sonin.mn

БУДАПЕШТ, 2024 оны нэгдүгээр сарын 25 /Reuters/. Шведийг НАТО-д элсүүлэхийг Унгарын Засгийн газар дэмжиж байгаа гэдгийг НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергтэй утсаар ярих үеэрээ илэрхийлсэн гэж Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан лхагва гарагт олон нийтийн X сүлжээгээр мэдэгджээ.


“Унгарын Засгийн газар Швед улс НАТО-д элсэхийг дэмжиж байгааг миний бие дахин мэдэгдсэн” гэж В.Орбан X хуудсандаа бичсэн байна. Тэрбээр мөн Унгарын Үндэсний ассемблейд хандан Шведийг НАТО-д элсүүлэх асуудлаар санал хурааж, соёрхон батлах үйл явцыг дуусгахыг дахин уриална гэдгээ Й.Столтенбергт хэлжээ.


Й.Столтенберг мөн Унгарын Ерөнхий сайдтай утсаар ярьсныхаа дараа В.Орбан болон түүний засгийн газар Шведийг НАТО-д элсүүлэхийг дэмжиж байгаагаа тодорхой илэрхийлсэн гэж мэдэгдлээ. Унгарын парламентын чуулган эхэлмэгц холбогдох баримт бичгийг соёрхон батлах мөчийг тэсэн ядан хүлээж байна гэж тэрбээр X хуудсандаа нийтэлжээ. Туркийн парламент мягмар гарагт Шведийг Умард Атлантын эвсэлд гишүүнээр элсэхийг зөвшөөрснөөр Шведийн гишүүнчлэлтэй холбоотой баримт бичгийг батлаагүй цорын ганц улс нь Унгар болж байна. 



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг