sonin.mn

2006 онд дампуурсан нэр бүхий 26 хадгаламж зээлийн хоршооны 8301 хохирогч хохирлоо бүрэн барагдуулаагүй учир өчигдөр "Тусгаар тогтнол"-ын ордны өмнө суулт зарласан юм. Хохирогчдын төлөөлөл МАН-ын төлөөлөлтэй уулзаж хамтарсан ажлын хэсэг байгуулахаар болжээ. Мөн МАН-ын зүгээс энэ асуудалд хэрхэн хандаж байгаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ талаар МАН-ын ОНХХ-ийн дарга Д.Амарбаясгалангаас цөөн асуултад хариулт авлаа.


-Хадгаламж зээлийн хоршооны хохирогчид МАН-ын байрны өмнө суулт хийж байна. Энэ талаар танай намын байр суурь ямар байна вэ?

-Бид 16.00 цагт хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын төлөөлөл 15 хүнтэй хамтран ажлын хэсэг байгуулж, ШШГЕГ болон бусад байгууллагад очиж ажиллахаар боллоо. Хадгаламж зээлийн хоршоо дампуурч иргэдииг хохироосон нь төрийн алдаатай бодлоготой холбоотой. Үүнийг МАН-тай холбоотой гэж үзэж болохгүй. Өнөөдрийн байдлаар 8301 хохирогчийн нийт 27 тэрбум төгрөгийн хохирол үлдээд байгаа юм байна. Өнгөрсөн зургаан жилд хохирол барагдуулах явц ажил хэрэг болсонгүй гэж байна. Хохирлын 50 хувийг төрөөс барагдуулсан. Үлдсэн 50 хувийг тухайн Хадгаламж зээлийн хоршоо газар, байр, машин зэрэг үл хөдлөх хөрөнгөө зарж барагдуулна гэсэн шүүхийн шийдвэр гарсан байдаг. Гэвч хохирлыг барагдуулж чадахгүй байна.

-Хадгаламж зээлийн хоршооны хохирогчид өр барагдуулах асуудлыг улстөрийн намд тавьж байгаа нь хэр оновчтой вэ?

-Ер нь бол энэ асуудлыг намд тавьж байгаа нь буруу л даа. Намаас Сангийн яам юм уу аль нэг байгуулагын үйл ажиллагаанд шууд оролцох боломжгүй шүү дээ. Улстөрийн нам бол дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрөө дэвшүүлснийхээ дагуу улстөрийн ялалтаа байгуулдаг. Дараа нь мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө ажилладаг.

-ШШГЕГ хадгаламж зээлийн хоршооны үл хөдлөх хөрөнгийг шамшигдуулсан хэмээн хохирогчид үзэж байна. Тиймээс өр барагдуулах хуулийн байгууллагад хариуцлага тооцох уу?

-Тиймэрхүү хардалт байхыг үгүйсгэхгүй. Бид хохирогчидтой хамтарч ШШГЕГ-т шаардлага тавьж ажиллая. Яагаад өр барагдуулах ажлыг хөдөлгөөнд оруулахгүй байна вэ гэдэг асуудлыг судалж үзнэ.

М.Өнөрөө