сонин mn
МОСКВА. /TASS/. Катар улсад хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ энэ ням гарагт эхэлнэ. Даваа гарагт Эквадорын шигшээ баг ДАШТ-д оролцох бүрэлдэхүүнээ хамгийн сүүлд зарлалаа. Харамсалтай нь спортод бэртэл гэмтэл авахгүй байна гэж байдаггүй тул зарим тоглогч энэ жилийн гол тэмцээнд оролцож чадахгүй болжээ. Ингээд од тоглогчдоос хэн хэн ДАШТ-ийг өнжихөөр болсныг хүргэж байна. 
 
 
"ПСЖ" клубийн хамгаалагч Преснель Кимпембе
 
Францчууд 11 дүгээр сарын 10-нд ДАШТ-д оролцох шигшээ багийнхаа бүрэлдэхүүнийг танилцуулсан. Багийн бүрэлдэхүүнд "ПСЖ" клубийн хамгаалагч Преснель Кимпембе багтсан боловч 11 дүгээр сарын 14-нд Францын Хөл бөмбөгийн холбооны хэвлэлийн албанаас түүнийг бэртлээ эдгээж чадахгүй байгаа тул ДАШТ-ийг өнжихөөр боллоо гэж мэдээлжээ. Өмнө нь тэрбээр "ахиллийн" шөрмөстэй холбоотой асуудлаас болж Аваргуудын лигийн 6-р тойргийн тоглолтод Италийн “Ювентус” (2:1) багтай хийсэн тоглолтод “ПСЖ”-гийн бүрэлдэхүүнд багтаагүй юм. Бэртлийн улмаас хамгаалагч энэ улиралд ПСЖ-гийн төлөө ердөө 11 тоглолтод оролцож, гоол оруулаагүй байна. Гэмтсэн Кимпембэг ДАШТ-д “Монако” багийн тоглогч Аксель Дисаси орлоно.
Францын шигшээ баг D хэсэгт Австрали, Дани, Тунисийн багуудтай тоглоно.
 
 
 
"Челси"-гийн хамгаалагч Бен Чилуэлл
 
Английн шигшээ баг "Челси"-гийн хамгаалагч Бен Чилуэллгүйгээр ДАШТ-д оролцохоор болжээ. Тэрбээр өвдөгний шөрмөсний гэмтлийн улмаас тэмцээнийг өнжиж байгаа юм. Чилуэлл 11 дүгээр сарын 2-нд Аваргуудын лигийн хэсгийн шатны 6-р тойргийн тоглолтод Загребын “Динамо” багтай (2:1) тоглохдоо бэртжээ.  Энэ улиралд Чилуэлл “Челси”-гийн төлөө 14 тоглолтод оролцож, нэг гоол оруулж, хоёр оновчтой дамжуулалт өгчээ. Тэрбээр 2018 оноос хойш Английн шигшээ багт дуудагдаж байгаа бөгөөд 2021 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцох бүрэлдэхүүнд багтаж байсан ч хэзээ ч тоглож байгаагүй юм.
Англичууд В хэсэгт Иран, АНУ, Уэльсийн багуудтай тоглоно. 
 
 
“Вильярреал” багийн хагас хамгаалагч Жованни Ло Чельсо
 
Аргентины шигшээ баг ДАШТ-ий өмнө багийн гол хагас хамгаалагчдынхаа нэгийг "алдлаа". Английн "Тоттенхэм"-ээс "Вильярреал" багт зээлээр тоглодог тус багийн хагас хамгаалагч Жовани Ло Чельсо Испанийн аварга шалгаруулах тэмцээнд Бильбаогийн "Атлетик"-тэй 10 дугаар сарын 30-нд хийсэн тоглолтын үеэр бэртжээ. Ло Чельсо “Вильярреал”-ын сүүлийн дөрвөн тоглолтод оролцоогүй ч булчингийн гэмтлээ эдгээж амжаагүй байна. Тэрбээр 2017 оноос хойш Аргентины шигшээ багт дуудагдаж байгаа бөгөөд багийнхаа хамтаар 2021 онд Өмнөд Америкийн орнуудын шигшээ багуудын дунд явуулдаг “Copa Amйrica”, 2022 онд “Finalнsima”-д (Европын аварга шалгаруулах тэмцээн ба “Copa Amеrica”-д түрүүлсэн багууд хооронд болдог тэмцээн) түрүүлжээ. Сүүлийн үед Ло Чельсо үндэсний шигшээ багт байнга дуудагдаж байгаа юм. 2018 оны ДАШТ-д явсан ч нэг ч тоглолтод оролцоогүй.
Аргентин С хэсэгт Саудын Араб, Мексик, Польштой тоглоно.
 
 
"Ювентус"-ийн хагас хамгаалагч Поль Погба
 
2018 оны ДАШТ-нд шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд оролцож байсан, Италийн "Ювентус" багийн франц хагас хамгаалагч Поль Погба Катарын ДАШТ-ийг өнжихөөр болжээ. Погбагийн төлөөлөгч Рафаэль Пимента түүнийг есдүгээр сард хийсэн өвдөгний мэс заслаас эдгэрэх шаардлагатай гэж 10 дугаар сарын 31-нд мэдэгдсэн юм. 11 дүгээр сарын 9-нд Францын шигшээ баг ДАШТ-д оролцох бүрэлдэхүүнээ зарласан бөгөөд Погбаг оруулаагүй байна. Тэрбээр 2013 оноос хойш шигшээ багт дуудагдаж байгаа бөгөөд шигшээ багийн лидерүүдийн нэг гэгддэг.
Франц D хэсэгт Австрали, Дани, Тунисийн багуудтай тоглоно.
 
 
“Рома” клубийн хагас хамгаалагч Жоржиньо Вейналдум
 
Бэртлийн улмаас ДАШТ-ийг өнжихөөр болсон Нидерландын шигшээ багийн лидерүүдийн нэг бол Жоржиньо Вейналдум юм. Наймдугаар сарын 5-нд Италийн “Рома” баг түүнийг улирал дуустал ПСЖ-ээс "түрээсэлсэн". Харин 17 хоногийн дараа Ромын клубийн хэвлэлийн албанаас Вейналдумыг бэлтгэлийн үеэр баруун хөлнийхөө шилбэний ясыг хугалсан гэж мэдээлжээ. Вейналдум бэртлээ эдгээж амжаагүй тул Нидерландын шигшээ багийн эцсийн мэдүүлэгт ороогүй юм. Хагас хамгаалагч 2011 оноос хойш шигшээ багт дуудагдаж байгаа бөгөөд тэрбээр 86 тоглолтод оролцож, 26 гоол оруулжээ. Вейналдумын хувьд удахгүй болох ДАШТ нь түүний хоёр дахь ДАШТ болох байсан бөгөөд тэрбээр 2014 онд анх удаа ДАШТ-д оролцсон юм. Хагас хамгаалагч мөн 2021 онд Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцжээ.
Нидерландын шигшээ баг А хэсэгт Катар, Эквадор, Сенегалын багуудтай тоглоно.
 
 
Дортмундын “Боруссиа” багийн хагас хамгаалагч Марко Ройс
 
Сүүлийн үед олон улсын хэмжээнийн томоохон тэмцээнүүдэд хамгийн аз нь хаясан хүнээр “Боруссаи Дортмунд”-ийн хагас хамгаалагч Марко Ройс нэрлэгдэж байна. Хөлбөмбөгчин шагайны шөрмөс нь гэмтсэний улмаас ДАШТ-ийг өнжихөөр болжээ. Ройс 2011 оноос хойш Германы шигшээ багт тасралтгүй дуудагдсан боловч бэртлийн улмаас 2016, 2021 оны Европын аварга шалгаруулах тэмцээн, 2014 оны ДАШТ, 2017 оны “FIFA Confederations Cup” тэмцээнийг өнжсөн юм. Тэрбээр Германы баг гуравдугаар байр эзэлсэн жил буюу 2012 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцжээ. 2014 оны ДАШТ-д германчууд түрүүлэхэд Ройс шигшээ багт байгаагүй юм. Ройс энэ улиралд “Боруссиа Дортмунд”-ын төлөө 12 тоглолтод оролцож, гурван гоол оруулж, гурван оновчтой дамжуулалт өгчээ.
Германы баг Е хэсэгт Испани, Коста Рика, Японы шигшээ багтай тоглоно.
 
 
“Ливерпүүл”-ийн довтлогч Диого Жота
 
ДАШТ эхлэхээс өмнө Португалын шигшээ багийг ч бас "гарз хохирол" тойрч гарсангүй. 10 дугаар сарын 16-нд “Ливерпүүл”-ийн довтлогч Диого Жота Английн аварга шалгаруулах тэмцээнд “Манчестер Сити”-тэй хийсэн тоглолтын үеэр бэртсэн бол хоёр хоногийн дараа Мерсисайдын клубийн ахлах дасгалжуулагч Юрген Клопп португал залуу ДАШТ-ийг өнжихөөр болсныг мэдэгджээ. Жота Португалын шигшээ багт 2019 оноос хойш дуудагдаж байгаа бөгөөд 2021 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, дөрвөн тоглолтод нэг гоол оруулсан байна. Португалын шинэ од болж байгаа Жота шигшээ багт 29 тоглолт хийхдээ 10 гоол оруулжээ. Жота энэ улиралд “Ливерпүүл”-ийн төлөө 8 тоглолтод оролцож, 5 оновчтой дамжуулалт өгсөн байна. 
Португалын шигшээ баг H хэсэгт Гана, Уругвай, Өмнөд Солонгосын багуудтай тоглоно.
 
 
“Лейпциг”-ийн довтлогч Тимо Вернер
 
Германы шигшээ баг ДАШТ эхлэхийн бас нэгэн чухал хөлбөмбөгчнөө бэртлийн улмаас "алдсан нь" "Лейпциг" багийн довтлогч Тимо Вернер юм. Тэрбээр Аваргуудын лигийн 6-р тойргийн тоглолтод Украины “Шахтёр” багтай (4:0) тоглохдоо шагайндаа бэртэл авчээ. Германы клубийн хэвлэлийн алба Вернерийг ДАШТ-д явахгүй болсныг 11 дүгээр сарын 3-нд мэдэгдсэн байна. Довтлогч 2017 оноос хойш Германы шигшээ багт дуудагдаж байгаа бөгөөд шигшээ багийн гол тоглогчдын нэгд тооцогддог. Тэрбээр Германы шигшээ багийн бараг бүх хоёр дахь тоглолтод гоол оруулж, нийт 24 тоглолтод 55 гоол оруулжээ. Вернер 2017 оны “FIFA Confederations Cup”, 2018 оны ДАШТ, 2021 онд Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон юм. Өдгөө 26 настай довтлогч энэ улиралд “Лейпциг”-ийн төлөө янз бүрийн тэмцээнд 16 тоглолтод оролцож, есөн гоол оруулж, дөрвөн оновчтой дамжуулалт өгчээ.
 
 
“Лейпциг”-ийн довтлогч Кристофер Нкунку
 
Францын шигшээ багийн бас нэгэн "гарз хохирол" нь “Лейпциг”-ийн довтлогч Кристофер Нкунку юм. 11 дүгээр сарын 16-нд Францын хөл бөмбөгийн холбооны хэвлэлийн алба Нкунку бэлтгэлийн үеэр өвдгөндөө бэртэл авч, улмаар шөрмөс нь сунасан гэж оношлогдсон гэж мэдээлжээ. ДАШТ-д түүний оронд Германы "Айнтрахт" багийн довтлогч Рандаль Коло Муани оролцоно. Нкунку 2022 оноос хойш Францын шигшээ багт дуудагдсан бөгөөд шигшээ багийнхаа төлөө найман тоглолтод оролцож, хоёр гоол оруулжээ. Тэрбээр энэ улиралд “Лейпциг”-ийн бүрэлдэхүүнд 23 тоглолтод оролцож, 17 гоол оруулж, дөрвөн оновчтой дамжуулалт өгсөн байна. 
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг