sonin.mn
Хийсэн бүтээсэн зүйл нь арвин, амьдралын ямар ч нугачаанд бүдрээгүй бахархам зоригтой, хором мөч бүрийг бусдын төлөө зориулдаг хүн орчлонд тийм ч олон биш. Тэр тусмаа ийм төрлийн хүмүүсийн ихэнх нь чимээгүйхэн аж төрж, олны нүднээс “нуугдаж” амьдрах нь бий. Сэтгүүлчдийн тухайд  яг л ийм “чимээгүй алдартнууд”-ыг олж яриа авах нь том “олз” байдаг.  Ийм хүмүүсийн нэг COVID-19 цар тахалтай нүүр тулж, голомтод нь ажиллаж байгаа ХӨСҮТ-ийн Гэдэсний халдварын тасгийн эрхлэгч Д.Чимэдноровыг “Амьдралын тойрог” буландаа урилаа. Халдварын тархалт нэмэгдэж буй хүнд цаг үед үнэтэй цаг хугацаагаа бидэнд зориулж, туулж өнгөрүүлсэн амьдралынхаа жаргал зовлон, баяр гунигаас хуваалцсан эрхэм эмч Чимэдноровын дурсамжаар “аялцгаая”.
 
“ХӨСҮТ-ийн эмч нар хагас цэрэгжилтээр ажилладаг”
 
Шинэ төрлийн коронавирус буюу COVID-19 хэмээх нэр томъёо шинэ зүйл байхаа хэдийнэ больжээ. Халдварын тоо эрчимтэй өсөж, эмнэлгийн ачаалал эрс нэмэгдэж, ор хүрэлцэхээ больсонд олон нийт эрүүл мэндийн салбарынхныг чичилж байна. Тиймээс бид COVID-19 халдварыг эмчилж байгаа  эмч нар ямар ачааг нуруундаа үүрч, юуг сэтгэлдээ тээж буйг уншигчиддаа хүргэхийн тулд Монгол Улсад халдварын анхны тохиолдол илэрсэн цаг үеэс яриагаа эхлүүлсэн юм.
БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод өнгөрсөн оны нэгдүгээр сард тодорхойгүй халдвар гарлаа гэсэн мэдээллийн дараахан манай улс Ухань хотоос 31 оюутнаа татаж авсан. Үүнд МИАТ-ийн нисэх баг, ХӨСҮТ-ийн эмч нар, Гадаад хэргийн яам хамтран ажилласан байдаг. Эдгээр бие бүрэлдэхүүнийг Ухань хотоос ирэхэд Д.Чимэдноров эмч  тасгийнхантайгаа хүлээн авч, хамтдаа 14 хоног тусгаарлагджээ.Ямар төрлийн вирус тархсаныг дэлхийн аль ч орон тогтоогоогүй байсан үед голомтод нь ажиллаад ирсэн анхны мэргэжилтнүүдийг тэрбээр хүлээн авч халууныг нь өдөр бүр хэмжин, биеийн байдлыг хянаж ажиглах хариуцлагатай үүргийг биелүүлсэн байна. Үүний дараагаар Монгол Улсад халдварын анхны тохиолдол батлагдах үед 28 хоног гэртээ харилгүй ажиллажээ.
 
 
Энэ тухайгаа “Франц улсын иргэнээс анхны халдвар илрэхэд гавьяат эмч Ц.Чинбаяр эмчилж, эдгээсэн. Үүний  дараагийн хоёрдугаар ээлжинд нь 14 хоног ажиллаж, 14 хоног буудалд тусгаарлагдаад нийт 28 хоног ажилласан. Яг ийм мөчлөгөөр 4-5 удаагийн ээлжээр ажилласан. Анхны тохиолдол илрэхэд олон нийт айдастай байсан. Эмч нарын тухайд урьдчилан сургалтад хамрагдсан байсан учир нэг их цочирдоогүй. Бид халдвар хамгааллын дэглэмээ бариад сурчихсан байсан. Учир нь цар тахлаас өмнө улаанбурхан, тарваган тахал, шувуу, гахайны томуу гэсэн халдварт өвчний голомтод ажиллаж байсан туршлага бидэнд бий. COVID-19 халдвартай хоёр жил орчим нүүр тулахад манай эмнэлэг их ачаалалтай ажилласан. Эмч, сувилагч, асрагч, ариутгагч гэсэн багийн бүрэлдэхүүн халдварын голомтод ажилладаг. Тиймээс багаараа халдвар хамгааллын дэглэмээ ягштал мөрдөх нь чухал байдаг. Багийн нэг хүн өвдөхөд бид өвдөх учир халдвар ихсэх үеэр дөрвөн өөр газар сууж хоолоо иддэг байсан. Тэр үед халдвар авах вий гэсэн айдас байсан ч шантраагүй. Учир нь ХӨСҮТ-ийн эмч нар хагас цэрэгжсэн байдлаар ажилладаг. Харин 28 хоногийн дараа гэртээ харих хэцүү байсан” гэж ярилаа.
 
Халдвар энэ оны гурваас зургадуур сарын хооронд оргилдоо хүрэх үед Д.Чимэдноров эмчийн ахалдаг Гэдэсний халдварын тасаг хүнд өвчтөнүүдийг хүлээн авчээ. Учир нь ХӨСҮТ-д Эрчимт эмчилгээний тасгаас гадна хүчилтөрөгчийн ханын хийн системтэй хоёр тасаг байдгийн нэг нь Гэдэсний халдварын тасаг юм. Тиймээс Д.Чимэдноров эмчид нэмэлт хүчилтөрөгч шаардлагатай ахмад настан, жирэмсэн эх, хууч өвчин хавсарсан өвчтөн болон хүүхдүүд гэсэн халдварт хамгийн өртөмтгий, хүндрэх, улмаар амиа алдах өндөр эрсдэлтэй зорилтот бүлгийг эмчлэх хүнд “даалгавар” ногджээ.
Энэ тухайгаа тэрбээр  “Хүнд өвчтөнүүдийг эмчилж байгаа учир ажил ихтэй, өглөө гэрээс гараад оройдоо очно. Ойр ойрхон жижүүр хийнэ. Гэхдээ ХӨСҮТ-өөс эмч нарынхаа нийгмийн асуудалд их анхаарсан учир ядрах, ажил дээрээ тав тух алдсан удаагүй.
 
 
 
Судлагдаагүй шинэ төрлийн халдвар учир эхний үед өвчтөнүүд 20 орчим хоног эмчлүүлдэг байсан. Дараа нь дэлхий нийтийн судалгаанд тулгуурлаад хөнгөн өвчтөнг долоо, хүнд өвчтөнг 10 хоног эмчлээд гаргахаар эргэлт сайжирч, ор хүрэлцэхгүй гэх асуудал гараагүй. Бусад эмнэлэг өвчтөнүүдээ хүлээн авсан учир орны ачаалал дүүрээгүй” гэв.
 
 
 
Эмч хүн үхэлтэй эвлэрч чаддаггүй
 
Нийтлэлийн эзэн Анагаах ухааны дээд сургуулийг /одоогийн АШУҮИС/ 1989 онд хүний их эмчээр төгссөнөөс хойш  32 дахь жилдээ мэргэжлээрээ ажиллаж байна. Их сургуулиа төгссөний дараа Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын нэгдсэн эмнэлэгт томилогдон хоёр жил ажиллажээ. Дараагаар нь Өвөрхангай аймгийн төвийн нэгдсэн эмнэлэгт 16 жил ажилласан байдаг. Ийн нөхрийгөө дагаж 2004 онд Улаанбаатарт шилжиж ирснээс хойш  ХӨСҮТ-д ажиллаж байна. Халдварын хамгийн эрсдэлтэй бүлгийг эмчилж байгаа түүнээс өвчтөн нь амиа алдах үед хэр их шаналдаг вэ гэж асуухад “Өвчтөнүүдээ нас барахыг харах хэцүү. Сэхээн амьдруулах тасагт хүнд өвчтөнөө шилжүүлсэн ч  биеийг нь асуудаг. Нас барсан гэдгийг нь сонсоод шанална, вакциндаа хамрагдахгүй яавдаа гэж халаглана. Хүмүүс эмч хүн үхэлтэй эвлэрнэ гэж боддог. Гэтэл эмч хэзээ ч үхэлтэй эвлэрч чаддаггүй. Олон жил эмчээр ажиллахаар өвчтөн нь нас барахаар бүр их шаналдаг. Гэхдээ ХӨСҮТ сэхээний маш чадварлаг залуу эмч нартай учир нас барах тохиолдол нь цөөн. Сэхээн амьдруулах тасгийнхаа эмч, сувилагч нараар бахархдаг. Сүүлийн үеийн залуус олон хэлтэй, интернэтээс хэрэгцээт бүх мэдээллээ авдаг болсноор олон хүнийг өвчин эндэгдлээс аварч байгаа нь бахдам” гэсэн юм.
Харин юунаас урам зориг авдаг вэ гэвэл “Эмч хүний урам зориг нь өвчтөн нь эдгээд инээж байгааг харах байдаг. Өглөө өрөөнд нь ороод мэндлэхэд урвагар царайтай байвал шанална. Харин инээгээд сууж байгаа хүнийг харах, баярлалаа гэдэг үгийг сонсох сайхан байдаг. Ялангуяа, ахмад настнууд гараас атгаад “Баярлалаа, та нар минь их ядарч байнаа. Битүү хувцастай их хөлөрч байгаа даа, хоолоо сайн идээрэй” гэдэг үнийг сонсоход сэтгэл дулаацдаг. Ахмад настнууд хайр татам хүмүүс байдаг. Өвдсөн ч өвчин даах чадвар өндөр. Өвдөж байгааг нь бид мэдэж байхад инээж л байдаг. Сайхан инээмсэглэл, баярлалаа гэдэг үгээр 32 жил тэжээгдлээ. Хэн нэгний дарамт шахалтгүйгээр хүсээд эзэмшсэн мэргэжил учир эмчээс өөр ажил хийж чадахгүй санагддаг. Тэтгэвэртээ гараад өөр ажил хийнэ гэхээр төсөөлөгддөггүй. Гэртээ ирээд гэр бүл, үр хүүхэд ач зээгийнхээ инээмсэглэлийг хараад тэднийхээ сайхан үгээр урам зориг нэмдэг” гэсэн юм.
 
Д.Чимэдноров эмчийн тухайд халдварт өвчний голомтын улаан бүсэд олон ч удаа ажиллаж, хүн амын дунд өвчин тархан хүмүүсийг эрсдэлд оруулахаас аварч байсан арвин туршлагатай нэгэн. Энэ нь түүний мэргэжлийн гол бахархал нь байдаг юм. Тухайлбал, Өвөрхангай аймагт ажиллаж байхдаа тарваган тахлын голомтод анх удаа ажиллаж, тахлыг оношлох өндөр хариуцлагыг үүрчээ. Энэ тухайгаа “Өвөрхангай аймгийн эмнэлгийн дарга, халдвартын зөвлөх эмч, эрүүл мэндийн гавьяат ажилтан Р.Дуламсүрэн гэж ажилтнууддаа хариуцлага үүрүүлж чаддаг хүн байлаа. Надад “Чи тарваган тахлын голомтод ороод, оношилчихоод гараад ир.
 
Хэрэв тарваган тахал мөн гэсэн онош тавибал Өвөрхангай аймгийн хэмжээнд хөл хорио тогтооно. Хэрэв биш  гэж оношлоод дараа нь мөн гэж батлагдвал тарваган тахалтай хүний хавьтлын хүн Улаанбаатарт халдвар тараавал яах вэ гэдгийг бодоорой” гэж захьсан. Тухайн үед би залуухан эмч байсан учир “Мөн гэвэл 14 хоног хөл хорио тогтооно. Харин мөн байхад нь тарваган тахал биш гээд явуулбал Улаанбаатар, Баянхонгороор тарваган тахал тарах вий”  гэж их айсан.  Тиймээс өвчтөнөө их няхуур 3-4 цаг үзээд тарваган тахал мөн гэж оношлоод дарга онцгой комисс руу ярьж хөл хорио тогтоосон. Тэр шөнөдөө шинжилгээний хариу гартал нойргүй хоносон. Гэр дотуураа холхиод унтаж чадахгүй байхдаа “Яах гэж эмч болов оо” гэж бодсон. Харин “Таны онош батлагдлаа. Баяр хүргэе” гэж утсаар ярихад мэргэжлээрээ бахархсан. Халдвар тархаад намжих тоолонд эмч болсноороо бахархдаг” гэж дурсамжаасаа хуучилсан юм.
 
“Эрүүл байх л хамгийн том аз жаргал”
 
ХӨСҮТ-ийн Гэдэсний халдварын тасгийн эрхлэгчээр 2008 оноос хойш ажиллаж байгаа Д.Чимэдноров эмч хорт хавдраар өвдөж, сайн эмч нарын хүчээр “дахин амьдарснаа” хүмүүсийг өвчин зовлонгоос ангижруулдаг мэргэжлийнхээ гавьяа хэмээн бодож явдаг юм билээ. Энэ талаар  “Хүний амьдрал хэцүү. Заримдаа  баярлах, заримдаа нулимс унагаж уйлах үе байна. Амьдралын баяртай, гунигтай бүх үед тасгийнхан минь хамт байдаг. Хүнд өвдсөн үеэ аав, гэр бүл, найз нөхөд, хамт олныхоо хүчээр давж гарсан.
 
Сайн эмч нарын буянд амьд гарсан. Танай сониноор дамжуулан Ж.Чинбүрэн эмч,  Хавдар судлалын үндэсний төвийн элэгний тасгийн хамт олон, хими эмчилгээний тасаг, Я.Замбалгарав эмчдээ баярлаж явдгаа илэрхийлмээр байна. Энэ хүмүүс надад амь өгч, харин би COVID-19-ийг эмчилж, хүмүүст амьдрал бэлэглэж байна. Үүнийг хүмүүст буян үйлддэг  эмч болсны ач гавьяа гэж боддог. Нэгэнт эмч мэргэжлийг сонгосон бол уншдаг, судалдаг, чадварлаг, мэдлэгтэй эмч болоорой гэж залууст хэлдэг. Химийн эмчилгээ хийлгэж байх үедээ хавдар судлалын үндэсний төвийн залуу эмч нараар их бахархаж, эмч болсон залуу хүн бүр тэдэн шиг байгаасай гэж бодсон” хэмээв.
 
Амьдралын утга учир, аз жаргал хэмээх ойлголт хүн бүрийн хувьд харилцан адилгүй. Амнаас нь “унаж” байгаа үг бүр нь залуу үе, бусдын амжилтаар бахархсан Д.Чимэдноров эмчийн хувьд аз жаргал гэдэг хүн хүндээ итгэх, хүн хүнээ хайрлах нинжин сэтгэл,  өвчтөн нь эдгэрээд баярлалаа гэж хэлэх юм. Энэ тухай “Сүүлийн хэдэн жил хүүхдүүдтэй ажиллаж байна. Хүүхдүүд гэдэг бүхэлдээ аз жаргал. Өглөө бүр өрөөнд нь ороход үргэлж инээмсэглэж, сайхан үг хэлж байдаг. Мөн бие биедээ итгэнэ гэдэг аз жаргал. Өвчтөн надад итгэх, би өвчтөнөө эмчилж чадна гэж итгэх нь аз жаргал юм. Өвчингүй эрүүл байх нь хамгийн том аз жаргал юм. Тиймээс COVID-19 халдвараар өвчилсний дараа хүний биед ямар нөлөө үзүүлдэг нь бүрэн судлагдаагүй ийм цаг үед халдвар авахгүй байхыг хичээж, хариуцлагаа нэмэгдүүлэх нь чухал” гэсэн юм.
 
Гэрээр дүүрэн эмч
 
Түүний  нөхөр цэргийн хүн. Хоёр хүүгийн том нь аавынхаа мэргэжлийг өвлөсөн бөгөөд Суданы хойд хил дээр энхийг сахиулах ажиллагаанд энэтхэгүүдийг удирддаг НҮБ-ын ажиглагчаар ажиллаж байгаа. Харин бага хүү нь ээжийн залгамжийг үргэлжлүүлэхээр АШУҮИС-д мэс заслын эмчээр суралцаж байна.
 
 
Манай нийтлэлийн баатар эмч мэргэжлийг ээжээсээ өвлөн авчээ. Д.Чимэдноров эмчийн аав  Даваа гуай Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат жолооч хүн. Харин ээж Нарантуяа нь Өвөрхангай аймгийн нэгдсэн эмнэлэгт сувилагч хийж байгаад хорвоог орхижээ. Түүнийнөхөр цэргийн хүн. Хоёр хүүгийн том нь аавынхаа мэргэжлийг өвлөсөн бөгөөд Суданы хойд хил дээр энхийг сахиулах ажиллагаанд энэтхэгүүдийг удирддаг НҮБ-ын ажиглагчаар ажиллаж байгаа. Харин бага хүү нь ээжийн залгамжийг үргэлжлүүлэхээр АШУҮИС-д мэс заслын эмчээр суралцаж байна. Хоёр бэрийн нэг нь ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албанд, нөгөө  нь Интермед эмнэлэгт сувилагчаар ажиллахын сацуу Этүгэн их сургуульд суралцдаг юм. 
Эмч Д.Чимэдноров хүүхэд байхдаа ээжийнхээ ажил дээр байнга очдог байсан нь түүнийг эмч болоход нөлөөлжээ. Энэ тухай тэрбээр “Хүүхэд байхдаа ээжийнхээ ажил дээр их очдог байлаа. Ээж цагаан халадтай, өвчтөнүүддээ тариа хийгээд зогсож байдагсан.  Тиймээс эрүүл мэндийн салбарыг сонгоход ээж маань нөлөөлсөн. Ер нь би хүүхэд байхын эмч болоод хүн эмчилнэ гэж ярьдаг байсан юм билээ. Харин бага хүүгээ эмч болгох дургүй байсан. Учир нь одоогийн нийгэмд эмч нарын үнэлэмж муу. Цалин амьдралд хүрэлцэхгүй байх тохиолдол гарна. Гэвч эрэгтэй хүүхэд нэг зорьсон зүйлдээ тууштай юм билээ. Миний мэргэжил хүүд нөлөөлсөн байх. Ийн гэрээрээ дүүрэн эмч болсон доо” гэлээ.
Нэг гэрт олон эмч байхын давуу тал юу вэ гэхэд “Хүнд өвчин эмчлэх үедээ хүүгээсээ асууна. Хүү надаас зөвлөгөө авна. Хүү англи хэлтэй учир би гадаадын эх сурвалж дээрх мэдээлэл асууна. Жижүүртэй хоноод ирэхэд бүх зүйл бэлэн хүлээж авна. Зарим үед нойргүй, босоогоороо жижүүр хийж их хүнд хононоо. Тэр тохиолдолд адилхан эмнэлгийн хүн учир нэг нэгнээ сайн ойлгоно, хүндэтгэнэ” гэснээр бидний яриа дууссан юм. Хүн зовлон үзэхийн хэрээр хатууждаг хэмээх үгний утгыг Д.Чимэдноров эмч бидэнд ойлгуулав.
 
 
 
Хорт хавдартай нүүр тулсан ч олон жил бусдын төлөө ажиллаж, амьдрал бэлэглэснийхээ үр шим, мэргэжилт нэгт нөхдийнхөө “алтан гар”-ын хүчээр боссон түүний үг бүр уян зөөлөн, бусдыг энэрсэн, эргэн тойрныхоо хүмүүсээр бахархсан, амьдралыг хайрласан шинжтэй байсан юм. 
 
 
 
Ийн түүний эмчилж, эдгээсэн мянга мянган хүүхэд, томчууд, цар тахлаар өвчдөөд эдгэрсэн өвчтөнүүдийн өмнөөс дахин “Баярлалаа эмчээ” хэмээн хэлье. Баярлалаа, Д.Чимэдноров эмчээ.
 
 
Б.Должинжав
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин