sonin.mn
Ганц манай улсад төдийгүй Америкад ч бас хүүхдийн мөнгөөр амьдардаг хүн амын тодорхой хэсэг бий. Төр нь ард иргэдээ ядуу амьдруулахгүй гэхдээ тэдний өмнөөс үүрэг хүлээсэн мэт тэжээж тэтгэнэ. Харин үүнд нь олон хүн дургүйцэж, үзэл бодлоо илэрхийлдэг. Яг л манай улс шиг. 
Аргагүй шүү дээ. Үнэнчээр хөдөлмөрлөж, хөлс хүчээ шавхан байж олсон мөнгөө татвар болгон улсдаа тушааж, харин улс нь түүнийг нь олон хүүхэдтэй ядуу өрхүүддээ хүүхдийн мөнгө болгож өгөхөд хэн дуртай байх вэ. 
Хэрэв ажил хийвэл өрхийн орлого нь нэмэгдэж, зүгээр орж ирдэг мөнгө нь олдохоо байх тул аль болох олон хүүхэд гаргаад, тэр мөнгөөр нь амар жимэр сууя гэж боддог ядуу сэтгэлгээтэй бүхэл бүтэн давхарга тэнд байдаг. Тэдний нь дийлэнх нь ажилгүй, орлогогүй цагаач иргэд байх нь бий. 
 
Ямар ч нийгэмд бэлэнчлэх сэтгэлгээ хэзээ ч сайн юманд хүргэдэггүй. “Хэт хүмүүнлэг” халамжийн бодлогоос болж хүн ам дахь үндэстний харьцаа алдагдаж, улмаар ядуу, боловсролгүй, хөгжихийг хүсдэггүй иргэдийн тоо улам газар авсаар. 
 
Өнөөдөр Америкийн хүн амд эзлэх цагаан арьстнуудын тоо эрс багасаж, харин Латин Америк, Мексикүүдийн тоо огцом өссөн. Тэд дунджаар таван хүүхэдтэй байдаг. 
 
Одоо Америкийг орхиод өөрийн орны тухай эргэцүүлье. Олон хүүхэдтэй иргэдэд төрөөс байрны урьдчилгаа өгөхөөр боллоо гэсэн шүлс асгарам, амттай цуурхал тарж, олон ч хүн тэр сэдвийг тойрон, хэдэн өдөр маргалдах шиг боллоо. Эцэст нь тэр шийдвэрээ больсон сурагтай.
Ер нь олон хүүхэд төрүүлнэ гэдэг нь нэг бол асуудлаа аль хэдийн шийдсэн хүмүүсийн сонголт, аль эсвэл асуудлаа шийдүүлэх гэсэн хүмүүсийн сонголт юм. 
Асуудлаа шийдсэн хүмүүсийн хувьд улсаас өгөх хүүхдийн мөнгө, байрны урьдчилгаа мэтийн шалихгүй зүйлд сэтгэл нь хөдөлж олон хүүхэд гаргахгүй. Харин эсрэг талд нь гаргасан хүүхдийнхээ тоогоор төрөөс зүгээр мөнгө аваад сэтгэл амар амьдарна гэж боддог залхуу хүмүүс байгаа нь улсаа сүйрэлд хөтөлж буй хэрэг юм. Харамсалтай нь тэдгээрийн дийлэнх нь ид хөдөлмөрийн насныхан байдаг.  
 
Иймэрхүү урамшууллын систем нь нэг талаас хүн амын тоогоо өсгөх гэсэн төрийн бодлого мэт харагдавч нөгөө талаас ядуурлыг улам гааруулж, нийгмийг түнэр харанхуй руу чирч байгаа гамшигт үйлдэл юм. Угтаа хүн амын тоо их байснаар биш, цөөн хүн амтай ч амьдралын чанар сайтай байснаар улс хөгждөг. Хамгийн чухал нь чанар. 
Ямар нэгэн зүйл амалж, тэгвэл тэгнэ, ингэвэл ингэнэ гэдгээ одоо зогсоовол дээр. Нэлээн хэдэн жилийн өмнө шинээр төрсөн хүүхэд, шинээр гэр бүл болсон хосуудад улсаас мөнгөн урамшуулал олгосон. Үүний үр дүнд маш олон хуурамч гэрлэлт бүртгэгдэж, дараа нь эргээд салцгааж, олон залуус амьдралдаа хар толбо үлдээсэн байдаг. 
Энэ нь шийдвэр буруу байсны бодит жишээ биш гэж үү. 
Америк Монголын дээрх жишээ нэг талдаа ижил, төстэй мэт байгаа мэт харагдавч асар том ялгаа бий. 
 
Америкт хүүхдийн мөнгийг хавтгайруулан олгодоггүй, зөвхөн орлогын түвшнээс нь хамаарч ялгаатай олгодог. Тэгэхдээ иргэдээ тэр чигт нь зөнд нь орхидоггүй. Сургуульд сургах,  боловсрол эзэмшүүлэх, ажилтай болгоход нь туслах, хэрэв ажилд орвол улсаас хүүхдийг нь цэцэрлэг, өдөр өнжүүлэхэд хамруулах зэргээр ямар нэгэн байдлаар орлоготой, нийгэмдээ ашиг тустай иргэд болоход нь дэмжлэг үзүүлдэг. 
 
Харин манайд аль болохоор ядуу байлгах, харанхуй бүдүүлэг хэвээр нь үлдээх сонирхолтой байгаа мэт ажиглагддаг. Тэр нь магадгүй сонгуульд ч ашигтай байдаг байж болох. Ийм зорилгоор нийгмийн харанхуй хэсгээ алгуурхан, далдаас бойжуулаад байгаа ч юм шиг. 
Түүний нэг илрэл нь олон хүүхэд төрүүлбэл улсаас урамшуулдаг явдал. Харин тэр нь зөвхөн “зорилтот хэсэг”-ийг л сэдэлжүүлээд байна. 
Тооны араас хөөцөлдөж, хүн амаа өсгөх зүгээр гэж үү. Эсвэл цөөн ч гэсэн боловсролтой, орлоготой, хэрэгцээтэй иргэдтэй болох нь зөв үү. Бодох л асуудал.
 
H.Болортуяа