sonin.mn
Л.Түдэв гуайн тухай бичнэ гэдэг мөсөн уулыг үзэгний үзүүрээр хэлтлэхтэй адил юм. Үзэгний үзүүр байтугай лоом, царилаар ухаж төнхөөд ч хөлгүй далайн дундах мөсөн уулыг хэдийхэн эмтэлж элээх билээ дээ. Яг түүн шиг Лодонгийн Түдэв хэмээх их хүмүүний амьдрал, уран бүтээл, үйл хэргийн талаар ганц бичвэр төдийд багтаах аргагүй. Тиймээс энд зөвхөн МХЗЭ-ийн эрдэм чадал, ид хавтай удирдагч, гал цогтой, гайхамшигтай дайчин манлайлагч Л.Түдэвийн тухай цухас төдийхөн өгүүлэхийг хичээх болно. Ийн зорьсны учир нь энэ жил Монголын залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож буй юм. Бошгыг халах залуучуудын эвлэл нэртэйгээр анх мэндэлж, Монголын хувьсгалт залуучуудын эвлэл хэмээн нэрийдсээр 1990-ээд онтой золгож, улмаар Монголын залуучуудын холбоо болж өнөөг хүрсэн энэ байгууллагын түүхэнд Лодонгийн Түдэв эрхэм бээр хүндтэй байр суурь эзлэх сааршгүй гавьяатай нэгэн билээ. Нэг үгээр хэлбэл Монголын залуучуудын нэгэн үеийг удирдан манлайлж, урагш түүчээлсэн их үйлсийг нэрт эрдэмтэн, зохиолч, соён гэгээрүүлэгч энэ их хүмүүнгүйгээр төсөөлөх боломжгүй юм.
 
ЭВЛЭЛИЙН ЖОЛООГ СОР СЭХЭЭТЭНДЭЭ АТГУУЛАВ
 
Нэгэн үе гэдэг нь 1975-1984 он. Энэ хугацаанд Л.Түдэв гуай МХЗЭ-ийн нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллажээ. Улс орны хөгжил ид эрчээ авсан энэ он жилүүдийг “Түдэвийн арван” хэмээн нэрлэхэд хэтийдсэн болохгүй. Хөгжлийн тэр эрч хүчний гол зүтгүүр нь залуучууд байж, залуучуудыг нэгтгэн зангидаж, оройлон манлайлах байгууллага нь МХЗЭ болж байсан дал, наяад оны тэр зурвас үед Л.Түдэв даргын эрдэм мэдлэг, дадлага туршлага, авьяас билэг, удирдан зохион байгуулах чадвар нь бүх талаар тэгширчээ. МХЗЭ-ийг 1960-аас 1970-аад онд удирдаж байсан Пүрэвжав даргын дараа хамгийн олон жил тус байгууллагыг тэргүүлсэн хүн бол Л.Түдэв гуай юм. Пүрэвжав дарга МХЗЭ-ийн нэрэмжит анхны шагналыг тухайн үед оюуны цараа хийгээд эрдэм чадлаараа толгой цохиж явсан сор сэхээтэн Л.Түдэвт олгосон нь ч тохиолдлын хэрэг биш бизээ. 1970-аад онд манай орны нийгэм, эдийн засаг, соёл, урлаг, эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуй гээд бүхий л салбарт хөгжил, дэвшил гарсан нь залуучуудын байгууллагатай шууд холбоотой. Аливаа нийгмийн гол хөдөлгөгч хүч нь залуучууд байдаг билээ. Тиймээс МХЗЭ тухайн үедээ маш том айл байв. Улс орныг удирдан залдаг дөрвөн гол төв байгууллагын нэг нь гэхээр ямар хэмжээ, цараатай байсан нь ойлгогдоно.
 
 
 
Орон даяар бүх аймаг, сум, албан байгууллага, улс ардын аж ахуйн болон соёл, урлаг, боловсрол, эрүүл мэндийн салбарт залуусыг хамарсан бүтэц, сүлжээтэй, 10 гаруй мянган анхан шатны байгууллагатай, хүчирхэг том байгууллагыг удирдах хүндтэй үүрэг эрдэмтэн, зохиолч Л.Түдэвт ногджээ. Улс орон хөгжихийн хэрээр залуучуудын оюун санааны хөгжил, эрэлт хэрэгцээ өндөр болж, залуучуудын байгууллагын гүйцэтгэх үүрэг нэмэгдэж байв.
 
 
 
 
Залуучуудын байгууллагад оюуны өндөр чадавхитай, авьяас чадвартай, эрч хүчтэй удирдагч хэрэгтэй болсон нь мэдээж. 1921 оноос хойших түүхийг харахад залуучуудын байгууллагынхаа хувь заяаг тухайн цагтаа нийгмийн хөгжлийг түүчээлэгч бичиг, соёлын том зүтгэлтнүүдэд даатгаж байсан нь анхных биш юм. 1922 оны долдугаар сард хувьсгалт Монголын залуучуудын эвлэлийн Төв хороог байгуулахад орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг С.Буяннэмэх анхны даргаар нь сонгогдож байсан аж. Их зохиолч Дашдоржийн Нацагдорж пионерийн байгууллагыг үндэслэлцэж, хөдөөгийн уул талаар соёлын үрийг тарьж явсан түүх ч бий.
 
ЗАНГАРАГ, ЦАРААТАЙ УДИРДАГЧ
 
Л.Түдэв даргын үед МХЗЭ эвлэлийн насны нийт залуучуудын 80 хувийг эгнээндээ нэгтгэж, гишүүдийнхээ тоог 251 мянгад хүргэсэн нь түүхэнд байгаагүй дээд амжилт байв. Хүн амын тоо хоёр саяд хүрээгүй байсан 1970, 1980-аад оны эхэн үед 251 мянга гэдэг маш том тоо. Бас асар том хүч. Тэр хүчийг хэрхэн залуурдах нь МХЗЭ-ийн жолоог атгаж суугаа хүний авьяас, ухаанаас шалтгаална. Л.Түдэв дарга залуучуудын эвлэлийн жолоог атгаад гарамгай удирдагч гэдгээ харуулж чадсан юм. 
Тухайн үед манай улс ЗХУ болон ЭЗХТЗ-ийн орнуудын тусламжтайгаар бүтээн байгуулалт өрнүүлж, социалист орнуудтай өргөн хэмжээнд харилцаж байв. Орчин үеийн хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн орон болгох зорилт дэвшүүлж, боловсрол, эрүүл мэндийн салбарт асар их ахиц дэвшил гарч, ард түмний ахуй амьдрал дээшилж, хүн амын тоо урьд өмнө байгаагүйгээр хурдтай өсөж байлаа. Хүн амын 70 хувийг 30 хүртэлх насны залуучууд эзлэх болсон энэ үед мэдлэг боловсролтой цоо шинэ үе өсөж бойжин, амьдралд хөл тавьж эхэлжээ.
МХЗЭ-ийн Төв хорооны дарга нь МАХН-ын Төв хорооны гишүүн, АИХ-ын Тэргүүлэгчийн албан тушаалтай байсан гэхээр эвлэлийн байгууллагын зангараг том, цараа өргөн, эрх мэдэлтэй, нөлөөтэй байв. 20 гаруй улс, олон нийтийн байгууллагад залуучуудын төлөөлөл сонгогддог, мөн ихэнх аймаг, хотын намын хорооны товчооны гишүүд нь залуучууд. Залуучуудын байгууллага нам, төр, улс орны хэмжээнд дэвшүүлсэн нийгэм, эдийн засгийн гол зорилтуудыг хэрэгжүүлэх, ажлын ихийг нугалж, ачааны хүндийг үүрэг гол хүч байв.
Ийм цаг үед Эвлэлийн Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргын ажлыг хүлээн авсан Л.Түдэв эрдэмтэн, зохиолч, соён гэгээрүүлэгч хүний хувьд залуучуудын байгууллагын үйл ажиллагаа, ажлын арга барилд өөрийн гэсэн өнгө аястай шинэчлэлүүдийг авчирчээ.
Тэрбээр нэр сүр, оюунлаг сэтгэлгээ, өндөр шаардлага, хувийн үлгэр дууриалаараа онцгой ялгарч, оройлон тодорч байв. Залуучуудын дунд ажил, амьдралын зөв, эрүүл саруул хэвшил, зуршил тогтоох, орчин үеийн өв тэгш хүмүүжил олгох, төлөвшүүлэх ажлыг цогцолбор аргаар зохион байгуулж, өсвөр үеийнхний авьяас чадварыг хөгжүүлэх талаар анхаарч, тэдэнд маш өндөр шаардлага тавьж, энэ чиглэлээр их зүйл хийжээ. Олон ч шинэ үүсгэл санаачилга гаргасан нь ажил хэрэг болж байсан гэдэг. Л.Түдэв дарга олны дунд нэр хүндтэй, ухаан, эрдэм, мэдлэг өргөн тул хэнд ч юуг ч хэлж, шаардлага тавьж, санал оруулж чаддаг зангарагтай удирдагч гэдгээ харуулжээ. Төв, орон нутгийн эвлэлийн ажилтнууд төдийгүй нам, захиргааны удирдах ажилтнууд ч түүний үгийг сонсдог, дуулгавартай, хүндэтгэлтэй ханддаг байв.
 
“НЭГ МОНГОЛ ХҮН ГУРАВ, ДӨРВӨН ХҮНИЙ АЖЛЫГ ХИЙЖ БАЙЖ УЛСАА ХӨГЖҮҮЛНЭ”
 
Монгол Улсын гавьяат багш Содовын Баясгалан агсан Л.Түдэв гуайтай нас чацуу ч Багшийн сургуульд түүнд хичээл заасан багш нь байв. Тэрбээр “Түдэв Эвлэлийн төв хороог эмх цэгцтэй болгосон” гэж нэгэнтээ хэлж байжээ. Энэ бол Л.Түдэв даргын эвлэл, залуучуудтай холбогдсон 10 жилийг тун товч, тодорхой, оновчтой дүгнэсэн үг. Энэ үед МХЗЭ гишүүдийнхээ тоог түүхэн дээд хэмжээнд хүргэсэн шигээ амжилт, бүтээл, ажил хөдөлмөрийн оргил мөчлөгийг туулжээ. 1970, 1980-аад оны сэхээтнүүд Л.Түдэвийн удирдлага дор эвлэлийн байгууллагад ажиллаж, түүнээс суралцаж, хүмүүжсэнээрээ бахархдаг.
Эдүгээгийн ахмадууд, тэр үеийн эвлэлийн ажилтнуудын дурсамжаас харахад энэ нь мэдрэгдэнэ. Шинээр ажилд орж байгаа залуусыг Л.Түдэв дарга хэд хоногийн дараа өрөөндөө дуудаж, жагсааж байгаад асууж танилцдаг байж. Тэд асуултад нь бүдэрнэ. Ингээд даргаас зэмлэл, зөвлөгөө хүртэнэ. Тэр нь хожим хойно ажил, амьдрал зайлшгүй хэрэг болдог байв. Түүнчлэн МАХН-ын Төв хороо, яамдын удирдах ажилтнуудыг урьж шинэ залуучууддаа хичээл заалгадаг байж. Ингэж мэдлэг, боловсролыг нь тэлж, мөн хүнтэй харилцах арга барилд сургана. Шаардлага өндөр, хэлснээ огт мартахгүй. Ялихгүй мэт зүйлийг ч цаг гаргаж шалгана. Энэ бол Л.Түдэв даргын залуучуудыг ажил хөдөлмөрт сургаж, удирдан чиглүүлэх гол арга.
Хувь хүний талаасаа ч тэрбээр ажиллаж, амьдрах хэвшил, хувийн үлгэр дууриал нь гайхамшигтай. Хатуу чанд шаардлага, эмх цэгцтэй, дэг журамтай, нягт нямбай. Цаг ягштал баримтална. Өөрөө энэ бүхнийг биеэр үлгэрлэж, бусдад мөн тийм шаардлага тавина.
 
 
 
Бичих, судлах, туурвих нь цуцашгүй. Тиймээс эрдэмтэн, зохиолч, төр нийгмийн зүтгэлтэн гээд гурав дөрвөн хүний ажлыг түүртэлгүй амжуулж, хийсэн шиг хийж, бүтээсэн шиг бүтээж байсан бизээ. Л.Түдэв гуай өөрөө “Монгол хүн ам цөөнтэй учир нэг хүн гурваас доошгүй хүний ажлыг хийх ёстой. Тэгж байж улсаа хөгжүүлнэ" гэж хэлдэг байв. 
 
 
 
ОЮУНЛАГ, ЭРДЭМЛЭГ ТҮРЛЭГ
 
1980-аад онд МХЗЭ оюунлаг үйл ажиллагааг явуулж эхэлжээ. Хүүхэд, залуучуудын гоо зүйн хүмүүжил, соёлын түвшинг дээшлүүлэхэд урлаг, утга зохиолын үүрэг чухлыг онцолж, шилдэг зохиол бүтээлийг нийтийн хүртээл болгох талаар санаачилгатай ажилласан байна. Залуу уран бүтээлчдийн улсын уралдааныг 1976 оноос зохион байгуулж эхлэн, залуу уран бүтээлчдийн нэгдлүүдийг байгуулахад дэмжлэг үзүүлж, авьяаслаг уран бүтээлчдийг материаллаг үйлдвэрлэлийн салбарт, хөдөө орон нутагт эвлэлийн томилолтоор илгээж, МХЗЭ-ийн нэрэмжит шагналтнуудыг төрүүлж байв. Энэ бол МХЗЭ-ийн нэгдүгээр нарийн бичгийн дарга Л.Түдэвийн санаачилга, удирдлага, дэмжлэгтэй хийгдсэн ажлууд. Л.Түдэв дарга өөрөө зохиолч хүний хувьд хожмын нэрт яруу найрагч О.Дашбалбараас эхлээд зохиолч Н.Нагаанбуу хүртэлх олон билэг авьяастнуудыг хөдөө орон нутгаас нийслэл рүү татаж, хүүхэд залуучуудын байгууллагаар дамжуулан амьдралд хөл тавиулж, уран бүтээлийн замд нь хөтлөн оруулсан ачтан. Эвлэлийн гишүүн залуучуудын дэмжлэгтэйгээр Нийслэлийн залуучуудын соёлын төвийг барьж босгосон нь соёл, урлагийн салбарт том хөрөнгө оруулалт болжээ. Эвлэлийн төв хороонд оюунлаг сэхээтэн, бичгийн мэргэд, зохиолчдыг татан ажиллуулж, тэд цаашдын ажил, уран бүтээлийн гараагаа амжилттай эхэлж байв. Тухайлбал, МХЗЭ-ийн “Залуучуудын үнэн” сонины ерөнхий эрхлэгч Д.Нямаа хожим нь Монголын зохиолчдын хорооны даргаар ажилласан бол МХЗЭ-ийн Хүүхдийн хэвлэлийн нэгдсэн редакцын эрхлэгч нэрт сэтгүүлч Ц.Дашдондов Чөлөөт ардчилсан сэтгүүлчдийн холбооны тэргүүн болсон юм.
Л.Түдэв даргын үед хүүхэд, залуучуудын сэдэвтэй ном зохиол олширч, “Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь”-ийг анх удаа гурван ботиор бүтээж, Москвад хэвлүүлсэн байна. “Залуучуудын номын сан”, “100 гишүүний дурсамж" гэх мэт номууд хэвлэгдэн гарч, Эвлэлийн төв хорооноос “Залуу зохион бүтээгч”, “Пионерийн удирдагч” сэтгүүлүүдийг эрхлэн гаргах болсон байна. Мөн нийслэлийн хүүхдийн төв номын санг байгуулсан нь оюунлаг, эрдэмлэг ирээдүй, хойч үеийг өсгөн бойжуулах гэсэн алсын хараа юм.
ЗХУ-ын Комсомолын сургууль бол тухайн үедээ 110 орчим орноос залуучуудын байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч сургадаг, улсынхаа элит таван сургуулийн нэг байв. Уг сургуульд Л.Түдэв даргын үеэс жирийн малчин, тариачин, ажилчдын хүүхдүүд түлхүү сурах болжээ. Комсомолын сургуулийн Түүх, коммунист хүмүүжлийн факультетын декан Тамара Ивановна Карлова “Түдэв даргын үеэс малчин, тариачны хүүхдүүд ирж суралцаж эхэлсэн” гэж ахин дахин талархан ярьдаг байж. Ер нь 1970, 1980-аад онд малчдын хүүхдүүдийг Зөвлөлтийн шилдэг сургуулиудад суралцуулах талаар зориуд анхаарч байжээ. Тэр л үеийн Комсомолын сургууль болон ЗХУ-ын бусад их, дээд сургууль төгсөгчдөөс хожмын УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, сайд, агентлагын дарга нар, олон арван эрдэмтэд, тэргүүний сэхээтнүүд, нийгмийн бүх салбарт оройлон манлайлсан шинэ цагийн толгой бизнесмэнүүд төрөн гарчээ.
 
ГАВШГАЙ ХӨДӨЛМӨРИЙН ФРОНТЫГ КОМАНДЛАГЧ
 
Л.Түдэв даргын үед МХЗЭ-ийн гишүүдийн эгнээнээс олон арван хөдөлмөрийн баатрууд төрөн гарчээ. Тухайлбал, Завхан аймгийн Сантмаргад сумын хоньчин Ц.Намхайнямбуу, Дархан хотын барилгачин Г.Тэгшжав, нэхмэлчин Ш.Цэрэнжаргал, Ё.Норовсүрэн, Хэнтий аймгийн Биндэр сумын саальчин С.Аюуш зэрэг хөдөлмөрийн баатруудыг нэрлэж болно. Л.Түдэв даргын санаачилгаар Гавшгай хөдөлмөрийн фронт байгуулагдсан нь залуучуудыг ажил, хөдөлмөрт уриалан дуудсан кампанит ажил болон орон даяар өрнөжээ. Мөн Гавшгай хөдөлмөрийн барилга байгууламжийн тухай МАХН-ын Төвхороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1981 оны нэгдүгээр сарын 28-ны 06 тоот тогтоол гарсан байна. Энэ нь улс ардын аж ахуйд өндөр ач холбогдолтой барилга байгууламжийг Гавшгай хөдөлмөрийн барилга байгууламж хэмээн нэрлэж, тэнд залуучуудыг эвлэлийн илгээлтээр ажиллуулан хугацаанаас нь өмнө чанартай барьж ашиглалтад оруулдаг ЗХУ-ын туршлага юм. Л.Түдэв даргаар удирдуулсан Гавшгай хөдөлмөрийн фронт, Гавшгай хөдөлмөрийн барилга байгууламжийн төв штаб, МХЗЭ-ийн онцгой анхаарлын бүсийн штабууд ажиллаж бүтээн байгуулалтад залуусыг дайчилжээ. Тухайн үед улс ардын аж ахуйд чухал ач холбогдолтой 230-аад объектыг МХЗЭ-ийн Гавшгай хөдөлмөрийн барилга байгууламжаар зарласан байна. Ийнхүү зарласан Эрдэнэт хот, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Залуучуудын соёлын төв, Гутлын үйлдвэр, Эх нялхсын төв, Булган-Хархорины өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын байгууламж зэрэг томоохон барилга, бүтээн байгуулалтуудад залуучуудыг илгээлтээр ажиллуулан, хугацаанаас нь өмнө хүлээлгэн өгч байв.
Тэр үеийн хот, хөдөөд сүндэрлэн босож байсан олон арван барилга дээр 13 мянган залуус ажиллаж байсны 8500 нь МХЗЭ-ийн илгээлтийн эзэд байжээ. Налайх, Шарын голын нүүрсний уурхай, Улаанбаатар хотын Ханын материалын комбинат тухайн үед төлөвлөгөө норм, үйлдвэрлэлийн жигд ажиллагаа алдагдаж байсан түл МХЗЭ онцгой анхаарч, Гавшгай хөдөлмөрийн барилга байгууламжаар зарлан ажиллаж байсанаж. 1984-1985 онд Гавшгай хөдөлмөрийн фронт үргэлжилж Эх нялхсын төв, Нийслэлийн залуучуудын соёлын төв, Хүүхэд залуучуудын усан бассейн, Хүүхдийн ордон, Пионерийн ордон, Халх гол дахь хөшөө дурсгалын цогцолбор болон үйлдвэр, хөдөө аж ахуйн олон чухал барилга байгууламжийг МХЗЭ-ийн гишүүн залуусын хүчээр барьж байгуулжээ.
 
ДУНДАРШГҮЙ САНААЧИЛГА
 
Л.Түдэв дарга МХЗЭ-ийн Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга болмогцоо 1975 оны нэгдүгээр сард “Таван хошуу малаа арван хошуу болгоё”, “Гахай, шувуу, загас, зөгий, туулай үржүүлье”, “Цэцэг, ногоо тарьж, ургуулж сурцгаая”, “Байгалиа хамгаалъя” зэрэг санаачилгууд гаргасан нь хүүхэд, залуучуудыг байгаль, амьтантай харьцах, өсгөж үржүүлэх, байгалийг хайрладаг болгоход ихээхэн нөлөө үзүүлсэн юм.
Хүүхэд, залуучуудыг эрдэм мэдлэгтэй, эрүүл чийрэг, зөв ёс суртахуунтай, уламжлалаа мэддэг, шинэчлэлд дасан зохицох чадвартай ирээдүйн иргэд болгон хүмүүжүүлэхийн төлөө санаагаа чилээж, энэ мэт олон арван шилдэг санаачилга гаргасан нь шинэлэг зүйл байв. Тэрбээр мөн 1980-1984 онд Залуу байгальчдын хөдөлгөөнийг санаачлан, дэмжиж, орон даяар өрнүүлжээ. Байгаль хамгаалах, залуу үеийнхний экологийн боловсрол хүмүүжлийн ажлын талаарх энэхүү бодлого, санаачилга нь эвлэлийн байгууллагын хүрээнээс хальж, МАХН-ын Төв хороо, Сайд нарын зөвлөлийн түвшинд хүрч чадсан юм. 1982 оны дөрөвдүгээр сарын 9-нд Монголын байгаль орчныг хамгаалах нийгэмлэгийн төв зөвлөлийн тэргүүлэгчид, МХЗЭ-ийн Төв хорооны товчоо, Ардын боловсролын яамны коллегийн хамтарсан хурлаар Монголын залуу байгальчдын нийгэмлэгийг байгуулах тухай тогтоол гаргаж, 18 аймаг, гурван хотын ХЗЭ-ийн хорооны дэргэд уг нийгэмлэгийн салбаруудыг байгуулжээ. Энэ үеэс Байгаль хамгаалах сарын аяныг өргөн хүрээтэй зохиодог болсон аж.
МХЗЭ-ийн гадаад харилцааг өргөжүүлэх, өөрөөр хэлбэл Монголын залуучуудыг дэлхий ертөнцтэй холбож, нүд тайлуулж, юм үзүүлэхийг Л.Түдэв дарга чухалчлан үзэж байсны илрэл нь Дэлхийн ардчилсан залуучуудын холбоо, Олон улсын оюутны холбоонд МХЗЭ-ийн төлөөлөгчөөр хожмоо МУЗН-ийн нэртэй удирдагч болсон Р.Самдандовжийг, Олон улсын оюутны холбоонд Монголын оюутны холбооны төлөөлөгчөөр эдүгээгийн нэрт эдийн засагч Д.Жаргалсайханыг, Германы Чөлөөт залуучуудын эвлэлийн дээд сургуульд хожмоо УИХ-ын гишүүн болсон Д.Тэрбишдагвыг, Москвад ЭСЯ-нд С.Дагвадоржийг, Эрхүүд Ерөнхий консулын газарт Б.Магсаржавыг тус тус ажиллуулж байснаас харж болно.
Бүтэн зууныг туулсан Монголын залуучуудын байгууллагын 70 жилийн түүх нь МХЗЭ-тэй холбоотой. Тэрхүү 70 жилийн оргил арван жилийн тухай цухас төдий өгүүлэв. Дурдаагүй орхисон олон зүйл буй. Хүний амьдралд 10 жил урт хугацаа. Байгууллага, салбарын хувьд гялсхийгээд өнгөрөх үе. Тэрхүү гялалзсан 10 жилийг ажил хөдөлмөр, бүтээн байгуулалт, уран бүтээл, урлаг соёлын их амжилтаар дүүргэж, хагас зуун өнгөрсөн ч элэрч балрахгүй үйлс, мартагдаж бүдгэрэхгүй дурсгал болгон мөнхжүүлсэн гавьяатан бол Монгол Улсын Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, XX зууны манлай сэтгүүлч Лодонгийн Түдэв билээ. Тэрбээр өөрийн ажил, амьдрал, уран бүтээлтэй салшгүй холбоотой МХЗЭ, Монголын залуучуудын байгууллагад ажиллаж явсан он жилүүдээ дурсан
Тэнгэрийн нарнаас илчээр давуу
Тэнгисийн уснаас ч оюунаар гүн
Яндашгүй жаргалын зул нь болсон
Гандангүй амьдралын зун нь болсон
Ай залуу нас чамд дуугаа өргөнө
Азай буурал ч чамд хундагаа өргөнө хэмээн бичсэн билээ.
 
 
Г.Сонинбаяр
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин