ИСЛАМАБАД, 2024 оны нэгдүгээр сарын 31 /Reuters/. Пакистаны Ерөнхий сайд асан Имран Хан, түүний эхнэр Бушра Хан нарт улсын сан хөмрөгийн эд зүйлсийг хууль бусаар худалдсан хэргээр тус бүр 14 жилийн хорих ял ногдуулсан тухай түүний намаас өнөөдөр мэдэгдлээ.
“Шударга ёсны төлөөх хөдөлгөөн” намын мэдээлснээр, ялын тогтоолд мөн төрийн алба хаших эрхийг 10 жилээр хасах шийдвэр багтсан байна. Шүүхийн шийдвэр гарсны дараахан Бушра Ханыг баривчилжээ.
И.Хан-д төрийн нууцыг задруулсан хэргээр 10 жилийн хорих ял ногдуулснаас нэг хоногийн дараа Исламабад хотын авлигатай тэмцэх шүүх дээрх шийдвэрийг гаргажээ. Пакистанд ирэх долоо хоногт бүх нийтийн сонгууль болох юм.
“Манай шүүхийн тогтолцооны түүхэнд дахин нэг гунигт өдөр тохиолоо” гэж И.Ханы хэвлэл мэдээллийн баг мэдэгдээд, түүнийг буруутгасан хэргийг үгүйсгэж, шүүхийн шийдвэрийг эсэргүүцнэ гэдгээ илэрхийлсэн байна.
Өнгөрсөн наймдугаар сард И.Ханыг 2018-2022 онд Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа төрийн эзэмшилд байсан 140 сая рупи буюу 501 мянган ам.долларын үнэтэй бэлэг зарсан хэргээр өөр шүүхээс гурван жилийн хорих ял оноосон юм.
Лхагва гарагт гаргасан шүүхийн шийдвэрийг мөн уг асуудалтай холбосон боловч тус улсын авлигатай тэмцэх дээд байгууллага болох Үндэсний хариуцлагын товчоо /NAB/ мөрдөн шалгах ажиллагаа явуулсны дараа түүний эхнэрийг мөн хэрэгт буруутгажээ.
Нэрээ нууцлахыг хүссэн прокурорын багийн гишүүн Reuters агентлагт мэдээлэл өгөх үеэрээ шүүхийн шийдвэрийг баталсан байна. Пакистаны Geo News телевизийн мэдээлснээр шүүхийн шийдвэрт мөн их хэмжээний торгууль багтжээ.
И.Хан-д өмнө нь ногдуулсан гурван жилийн хорих ялыг хожим нь тэнсэн харгалзсан боловч бусад хэргийн улмаас торны цаана суусаар байгаа юм. Тэрбээр улсын сан хөмрөгийн бэлгийг хуулийн дагуу худалдаж авсан гэж мэдэгджээ.
Өдгөө 71 настай И.Хан өмнө нь ял шийтгүүлснээр төрийн алба хаших эрхээ таван жилээр хасуулж байсан бол лхагва гарагт гарсан шийдвэрээр 81 нас хүртлээ алба хаших эрхгүй болсон гэсэн үг юм.
Түүний эхнэр Бушрагийн хувьд анх удаа ял сонсож байгаа нь энэ юм. Тэд 2018 онд буюу И.Ханыг ерөнхий сайд болохоос хэдхэн сарын өмнө гэрлэжээ. Энэ нь И.Хан-ы гурав дахь гэрлэлт байв.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Пүрэв - 05 сарын 14,
2026
Сэтгэгдэл1
Энэ манай Эби хэзээ ял авах юм болоо? Зурагнаас авахуулаад зөндөө юм гарна даа.Муу Өлөн новш