sonin.mn

Билгийн тооллын хөх луу жилийн хаврын баярыг тохиолдуулж олон улсын тэргүүнүүд шинэ оны мэнд дэвшүүлжээ.

Тодруулбал Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон 2-р сарын 10-ны өдөр нийгмийн сүлжээнд Хятад хэлээр шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлжээ. Тэрээр дэлхийн өнцөг булан бүрт сар шинийн баяраа тэмдэглэж буй анд нөхөддөө шинэ оны мэнд хүргэж, шинэ жилд эрүүл энх, сайн сайхан байхын ерөөл дэвшүүлсэн байна. Мөн тэрээр, луу жил инноваци, шинэчлэлийг бэлэгддэг бөгөөд Францын бэлтгэж буй бидний арга хэмжээнүүд гайхалтай сайхан байх болно гэжээ.


Тайландын Ерөнхий сайд Сретта Тависин мөн нийгмийн сүлжээгээр баярын мэндчилгээ дэвшүүлж, "Билгийн тооллын хаврын баяр бол Тайландын хятадууд болон Хятадын ард түмний хамгийн чухал баяр юм. Та бүхэнд шинэ оны мэнд хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Тайланд, БНХАУ-ын худалдаа, хөрөнгө оруулалтын ажил урагштай байхыг хүсэн ерөөе. Хоёр улсын хооронд визийн хөнгөлөлт үзүүлэх бодлого нь иргэд хоорондын солилцоо, аялал жуулчлалыг илүү хялбар, түргэн шуурхай болгоно гэдэгт итгэлтэй байна" гэсэн байна.


Мөн Японы Ерөнхий сайд Фумио Кишида саяхан өөрийн албан ёсны цахим хуудаснаа шинэ оны мэндчилгээ нийтэлж, "Японд ажиллаж, амьдарч буй Хятадууд, Хятадын цагаачид, дэлхийн орнуудын хаврын баярыг тэмдэглэж буй бүх хүмүүст шинэ оны мэндчилгээ дэвшүүлье" гэв.


Г.Бямба