ТОКИО, 2024 оны хоёрдугаар сарын 27 /Kyodo/. Японы сарны аппарат дэлхийтэй холбоогоо сэргээж, Сарны гадаргуугийн шинэ зургийг авсан нь уг хөлөг өнгөрсөн сард газардсаныхаа дараа Сарны тэсгим хүйтэн шөнийг давж чадсаныг харууллаа гэж сансар судлалын JAXA агентлаг даваа гарагт мэдээлжээ.
“Өнгөрсөн шөнө Сарыг судлах ухаалаг буугч аппарат /SLIM/ руу комманд илгээж, хариу хүлээн авсан” гэж JAXA-гийн багийнхан X сүлжээгээр мэдэгджээ. Уг аппаратын газардсан хэсэгт нэгдүгээр сарын сүүлээр харанхуй болсонтой холбоотойгоор унтаа горимд шилжээд байсан юм.
SLIM нь -170 хэм хүртэл хүйтэрч, хоёр долоо хоног орчим үргэлжилдэг Сарны шөнийг тэсвэрлэхэд зориулагдаагүй гэдгийг тус багийнхан өмнө нь мэдэгдэж байсан билээ. Гэхдээ нарны хавтан дээр нь нарны гэрэл тусаж, эрчим хүч үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд навигацийн камерын ажиллагаа даваа гаргаас сэргэжээ.
Ням гаргийн оройны 19 цагаас хойш мэдээлэл хүлээн авсан тул SLIM ажиллаж байгаа нь батлагдсан гэж JAXA мэдээлсэн байна. Гэвч зарим тоног төхөөрөмжийнх нь температур нарны гэрлийн нөлөөгөөр 100 хэмээс дээш халж, богино хугацааны дараа холбоо тасарчээ.
Температур буурсны дараа JAXA Саран дээрх эрдэс бодисыг судлах чадвартай тусгай камер зэрэг тоног төхөөрөмжийн ажиллагааг баталгаажуулахаар төлөвлөж байна. Япон улс нэгдүгээр сарын 20-нд ЗХУ, АНУ, Хятад, Энэтхэгийн дараа Саран дээр аппаратаа газардуулсан тав дахь орон болсон юм. SLIM нь газардах ёстой цэгээсээ 55 метрийн зайд бууснаар урьд хожид байгаагүй өндөр нарийвчлалтайгаар газардах JAXA-ийн зорилгыг биелүүлжээ.
Нарны хавтангууд нь Нар луу зохих ёсоор чиглээгүй байсны улмаас анх эрчим хүч үйлдвэрлэж чадахгүй байсныг үл харгалзан SLIM Саран дээр гүйцэтгэх даалгавраа үргэлжлүүлж, нэгдүгээр сарын 31 хүртэл төлөвлөсөн ажлуудаа дуусгасан байна.
Өнгөрсөн оны наймдугаар сард Саран дээр газардсан Энэтхэгийн “Чандраян-3” аппараттай Сарны шөнийн дараа холбоо тогтоож чадаагүй юм.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Ням - 05 сарын 10,
2026
Сэтгэгдэл1
Япkны ард түмэнд баяр хүргэж амжилт ерөөе!