sonin.mn
ЛЮБЛЯНА. /Xinhua/. Ням гарагт Словенийн сонгогчид бие даан нэр дэвшигч Наташа Пирц Мусарыг улсынхаа анхны эмэгтэй ерөнхийлөгчөөр сонгожээ.
Н.Мусар одоогийн Ерөнхийлөгч Борут Пахорын бүрэн эрхийн хугацаа дуусах үед буюу ирэх 12 дугаар сарын 23-ны өдөр тангараг өргөнө.
 
 
 
Саналын хуудасны 98 хувийг тоолсны дараах байдлаарх урьдчилсан дүнгээр, Н.Мусар 54 хувийн санал авсан бол түүний өрсөлдөгч, Гадаад хэргийн сайд асан, сөрөг хүчний Словенийн Ардчилсан намын гишүүн Анзе Логар 46 хувийн санал авчээ.
 
 
 
Өнгөрсөн сард явуулсан ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны санал хураалтаар А.Логар долоон нэр дэвшигчээс хамгийн олон санал авсан бол Н.Мусар хоёрдугаарт бичигджээ. Ингэснээр хоёр нэр дэвшигч дараагийн шатны санал хураалтад шигшигдэн үлдсэн байна.
Өдгөө 54 настай Н.Мусар нь өмгөөлөгч, сэтгүүлч бөгөөд улсын мэдээллийн комиссарын алба хашиж байжээ. Тэрбээр сонгуульд бие даан нэр дэвшигчийн хувиар өрсөлдсөн ч хоёрдугаар шатанд түүнийг Ерөнхий сайд Роберт Голобын зүүний төвч үзэлт “Эрх чөлөөний хөдөлгөөн” болон түүний эвслийн түншүүдийн нэг “Социал Демократ” нам дэмжжээ.
Словенийн ерөнхийлөгчийн гүйцэтгэх үүрэг нь ерөнхийдөө бэлгэдлийн шинж чанартай хэдий ч Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн албыг хашдаг бөгөөд олон өндөр албан тушаалтныг нэр дэвшүүлэх эрхтэй. Ийнхүү нэр дэвшүүлсэн хүмүүсийн ихэнхийг парламент баталдаг. 
 
Э.Хулан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг