sonin.mn
Зэвсэгт хүчний Жанжин штаб, Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулга хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Зэвсэгт хүчний “Хатан ижий” шалгаруулах ёслолын ажиллагааг энэ сарын 2-ны өдөр зохион байгуулж, Хүндэт тэмдэг, Өргөмжлөл, дурсгалын зүйлийг нь гардууллаа. 
 
БХЯ-ны 111, Зэвсэгт хүчний 101 жилийн ой, "Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг угтаж зохион байгуулсан энэхүү ёслолын ажиллагаанд ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга бригадын генерал С.Дашзэвэг, Суртал хүмүүжил, мэдээлэл, сэтгэл зүйн хэлтсийн дарга хурандаа Ц.Батсайхан, Хэвлэл мэдээллийн албаны дарга хурандаа Б.Отгонбаяр, ЦДБЭЧ-ын дарга хурандаа Г.Золзаяа болон Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний жил бүрийн "Хатан ижий" нар, энэ жил өргөмжлөлийн эзнээр шалгарсан алдарт эхчүүд, тэдний гэр бүл, үр хүүхэд, ач, зээ нар, төрөл төрөгсөд нь оролцлоо.
 
 
Батлан хамгаалах, Зэвсэгт хүчинд олон жил хүчин зүтгэж, олон хүүхэд төрүүлж өсгөсөн, үр хүүхдүүд нь удам дамжин төрийн цэргийн байгууллагад ажилладаг ээжүүдийг тодорхой шалгуур үзүүлэлтийн дагуу тодруулдаг уламжлалтай бөгөөд энэ нь гэр бүл, үр хүүхдүүд, мөрдэстэй алба хаагчдаараа бахархах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх зэрэг томоохон ач холбогдолтой юм.
 
 
Өнөө жилийн “Хатан ижий” өргөмжлөлийн эзнээр ЗХЖШ-ын Ахмадын хорооноос нэр дэвшүүлсэн Б.Загдсүрэн, ҮБХИС-аас нэр дэвшүүлсэн Ц.Алтанцэцэг, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлээс нэр дэвшүүлсэн Г.Оюунчимэг, Зэвсэгт хүчний 011 дүгээр ангиас нэр дэвшүүлсэн Л.Цэдээ, Зэвсэгт хүчний 089 дүгээр ангиас нэр дэвшүүлсэн Д.Алтанцэцэг, Зэвсэгт хүчний 234 дүгээр ангис нэр дэвшүүлсэн Б.Отгон, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангиас нэр дэвшүүлсэн Н.Халиун, Батлан хамгаалахын төв архиваас нэр дэвшүүлсэн Д.Цэнд, Зэвсэгт хүчний 119 дүгээр ангиас нэр дэвшүүлсэн С.Нэргүй нар шалгарлаа. 
 
 
 
Ирэх жил мөн  Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний “Хатан ижий" нараа шалгаруулан өргөмжлөх болно.
                                   
 
Хурандаа Б.ОТГОНБАЯР