БНХАУ-ын Үндэсний статистикийн газар 2023 оны эдийн засгийн тоо баримтаа танилцуулжээ. Хятадын Дотоодын Нийт Бүтээгдэхүүн 2023 онд 126 их наяд юаньд хүрч, тогтмол үнээр тооцвол өмнөх жилээс 5.2 хувь нэмэгдсэн.Өсөлтийн хурд 2022 оноос 2.2 нэгжээр өссөн. Нэг хүнд оногдох ДНБ 89358 юань болж, өмнөх жилээс 5.4 хувь нэмэгджээ.
Хятадын үндэсний статистикийн газрын дарга Кан И энэ тухай "Эдийн засгийн үзүүлэлтүүдийг өнгөрсөн жилүүдэд өөрсдийн гаргасан тоо баримттай харьцуулж судалсан. Бусад орны тоо баримттай ч зэрэгцүүлж судалсан. Дэлхийн эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд дунджаар 3 хувь гарсан.
Хятадын эдийн засгийн өсөлт дэлхийн дунджаас дээгүүр гарч голлох эдийн засгийг тэргүүлж, дэлхийн эдийн засагт 30 гаруй хувийн хувь нэмэр оруулсан гэв.
Хятадын үл хөдлөхийн хөрөнгө оруулалт 2023 онд 50 их наяд гаруй юанийн хэмжээнд хүрсэн. Энэ нь өмнөх жилээсээ 3 хувь нэмэгдэж, үнийн өсөлтийг тооцохгүй бол 6.4 хувийн өсөлт болж байгаа юм. Салбараар ангилж үзвэл, дэд бүтцэд оруулсан хөрөнгө оруулалт 5.9 хувь өссөн. Боловсруулах салбарын хөрөнгө оруулалт 6.5 хувьд хүрсэн. Харин барилга орон сууцны хөрөнгө оруулалт 9.6 хувь буурсан. Сансар судлал, цахим технологи, холбооны тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт нэмэгдсэн. Ялангуяа дээд технологид хийсэн хөрөнгө оруулалт 10.3 хувиар өссөн гэдгийг онцолж байна.
Мөн Төрийн зөвлөлийн хөгжлийн судалгааны төвийн судлаач Фэн Вэньмэн: "Хятадын гадаад худалдаа 2023 онд тогтвортой өслөө. Бараа бүтээгдэхүүний импорт экспорт 41.76 их наяд юаньд хүрч, өмнөх жилээс 0.2 хувь нэмэгдсэн. Гадаад худалдааны цар хүрээ өргөжиж, чанар сайжирсан. 2023 онд гадаад худалдаа эрхэлдэг Хятадын компани 600 мянга давж, хувийн хэвшил 5 жил дараалан гадаад худалдаанд хамгийн их жин дарав. Хятад улс өнгөрсөн жил 5 сая автомашин экспортолсон гэжээ.
Иргэдийн хэрэглээний зардал 2023 онд өмнөх жилээсээ 0.2 хувь өссөн байна. Оны сүүлчээр, 12-р сард CPI өмнөх жилээсээ 0.3 хувь буурчээ. Жилийн дунджаар авч үзвэл CPI өмнөх жилийн 3 хувийн өсөлтөөс доогуур гарсан байна.
Хятадын үндэсний статистикийн газрын дарга Кан И: " Юмны үнэ өсөхгүй байгаа нь хэрэглээ бага байгааг харуулж байна. Цар тахлын дараа эдийн засаг аажмаар сэргэж буй хэвийн үзэгдэл юм. Үндэсний хэмжээнд хот суурин газрын ажилгүйдэл 5.2 хувь болж өмнөх жилээс 0.4 хувь буурлаа. Улирлаар харвал ажилгүйдэл сар дараалан буурч 5.4 хувь байснаа 5 хувь болжээ" гэв.
Тэрбээр цааш нь 2024 оны эдийн засгийн төлөвийн талаар хэлэхдээ, олон улсад нөхцөл байдал тааламжгүй, дээр нь дотоодын эрэлт хангалтгүй, үйлдвэрлэлийн илүүдэл зарим газар үүсээд байна. Төвийн эдийн засгийн ажлын хуралдааны шийдвэрийг ажил хэрэг болгож, хүндрэлийг даван туулж, эдийн засгаа тогтвортой өсгөнө. 2024 онд хэрэглээг нэмэгдүүлж, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл борлуулалтад тулгарсан бэрхшээлийг шийдэж, гадаад худалдааг сайжруулж, эдийн засгаа хөгжүүлнэ" гэжээ.
Пүрэв - 05 сарын 14,
2026
Сэтгэгдэл0