БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” ажиллагааны хүчний командлагчийн тушаал, Юнити секторын командлагчийн тушаалаар Монгол Улсын Зэвсэгт хүчний 13 дугаар ээлжийн цэргийн багийн нэгдүгээр мотобуудлагын ротын хүч нэмэгдүүлсэн салаа энхийн гэрээний хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, хүний эрхийн зөрчлийг хянах, шалгах, илтгэх, орон нутгийн энгийн номхон ард иргэд болон НҮБ-ын ажилчид аюулгүй байдлыг хангах, хамгаалах хүрээнд 02 дугаар сарын 26-наас 08 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл зургаан сарын хугацаанд Абьемном сууринд “Сүбээдэй” түр ажиллагааны баазыг байгуулж үүрэг гүйцэтгэж эхэллээ.
Абьемном суурин нь Судан Улстай хил залгаа оршдог хилийн дагуух бүс нутаг учир хууль бус зэвсгийн наймаа, хүн хулгайлах, хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийлэх гэмт хэргийн гаралт хамгийн өндөр бүс нутгуудын нэгт тооцогддог. Мөн 2021 онд тус улсад сүүлийн 60 жилийн хугацаанд гараагүй үерийн гамшиг нүүрлэсэнтэй холбоотойгоор Жуба хотоос Бентью суурин чиглэлд НҮБ-ын хангалтын цуваа зорчдог байсан төв замууд бүрэн хаагдсаны улмаас тус хангалтын цуваа нь Абьемном суурингаар дамжин өнгөрөх болсон юм. Үүнээс үүдэн өлсгөлөнд нэрвэгдсэн орон нутгийн ард иргэд, дүрвэгсэд НҮБ-ын хангалтын цуваа руу халдлага үйлдэх тохиолдол сүүлийн саруудад эрс нэмэгдэж НҮБ-ын хэд хэдэн ажилтан шархдаж, Гана, Пакистан Улсын 2 цэргийн алба хаагч нас барсан тохиолдол гарсан байна.
Бид бүхнийг “Сүбээдэй” түр ажиллагааны баазыг байгуулах газарт очиход +60 гаруй градусын халуун нар эгц дээрээс төөнөсөн, эзгүй, хоосон хээр тал угтсан хэдий ч манай цэргийн алба хаагчид ажрах зүйлгүйгээр түр ажиллагааны баазыг байгуулах, төхөөрөмжлөх ажилдаа ханцуй шамлан орцгоосон юм. Монгол Улсын Зэвсэгт хүчний 13 ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс ажиллагааны газар оронд албан ёсоор үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Тэгвэл энэ өдрөөс хойш батальоны хариуцлагын бүсэд үхрийн хулгай 5353, хүн хулгайлах гэмт хэрэг 12, омог отог хоорондын мөргөлдөөн 30, зэвсэглэсэн этгээдүүдийн отолт 20 удаа, хүн барьцаалах гэмт хэрэг 2 удаа бүртгэгдсэн бөгөөд тагнуулын мэдээгээр эдгээр гэмт хэргийн дийлэнх хувь нь Абьемном сууринд үйлдэгдсэн байна.
Ням - 05 сарын 10,
2026
Сэтгэгдэл2
Аргагүйл Чингисийн дайчид шүү
Mundag zaluusaaraa baharhaj baina