sonin.mn

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батчулуунтай хийсэн ярилцлагыг уншигчиддаа хүргэж байна.

-Тавтай сайхан хаваржиж байна уу? Манай аймгийн хэмжээгээр хаваржилт мал төлөлт ямар байгаа вэ?

-Хаваржилтийн байдал ерөнхийдөө аятай сайхан байна Өнгөрсөн хоёрдугаар сард цас ороогүй, бүх нутгаар хур чийггүй байснаас уул талын туруутан ан амьтан цангаж усгүйдэж үхэж хорогдож байсан учир сумуудад үүрэг даалгавар өгч, уул уурхайн компаниуд, аж ахуйн нэгжүүдэд зөвлөмж хүргүүлж, нэг удаад нэг аж ахуйн нэгж 20-60 хүртэл тонн ус хөлдөөж, бэлчээрт нь тавих зэрэг ажил хийсний үр дүнд гайгүй болсон. Цас орсноос хойш  хэвийн байдалд орж байна. Мал төллөж байна. Өнөөдрийн байдлаар сүүлийн үеийн мэдээ нэгтгэгдэж ирээгүй байна.

-Энэ жил манай аймагт шинэ, шинэлэг ямар бүтээн байгуулалтын ажлууд хийгдэх вэ?

-Ард иргэд орон сууцны нөхцөлөө сайжруулах, орчин үеийн тохилог сууцанд амьдрах хүсэл сонирхол ихсэж байна . Манай аймагт 1000 гаруй хүн шинэ орон сууцанд орох захиалга өгөөд байна. Ийм  учир сууцжуулах ажил нэлээд хийнэ. Зам харгуй дэд бүтцээ сайжруулах ажлууд үргэлжлэн хийгдэнэ.

Улаанбаатар-Даланзадгадын хатуу хучилттай зам долоодугаар сарын нэгэн гэхэд ашиглалтанд орох байх гэж харж байна. Сургууль, цэцэрлэгийн барилгууд баригдана.

-Шинэ Даланзадгадын биеийн тамирийн цогцолбор, сургууль цэцэрлэгийн барилгууд дэд бүтэц нь шийдэгдээгүй учир зогсчихоод байгаа гэж иргэд ярьж байна?

-Тийм асуудал байхгүй.  Эсрэгээрээ цахилгаан дулаан, цэвэр бохирын шугам нь тавигдаад байгаа. ”Оюу толгой” ХХК-тай хамтран барих гэрээ хэлэлцээртэй, тэдний ажиллагаа саатснаас болж тэндээс орох хөрөнгө оруулалт зогсчихоод байна. Бид гэрээний дагуу яриа хийж, шаардаж шахаж байгаа болж бүтнэ гэж итгэж байна.

-Уул уурхайн талаар иргэд сэтгэл дундуур байна. ”Хар морьтын” уурхай зөвшөөрөлтэй ч юм уу үгүй ч юм уу? Олзворлосон баялгаа гадагш хараа хяналтгүй зөөж байна. “Оюу толгой” далд уурхай ажиллахгүй байгаа. Гэтэл 1500 гаруй м доош өрөмдөөд, хонгил ухчихсан, том том машин техник тэнд оруулж угсардаг, манай газар нутаг доогуураа хөндий байгаагүй, тэндээс ухаж гаргасан хүдэр баялаг хаачив? Ноёнд “Терра Энержи” гэрээгээр хүлээсэн хатуу хучилттай зам тавих үүргээ биелүүлэхгүй байна гэх мэтээр асуудал нэхэж байна.?

-“Хар морьтын” уурхай 100 хувь Хятадын хөрөнгө оруулалттай, ашиглалтын зөвшөөрөл аваад хоёр жил болж байна. “Оюу толгой” –д би сая очоод ирсэн. Хоёр босоо ам хаалттай байна. Олзворлосон хүдрийн нөөц байна. Гадаад зах зээл тааламжгүй байгаа учир гадагш  гаргахгүй түр хүлээзнэж байна. “Терра энержи” замаа тавиад бараг дуусаж байгаа багахан дутуу, ашиглалтанд хүлээж аваагүй байгаа.

-“Хар морьтын” уурхай сая хоёр сард баахан лацдаж битүүмжилсэн баялаг гаалийн хяналтгүй гаргасан гэж иргэд яриад, ярьснаа баталгаажуулж чадна гээд байгаа шүү-дээ?

- Бид тийм яриа сонсоогүй, мэдээлэл аваагүй.

-Даланзадгадын иргэд аймгийн удирдлагуудтай уулзая гэж шаардаж, зурагтаар зарим иргэд сонсоход санаа зовохоор ч үг дайж байх юм?

-Юм бүхэн аймгийн хурлын шийдвэр ч ил тод байгаа, иргэдийг сонсох утас ажиллаж байгаа. Даланзадгадын дарга нар багийн хурлууд дээр очиж иргэдийн үгийг сонсож байна гэж бидэнд танилцуулж байна. Тухайлсан тодорхой асуудлаар иргэд уулзаж ярилцая гэвэл бид уулзахад бэлэн байна.

Даланзадгадын дарга нарыг ойрын үед иргэдээ цуглуулж уулзах талаар чиглэл өгч болно. “Том төрөөс ухаалаг төр лүү”  сэдвээр  ярилцлага хийхээр төлөвлөсөн бараг зарлагдаж байгаа байх. Хуваарь төлөвлөгөөг нь үзэж  болно. Манай иргэд уулзалт, зурагтаар хийж байгаа ярилцлагуудад идэвхтэй оролцох хэрэгтэй. Идэвхтэй оролцдог цөөн хүн оролцоод бусад нь ирж оролцохгүй хандлага байна. Хүн бүртэй нүүр тулж уулзах бололцоо бас хомс байдаг.

-Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэгдэж байгаа асуудалд манай тойргоос сонгогдсон төлөөлөгч ямар байр сууринаас хандаж, юу ярьж байгааг сонин хэвлэлээс үзэе гэсэн иргэдийн хүсэлт их ирдэг. Хурлаар хэлэлцэгдэж байгаа асуудлуудыг хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлээр сурталчлах боломж хэр байдаг вэ?

-Нэг их зардал мөнгө байхгүй .Гэхдээ зохих хэмжээгээр сурталчлаад байх боломж бий. Манай ажлын албаныхан хэвлэл мэдээлэлийн байгууллагуудтай гэрээ хийгээд нэвтрүүлж байгаа ”Алтан говь” ТВ-тэй ил тод мэдээллийн талаар, “Вест” ТВ-тэй хууль сурталчлах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар гэх мэт.

- Аймгийн ЗДТГ гэхэд манай сонинтой гэрээтэй, долоо хоног бүр мэдээ, мэдээллээ өгөөд явдаг. Хурлын талаар мэдээллийг бид танай хэвлэл мэдээллийн ажилтнаас хувийн журмаар үе үе авч нийтэлж байгаа. Хамтарч ажиллах талаар таны бодол?

-Аймгийн ЗДТГ хуулиар хүлээсэн  Аймгийн ИТХ-д үйлчлэх үүрэгтэй байгууллагын хувьд хурлын мэдээлэлийг өгч байх ёстой. Хөдөөгийн иргэдэд хүргэх шаардлагатай мэдээлэлийг бид цаг тухайд нь танайтай тохироод өгөөд байх бүрэн боломжтой.

-Аймгийн удирдлагууд сонин бүрийг уншаад, зурагт үзээд суугаад байх зав бололцоо бага гэдэг нь мэдээж. Аймгийн болоод удирдлагуудын ажлын талаар  иргэд юу ярьж, шүүмжилж, юу хүсэж байгаа нь та бүхний сонорт тэр бүр хүрч чаддаг болов уу?

-Хэвлэл мэдээлэлд манай ажилтай холбоотой, бидний сонсох хэрэгтэй юу яригдаж, бичигдэж, манай талаар ямар мэдээлэл гарч байгааг хариуцсан ажилтнууд байгаа. Гэхдээ манай ажилтнууд өөрсдийнхөө мэдээлэлийг хүргэхэд гол анхаарлаа хандуулаад иргэд, олон түмний нэг үгээр “гадуур товчооны” мэдээлэлийг бага авдаг тал байна. Цаашид үүнд багагүй анхаарал тавина.

-Одоо ингээд хур борооны улирал эхлэхээр Даланзадгадчуудыг “зовоодог” гол асуудал үер. Үерийн хаалт далангаас илүүтэй үерйин ус урсгаж зайлуулах суваг шуудууны асуудал чухал. Энэ талаар төлөвлөгдсөн батлагдсан хөрөнгө энэ жил бий юу?

-Энэ талаар өнгөрсөн жил хоёр томоохон асуудал шийдэж хөрөнгө гаргаж өгсөн. Оршин суугчдын саналыг сонсож, үер зайлуулах суваг шуудууг зөв оновчтой гаргах, хаалт даланг байгуулах ажлыг Даланзадгад  хотын удирдлагууд голллон хариуцах ёстой.  Шаардлагатай тохиолдолд асуудал шийдэх хөрөнгө мөнгө бий.

- Аймгийн үндэсний сурын холбооны тэргүүнтэй уулзчихаад  сур харвааны талаар ярихгүй өнгөрч боломгүй ?

-Өчигдөр сурын холбооны хуралдаан болж тайлангаа тавьж зорилтоо тодорхойлсныг та мэдэж байгаа. Аймгийн үндэсний сурын холбоо гэж байгууллага байх ёстой гэдэг үүднээс биш, жинхэнэ үр дүнтэй  ажилладаг, гишүүддээ үйлчилдэг, шинэ арга барилаар ажиллаж, шинэ дээд амжилт гаргах зорилт тавигдаж байна. Энэ жил улсын аварга шалгаруулах насанд хүрэгчид ба өсвөрийн сурчдын тэмцээнийг аймагтаа хийнэ. Долоодугаар сарын сүүлээр аймгийн баяр наадам, Батмөнх даян хааны ойтой хамт хийнэ. Манай сурчид маш их хөдөлмөрлөж, МУ-ын гоц мэргэн, мэргэн хоёр маань амжилтаа давтах, шинэ мэргэн төрүүлэх том зорилт зогсож байна даа.

-Аймгийнхаа ард иргэдэд хандаж хэлэх үгийг тань уламжлая?

- Сүүлийн хоёр жил манай аймаг улсад ажлараа тэргүүллээ. Хамгийн их бүтээн байгуулалт хийж байгаа аймаг гэж үнэлж байна.Энэ бол манай ард иргэдийн хөдөлмөрийн үр шим. Зөвхөн төрийн байгууллага биш хувийн хэвшил, ард иргэд оролцоогоо улам нэмэгдүүлэх шаардлагатай.Төрийн үйлчилгээг өргөжүүлж, иргэдэд улам ойрхон хөнгөн шуурхай үйлчилдаг болгох нь бидний гол зорилт байх ёстой.

- Танд ажлын амжилт хүсэе.

Ярилцсан З.Пүрвээ.

Эх сурвалж: "Монгол говь" сонин