Эгэл хүмүүн бид өглөө сэрээд өчнөөн аахар шаахар зүйл бодоод эхэлдэг. Ажил бизнес, амин зуулга гээд л ахуй ертөнцийн түмэн бодолд умбадаг. Далай багш маань өдөр бүр өглөө эрт 04 цагт сэрээд бодь сэтгэлийг бясалгадаг гэнэ лээ. Эгэл сүсэгтэн хүн ч гэсэн өглөө эрт босоод бодь сэтгэлийг бясалгах хэрэгтэй. Эхийн ачийг бясалгах хэрэгтэй. Эхийн ачийг бясалгаад улмаар хамаг амьтны тусын тулд бодь сэтгэлийг бясалгах хэрэгтэй. Бодь сэтгэл гэдэг нь гэгээрсэн сэтгэл, баатарлаг сэтгэл гэсэн утгатай үг юм.Энгийн хүмүүс бодь сэтгэл гэхээр энэ бол сул дорой сэтгэл энэ тэр гээд огт ойлгоогүй байж дорд үзээд байх нь бий.
Буддын сударт “Орчлонд эхлэл байхгүй тул миний төрөлд ч эхлэл байхгүй бөгөөд нэгэн төрлөөс нөгөө төрөлд дамжсаар орчлонд төрөөгүй гэх газар байхгүй, төрснийг нь тоолж баршгүй, ийм тийм амьтны биеийг аваагүй гэх зүйл нэг ч байхгүй, авсан нь тоолж баршгүй, энэ амьтан миний эх болоогүй гэх нэг ч байхгүй, болсон нь тоолж баршгүй, бүх амьтан хүний төрөл дээр миний эх болоогүй гэх нэг нь ч байхгүй, одоо ч гэсэн болох л болно.
Учир иймд бүгд миний ачлан тэтгэсэн эх минь хэмээн бясалгаарай. Миний эх бээр зөвхөн энэ насанд бус, төрөл тэргүүлшгүйгээс тоолшгүй олон удаа миний эх болж байсан билээ. Эх минь энэ насанд эхлээд өчүүхэн намайг умайдаа энхрийлэн асарч, эхээс төрсөн цагт зөөлөн даавуунд өлгийдөж, арван хурууныхаа үзүүрт энхрийлж, биенийхээ илчинд нааж, хайрын мишээлээр өхөөрдөж, баясгалантай нүдээр намайг харж, ариун бусыг гараараа арилган цэвэрлэж, намайг ялимгүй өвдөхөд ихэд санаа нь зовж, өөрийн олсон эд идээ бүгдийг өөрөө ч үл хэрэглэн надад зориулж асардаг. Эх минь элдэв хорлол болон зовлонгоос намайг аварсан тул үлэмж их ачлалтай хэмээн санах хэрэгтэй. Ийнхүү эхийн ачийг санаад ачийг нь хариулах ёсыг бясалгах хэрэгтэй” хэмээн бичсэн байдаг. Энэ бясалгалаа улам гүнзгийрүүлж бодь сэтгэлийн үндэс болсон тэгш сэтгэл, энэрэхүй сэтгэл, асрахуй сэтгэл, төгс баясгалант сэтгэлийг бясалгах хэрэгтэй.
Иймд эхийн ачаар өсөж хүмүүн болсон бид бүгд эхийн ачийг бясалгаж улмаар хамаг амьтны тусын тулд буян үйлдэх нь зүйтэй. Амьтан хүртэл үр төлөө хайрладаг. Алсын ширэнгэн ой шугуйд сэлмэн эвэрт үхэр дөнгөж тугалсан нялх тугалаа дайрч довтолсон араатан амьтнаас хамгаалж тулалдаж байдаг шүү дээ.
Хэрээ шувуу өтөлсөн эх хэрээ шувуундаа идэх хүнс амандаа зуун ирж өгдөг. Амьтан хүртэл өрөвч сэтгэлтэй байгаа биз дээ.Тэгэхлээр хүн өрөвч сэтгэлтэй байх нь мэдээж хэрэг юм биш үү. Эхээ хайрладаг хүн эх орноо хайрлаж чадна. Эхээ хайрладаггүй хүн эх орноо ч хайрладаггүй. Эхийн ачийг санах ёс гэж байдаг бол хамгийн чухал нь эхийн ачийг хариулах ёс гэж бас байна.
Буддын сударт: “Эхийг их ачтай гэдгийг мэдсэн боловч ачийг нь хариулахыг хүсэхгүй байвал үнэхээр өөдгүй хүн болно. Ядарсан хүнд хоол унд, дээл хувцас өгсөн хүнд тухайн хүн эргээд түүнд хариу тус хүргэдэггүй бол ийм хүнийг “Тийм хүнд юм өгснөөс нохойд өгсөн нь дээр” гэж үздэг. Хүний ачийг хариулж мэддэггүй хүмүүс бол нисваанисийн адаар сэтгэл нь хорлогдож зөвхөн амин хувиа бодсон хүмүүс байдаг. Ийм учраас эхийн ачийг болон тус болсон хүмүүсийн ачийг хариулах нь чухал буянт үйл юм. Энэрэхүй сэтгэлийг бясалгах гэдэг нь “Зүрхнээс хайртай нялх хөвгүүн нь өвчинд баригдах цагт эхэд нь нялх хүүгээ зовлонгоос салгахыг хүссэн энэрэнгүй сэтгэл хичнээн их төрдөг аваас тэр мэт сэтгэл амьтан бүрт ялгал үгүй төрөх аваас энэрэнгүй сэтгэл төрсний хэмжээ хэмээн мэдэх хэрэгтэй.” хэмээн сударт бичжээ. Мөн Буддын сударт “Хүн буян үйлдвэл жаргал ирнэ, Нүгэл үйлдвэл зовлон ирнэ. Бодь сэтгэл бол Бурханы номын хөрөнгө. Бодь сэтгэлээс Бурхан мэндэлнэ” хэмээн бичжээ.
Түүнчлэн Ламрим сударт: “Үйлийн үрийг сайтар ухаар. Амьтныг хөсөр орхиж амийг нь хорлож, эд мөнгө, эхнэрийг нь булааж, худал үг, хов үг, ширүүн үг өгүүлэгч хүн тамд унадаг. Тухайн хүн сайн заяанд төрсөн ч нас нь ахар богино, хоосон ядуу, хань ижлээ бусдад булаалгасан, амраг садандаа гологдсон, бусдаас ширүүн үг сонсогч болно. Тусч сэтгэлээр бусдын амийг аварсан, буруу хүслийг цээрлэсэн, өштөнийг эвлэрүүлсэн, эелдэг, үнэн үгийг өгүүлэгч хүн сайн заяанд төрж урт насалж , хүссэн бүхнээ эдэлж, үнэнч нөхдөөр хүрээлүүлж, шударга үгээр олны итгэлийг хүлээж ураг садантайгаа эвтэй амьдарч бусдад магтагдаж жаргах болно” хэмээсэн байдаг.
Эдүгээ цагт хүн гэдэг амьтан улам араатан шинжтэй болж нэг нэгнээн хороож дайн байлдаан хийн, бусдад маш их хорлол хүргэсээр байна. Энэрэнгүй өрөвч сэтгэлтэй хүн улам ховордож байна. Тэр бүү хэл энэрэнгүй өрөвч сэтгэлтэй хүнээ сул дорой хүн хэмээн шоолдог болжээ.
Монголчууд эрт дээр үеэсээ л бодь сэтгэлтэй ард түмэн байсан. Шорон гэж байдаггүй байлаа. Бүсгүйчүүд, хүүхдүүдийг шоронд хорьдоггүй байв. Хүн амины гэмт хэрэг бараг гардаггүй байсан. Монгол хүн хүнийг хайрлаад зогсохгүй унаж яваа морио, хотоо манадаг банхар нохойгоо хүртэл хайрладаг байлаа.
Хангай дэлхий, ургамал усаа хайрлана. Талд ургасан цэцэгсийг ч тасалдаггүй хайрладаг ард түмэн байлаа. Арван цагаан буяныг үйлдэж арван хар нүглийг цээрлэдэг байсан. Бурханы сургаалийг дагаж Бурхан багшийг шүтдэг ард түмэн байлаа. Ер нь Монгол бүсгүйчүүд их л энэрэнгүй сэтгэлтэй хүмүүс шүү. Бидний ээж, эмээ нар их л энэрэнгүй хүмүүс байсан даа. Хүүхдийг хүний өөрийн гэхгүй адилхан л энэрч хайрладаг байсан. Монгол гэрийн эзэгтэй нар гэрт нь ирж зочилсон хүмүүст цай хоол хийж дайлаад эелдэг зөөлөн зангаар хандаж хүндлээд явуулна. Одоо ийм сайхан сэтгэлтэй хүмүүс улам ховор болоод байгаа юм биш үү. Сургуулиудад энэрэнгүй сэтгэлийн тухай, бодь сэтгэлийг хэрхэн олох тухай сайн заахгүй бол өсвөр залуу үе маань орчин үед боловсролтой харгис хүмүүс болчих гээд байна. Сургуулийн багш нар эхлээд өөрсдөө бодь сэтгэлтэй болж түүнийхээ тухай сурагчиддаа сайн заах хэрэгтэй. Сургуулийн хүүхдүүд бие биедээ дээрэнгүй, харгис ханддаг явдал гарсаар л байна. Өнөөгийн Монголын нийгэмд хүчирхийлэл, гэмт хэрэг өссөөр л байгаа. Монголд жил бүр гэмт хэрэгтнүүдийн гарт 300-500 хүн амь насаа алддаг ажээ. Яг л иргэний дайн болж байгаа юм шиг. Хүн төрөлхтөн эдүгээ шашны зөрчил, үзэл суртлын зөрчил, газар нутгийн маргаан , уур шуналаасаа болж бие биенээ хөнөөсөөр байна. Хүмүүс “Бид бол байгалийн эзэн” хэмээн эндүүрч хангай дэлхий, ус ургамлаа устгасаар байгаа. Хүн төрөлхтөн дэлхийн дайнд татагдаж, олон зуун сая хүн үхэж үрэгдсэн түүх буй. Тэр бүү хэл 1945 онд хүнийг үй олноор нь устгах аюултай атомын зэвсгийг бүтээв. Хүн төрөлхтөн одоо ч гэсэн дайн хийж хүмүүсийг хөнөөсөөр байна. Ганц хоёр жишээ хэлэхэд, Орос улс хоёр жилийн өмнө Украинд дайн хийж, энэ хугацаанд Украины 10500 энгийн хүмүүс, үүний дотор 575 хүүхдийн амь насыг хөнөөжээ. Энэ дайнд хоёр тал нийтдээ 600 000 гаруй цэргээ алдсан. Адилхан л славян ахан дүүс шүү дээ. Гэтэл эдүгээ тэд эвлэршгүй дайснууд болцгоожээ.
Хүн төрөлхтөний дайны түүхийг авч үзвэл дэлхийн нэгдүгээр дайнд 11.4 сая, хоёрдугаар дайны үед 85.1 сая хүн амь үрэгджээ. Хэрэв дэлхийн гуравдугаар дайн дэгдвэл эхний цөмийн цохилтод хэдэн тэрбум хүн хоромхон зуур үрэгдэж, амьд үлдсэн хүмүүс нь цөмийн цацраг идэвхт бодис болон цөмийн өвөлд өртөж үхэж дуусах магадлалтай юм. Цэнхэр гариг маань сөнөсөн гариг ч болж мэднэ.
Уг нь манай дэлхий эртнээс эдүгээ хүртэл 4.5 тэрбум жил наслаад байна. Манай дэлхий болон наран бөмбөрцөг дахин 5.5 тэрбум жил наслах магадлалтай юм. Гэвч хүн төрөлхтөн энэрэнгүй бодь сэтгэлтэй болохгүй бол эрт наана нь өөрсдийгөө хөнөөж болзошгүй шүү. Эдүгээ цагт хүмүүсийн сэтгэлд бугшсан шунал, уур, мунхаглал гурав дээр тогтсон сэтгэлийн 84 000 нисваанисыг дарж, Замбуутивийн хүмүүсийг амирлуулах хэрэгтэй байна. Хорин нэгдүгээр зуун бол харгис дайны зуун бус, хайр энэрлийн зуун болох ёстой. Хүмүүс зэвсэг барин тулалдах бус, цэцэг барин золголдох ёстой. Замбуутивийн хүмүүс айн түгшиж амьдрах бус, амар амгалан, аз жаргалтай амьдрах ёстой. Хамаг амьтан Бодь сэтгэлийг олж, Замбуутив амар амгалан амирлах болутгай.
Доржийн СҮХБААТАР
Пүрэв - 05 сарын 14,
2026
Сэтгэгдэл5
БОДИ сэтгэлийн тухай боломжийн төсөөлөл томьёолжээ . Цаана нь БОДОТ \ иррациональ \ сэтгэлгээ гэж бас буй ...
Энэ хорвоо дээр хоёр төрлийн эцэг эх байдаг. Амьдралаа бодож хүүхдүүдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө хүчин зүтгэдэг эцэг эх. Амьдралаа боддоггүй хүүхдүүдийнхээ ирээдүй төлөө хүчин зүтгэдэггүй эцэг эх.
Энэ лам Сүхээг шинэ хамба Жавзаа Гандандаа албанд аваагүй байгаа юмуу ! Буддын шарын урсгалыг гайгүй л сайн сурталчилах юм !
Сайхан л бичсэн байна дан хов жив уншиж байхаар хаая ч болтугай өөр юм уншхаар сайхан байна
Мөнхнаран ээж тбб