаатны богино дуу-6” түүврийн 645-р талд байх “Хөх борын тарганд” дуунаас үзэж болно:
 
. .  Буурал морины тарганд
Болдог та нарын сэтгэлд
Булгилаж байгаа зүрхийгээ
Бозын архиараа даруулсу
Саарал морины тарганд
Сайхан та нарын сэтгэлд
Санаж байсан зүрхийгээ
Саалийн архиараа даруулсу
Догшин борын тарганд
Дотно та нарын сэтгэлд
Догдолж байгаа зүрхийгээ
Домботой архиараа даруулсу – гэх мэт.
Бэрд очоод түүний “нийгмийн байдал” хэрхэн дордосныг бараг хувилбар бүрд өөр өөрөөр тусгасан байгаа. Ш.Сүхбат, Ш.Нарантуяа нарын “Монгол угсаатны богино дуу-6” түүврийн 626-р талаас Шинжааны Алтай аймгийн хорчин үндэстнүүд “Аавынхаа гэр байхдаа” дууг дараахи маягаар ондоошуулж дуулцгаадгыг харж болох юм:
 
Аавынхаа гэрт байхдаа
Аргай торго өмслөө би
Ар хорчинд ирээд
Аргас хоргос хормойллоо би
Ээжийнхээ гэрт байхдаа
Эрээтэй трго өмслөө би
Эндэх хорчинд ирээд
Илжигний арьс элдлээ би
Аав минь сурхула
Зовж байна гээрэй
Энгийн улс сурвал
Жаргаж байна гээрэй
Ээж минь сурвал
Зовж байна гээрэй
Энгийн улс сурвал
Жаргаж байна гээрэй   . . . гэх мэтчилэн үндсэн агуулгыг хадгалан өөр өөрийн нутгийн онцлогийг тусган дуулдаг юм байна.
 
- Нийт олдсон бадгуудыг утгаар нь нэгтгэн үзэж ангилахад:
- Нутгаа санан, уйтгарлаж дуулсан 3 бадаг,
- Нутгийн гийчдийн дуулсан 1 бадаг,
- Нутгийн гийчдэд зориулж дуулсан 3 бадаг,
- Нөхөртөө тунирхаж дуулсан дуу  6 бадаг,
- Нутгийн гийчнээр гэрийнхэндээ дамжуулж  буй аман захидал  3 бадаг,
- Нутгийн ах дүү нарт дамжуулж буй аман захидал 5 бадаг,
- Нутагтаа ирээд дуулсан 1 бадаг, нийт 22 бадаг дуу болж байгаа юм.
Доржжав хатан гэх нэг эзэнтэй, ижил аятай, эдгээр дууг нэгдсэн нэг утгын дор зангидаж, домогт дуу эвлүүлэн найруулж зохиомжилсныг сонирхож үзээрэй.  Зарим тохиолдолд домогт хэлэгдсэн дууны мөрүүдийн утгыг нь хадгалан, аянд нь тохируулан богиносгосноос өөрөөр ямар нэгэн өөрчлөлт хийгээгүй болно.
 
 
 
Ардын дуу сонирхон судлагч Б.АЛТАНХУЯГ
ЭХ СУРВАЛЖ "ЗУУНЫ МЭДЭЭ"