sonin.mn

Монголын уран зохиолын том төлөөлөл бол Төрийн шагналт, СГЗ зохиолч Ц.Доржготов гуай билээ. Зохиолч Ц.Доржготов нь Дэлхийн Хошин Зохиолчдын “Алёко” наадмаас алс тэртээ 1976 онд “Мөнхийн ус” хошин өгүүллэгээрээ дээд шагнал гранпри “Мөнгөн зараа”-г хүртэж байсан түүхтэй. Мөн түүний шог зураг ХХ зууны шилдэг 106 зураачийн бүтээлийн тоонд багтсан бөгөөд эдүгээ нас сүүдэр 85 хүрч буй зохиолч маань Монголд төдийгүй дэлхийд нэрээ гаргасан уран бүтээлч юм.


Гэтэл “Х ТҮЦ” хамтлаг нь зохиолч Ц.Доржготовын өгүүлэг, туужийг зохиолчийн зөвшөөрөлгүй хулгайлан кино контент, хошин үзүүлбэр болгон тоглож амташсан гэхэд болно. Гурван жилийн өмнө нэрт зохиолчийн “Улаан хамбан дээлт ба дэлхий даахгүй баян” нэртэй 1995 онд бичсэн өгүүллэгийг тус хамтлагийн жүжигчин Л.Баттулга буюу Л.Аглуу зохиогчийн эрхийн зөвшөөрөлгүй “Дэлхий даахгүй баян” нэртэй кино контент болгон нийтэд түгээж, ашиг орлого олсон байдаг.


Энэ талаар зохиолчийн ар гэрийнхэн Л.Аглуутай уулзаж, хатуу сануулаад өнгөрч. Тэгтэл амташсан хэрээ арван гурав дахихын үлгэрээр “Х ТҮЦ” хамтлаг зохиолчийн “Цагийн өнгө” туужийг хошин шоу үзүүлбэр болгон нийтэд олонтаа тоглож, дараа нь “Базарваань” нэртэй инээдмийн кино контент хийж, ахин ашиг орлого олжээ. Зохиолч Ц.Доржготов “Цагийн өнгө” туужаа 1978 онд бичсэн бөгөөд 1990 онд “Тэнгэр дуугарахын өмнө” номондоо оруулж, хожим нь “Найман тууж” ботьдоо мөнөөх туужаа багтаасан байдаг. Энд нэг зүйлийг онцлоход “Цагийн өнгө” туужийн гол дүр нь Базарваань гэдэг залуу байдаг бөгөөд “Х ТҮЦ” хамтлаг зохиолыг нь хулгайлахдаа гол дүрийн нэрээр нэрлэсэн аж. 


Зохиолч нь Зохиогчийн эрхийн тухай хуулинд заасны дагуу амины болон онцгой эрх эдэлдэг. Зохиогчийн амины эрхэд


1. Бүтээлийг нэргүйгээр нийтлэх

2. Зохиол бүтээлийг өөрчлөх задруулахыг хориглох

3. Бүтээлийг нийтийн хүртээл болгох, ашиглах тутамд зохиогчийн нэрийг дурдах

4.Бүтээлийн зохиогчийн зөвшөөрөлгүйгээр нийтийн хүртээл болгох, ашиг орлого олох

5. Зохиолчийн нэр хүндэд нь хохирол учруулах, зохиолыг гажуудуулах, хувиргах, өөрчлөхийг хориглох


Мөн хуулийн 1.хуулбарлах, 2.нийтэд түгээж ашиг орлого олох, 3.дамжуулах, 4.түрээслэх, 5.нийтэд тоглох, 6.үүсмэл бүтээл болгон өөрчлөх гэх мэт олон хуулиудыг зөрчжээ.

Нэрт зохиолч Ц.Доржготов нь нийгмийг соён гэгээрүүлэх, ухаарал өгөх гэсэн “Цагийн өнгө” туужийг дур зоргоороо өөрчлөн, марзагнал болгон зохиолын амин сүнсийг гажуудуулсан, зохиогчоос зөвшөөрөл аваагүйд гомдолтой байгаа аж. Иймээс харъяа дүүргийн дагуу шүүхэд хандахаас гадна Оюуны өмчийн газарт давхар гомдол гаргасан байна. Зохиолч маань “Би тэднээс цайны мөнгө горьдсондоо шүүхэд хандаагүй. Удаа дараа зохиол бүтээлийг минь хулгайлан өөрсдийн бүтээл мэтээр нийтэд тоглож, мөн нийгэмд хэлэх гэсэн санааг гажуудуулж намайг дорд үзсэнд гомдолтой байна” хэмээжээ.