sonin.mn

АФИН, 2024 оны хоёрдугаар сарын 16 /BBC/. Грек улс ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуулиар зөвшөөрсөн анхны үнэн алдартны шашин давамгайлсан орон боллоо.

Пүрэв гарагт Грекийн парламент хуулийн төслийг 176-76 саналын харьцаагаар баталсан бөгөөд ижил хүйстэн хосуудад хүүхэд үрчилж авахыг зөвшөөрчээ. Ерөнхий сайд Кириакос Мицотакис мэдэгдэхдээ, шинэ хууль “ноцтой тэгш бус байдлыг зоригтойгоор арилгах болно” гэлээ.

Гэвч эл шийдвэр нь үнэн алдартны сүмийн зүгээс ширүүн эсэргүүцэлтэй тулгарч, улс орныг хуваагдахад хүргэж байна. Ийм байр суурийг дэмжигчид Афин хотод эсэргүүцлийн жагсаал хийсэн бөгөөд нийслэл хотын Синтагматос талбайд олон хүн уриа лоозон, загалмай барьж, залбирч, Библийн хэсгээс дуулжээ. Үнэн алдартны сүмийн тэргүүн Иеронимос хэлэхдээ "энэ шийдвэр манай улсын нийгмийн эв нэгдлийг сүйтгэнэ" гэжээ.





Уг хуулийн төслийг 300 гишүүнтэй парламентаар батлахын тулд ердийн олонхын санал авах шаардлагатай байв. Уг хуулийн төслийг батлахад сөрөг хүчний намуудын дэмжлэг шаардлагатай байсан бөгөөд Ерөнхий сайдын харьяалагддаг барууны төвч үзэлт эрх баригч намаас парламентад сонгогдсон олон арван гишүүн эсэргүүцэж байжээ. “Энэхүү шинэчлэл нь олон хүний амьдралаас юуг ч хасаж өөрчлөхгүйгээр тодорхой тооны иргэнийхээ амьдралыг сайжруулна” гэж Ерөнхий сайд хэлсэн байна. Санал хураалтын дүнг Грекийн ЛГБТ байгууллагууд талархан хүлээн авчээ.





Европын Холбооны 27 гишүүн орны 15-д нь, нийтдээ дэлхийн 35 оронд ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуулиар зөвшөөрсөн байдаг. Грекийн хувьд өнөөг хүртэл Европын хөрш зарим улсаас хоцорч ирсэн нь сүм хийдүүдийн эсэргүүцэлтэй холбоотой байлаа.



Э.Хулан


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг