sonin.mn

Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа (СВО) 754 дэх хоног дээрээ ирж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Freeдom ТВ, оросын TV Rain (Дождь) ТВ, Oросын эрх чөлөө легионы нэг захирагч Алексей Барановский, НАТО-гийн судалгааны ажилтан Янис Сартс нарын ярьсан бичсэн эх сурвалжаас түүвэрлэн орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.


Хоёр жил нэг сарын өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өөрөө нийтэд зарлан байж Цэргийн тусгай ажиллагаа–“Специальная военная операция” (СВО) гэдгийг эхлүүлсэн. Бэлгэ тэмдэг нь «Z», «V» гэсэн хоёр латин үсэг болж түүхэнд орсон. CBO гэдэг товчлолыг мэдэхгүй хүн гэж үгүй.


Хоёр жилийнх нь байлдааныг ажваас СВО нь цохилтын нударгынхаа 90%-ийг алдсан (энэ нь 2022 оны хоёрдугаар сард Украинд цөмрөн орсон цэргийн 90% гэсэн үг), тэгснээрээ СВО тавьсан зорилгынхоо 90%-д ч хүрээгүй байна. Донбассыг хагас дутуу эзлэн авсан, цаашаа Украины хоёр мужийг хагас дутуу эрэмдэглээд хаясан, одоо агаараар пуужин, дрон, нисэгчгүй онгоц хөөргөж Украины хотууд, хорооллууд, хүн ардыг пуужингийн терророор айлгаж сүрдүүлэх, сэтгэл санаагаар унагахаас өөр гийгүүлсэн юмгүй. Бүр хорлонтой арга сонгосон. Пуужингийн цохилтод өртсөн газар аврах баг очмогц дахин тэр цэг рүү цохилт өгдөг. Аль болох олон аврагч, эмч, онцгойнхныг алах зорилгоор. Ялахгүйдээ хорсож атаархсан Oрос яахаас ч буцахгүй.


Анхлан “Киевийг 3 өдөрт”, “нийт Украиныг 7 хоногт” гэсэн хатуу төлөвлөгөөтэй эхлүүлсэн СВО-гоо оросын эрх баригчид бүрэн хэмжээний дайн гэж зарлан байлдуулах зүрх хүрдэггүй. Тэгвээс нийслэл Москва улаан түймэрт автана, нийт Орос даяар хорлон сүйтгэл дэгдэнэ, хүн ард босч тэмцэнэ гэдгээс үхтлээ айсандаа СВО-гоо зовж тарчлан үргэлжлүүлэн байна. 


Гэтэл СВО-г нь сөргүүлээд ОХУ-ын өөрийнх нь орос иргэд Специальная освободителная операция (СОО) буюу Чөлөөлөх тусгай ажиллагаа гэдгийг дэгдээв. Өнгөрсөн 7 хоног тэр чигтээ СОО-д зориулагдсан мэдээгээр дүүрлээ. Легионы нэг захирагч Алексей Барановский Freeдom ТВ-ийн “Аргумент” хөтөлбөрт ярилцлага өгчээ. ОХУ-ын Белгород, Курск мужид СОО-г эхлүүлээд одоо оросын арми, хүчнийхэнтэй ширүүн тулалдаж байна, оросын иргэд тийшээ давшиж орсон Легион, РДК, Сибирийн батальоны талаар анхны ойлголт мэдрэмжээ авсан, оросын армийн объектууд цохилт амссан, тэд хэрэв ялалтаа бататгаж чадвал Москва хүртэл давшина, Орос эх орныхоо эсрэг босч тэмцээгүй, зөвхөн Путин ба түүний хүрээллийн эсрэг, Оросын ард түмнийг хорин хэдэн жил дарлан доромжилж, мал адгуус болгосных нь эсрэг, Оросын ард түмнийг дарангуйлагч дэглэмээс нь салгахын төлөө байлдана, Курск ба Белгородыг чөлөөлөгдсөн бүс нутаг болгоно, Тёткинод Оросын шинэ засаг захиргааг зарлана гэж ярьжээ. Оросын армийн задрал хэдийнээ эхэлсэн, Оросын армид алба хаана гэдэг одоо юу гэсэн үг вэ гэвэл амиа алдана, алуулна, махан шуурганд золиослогдоно, тийм учраас Оросын ардчилсан сайн дурынхны армид ирж нэгдэх нь зөв, эрх чөлөө мандтугай–А.Барановскийн уриалга.


Легион, РДК, Сибирийн батальоны давшилтыг дүгнэж цэргийн шинжээч Олег Саакяны ярьсныг А.Барановский давтжээ. “СВО” нь төлөвлөгөөний дагуу явагдахаа болиод удаж байна, СВО-гийн газар зүй ОХУ-ын өөрийнх нь нутаг дэвсгэрт нэгэнтээ шилжээд ороод ирсэн. СОО нэртэй болсон. Одоо нутгийн гүн рүү үргэлжилнэ, Оросын дэглэм Путинээ ялуулчих санаатай давшилтад саад хийнэ, тэгэхдээ Путинээс өөр альтернатив Орост байхгүй гэдгийг нотлохыг зорино. Путингүй бол Орос орон сөнөнө хэмээн ухуулах нь эргээд Оросын ард түмэнд бүр ч их айдсыг авчирна хэмээн А.Барановский нууж хаалгүй ярив. Барановскийн ярьсантай давхцаад Беларусийн сөрөг хүчний армийн тухай мэдээ түгэв.


“Кастусь Калиновскийн нэрэмжит хороо” Беларусийн нутаг дэвсгэрт нэвтрэн орж Легион, РДК, Сибирийн батальоны адилаар Лукашенкогийн дэглэмийн эсрэг СОО эхлүүлж магадгүй болжээ. Энэ хороо нь оросын гурван батальоныг бодвол сайн дурынхны цэргийн бүхэл бүтэн хороо болтлоо батальоноос томорч, 2022 оны хоёрдугаар сард Украины нийслэлийг хамгаалах тулалдаанд оролцсон, дотроо “Беларусь” гэсэн тактикийн бүлэгтэй, эгнээнд нь беларусь, литвагийн иргэд байдаг гэжээ.


Орос, Зөвлөлтийн түүхэнд богино хугацаанд үзээгүй их хохирлоо одоо Ерөнхий командлагч Путины өнгөн дээр амсан байна. Oросын арми нь агуулахад байсан нөөцийн танкны 40 орчим хувийг дайны талбарт хэрэглээд ихэнхийг нь сөнөөлгөсөн. Сөнөөлгөсөн танк 6800 руу дөхөж байна. Хэрэв одоогийн алдагдлын хувь хэмжээгээр тооцвол, мөн нэмэгдэж сөнөхийг нь урьдчилан төсөөлбөл, тэгээд танк үйлдвэрлэлийн өнөөгийн түвшин, хурд огцом өөрчлөгдөхгүй бол Орост ойрын хэдэн жилд танк, байлдааны хуягт машин (сөнөөлгөсөн нь 13000 руу дөхөж байна), байлдааны хүнд техникийн (сөнөөлгөсөн их буу, тийрэлтэт их буу нь 11.5 мянга) ноцтой хомсдол үүсэх тухай гадаадын цэргийн шинжээчид дүгнэж, Оросын ТВ-ийн эх оронч ток-шоугаар ч өөрсдөө сулхан анхааруулж байна. Оросын их зэвсэглэл дуусашгүй биш гэнээ. Хэрэв тийм хомсдол үүвэл ОХУ-ын Зэвсэгт хүчний ноён нуруу-суурь-их бие задрахын эхлэл болно. 


Агаарын ба сансрын хүчин ч таатай биш үзүүлэлттэй байна. Бас л Орос, Зөвлөлтийн түүхэнд богино хугацаанд үзээгүй их хохирлоо (сөнөөлгөсөн нисэх онгоц, нисдэг тэрэг нь 680 орчим) амссан ба Украины тэнгэрт зориглон нисдэг нисэгчгүй, олон арван жилээр мэргэжүүлж мэргэшүүлж бэлтгэсэн нисэгчдийнхээ ноён нурууг аваад хаячихсан байдалтай. Тэнгисийн цэрэг ч ялгаагүй. СВО-г хэрэгжүүлэх явцад Хар тэнгисийн флот нь 30-40% хохиролтой (алагдсан, амиа алдсан усан цэргүүдийг тооцохгүйгээр), эдүгээ Орос нь далайд гарч зүрхэлдэггүй, хашаандаа нуугдсан флоттой болжээ. Финланд, Швед хоёр НАТО-д элссэнээр Балтийн тэнгис нь “НАТО-гийн дотоодын нуур” гэсэн статустай болж, хэрэв ОХУ санкцын зовлонгоо эдэлсээр байх аваас Балтийн ба Хар тэнгист Дэлхийд далайд гарах худалдаа-арилжааны флотгүй болох дээрээ тулжээ. Газар дундын тэнгист Сирийн эрэг хавьд байгаа байлдааны хөлгүүд нь их засварт орох болсон, Хар тэнгис рүү нэвтрэх нь аюултай, украины тэнгисийн дрон төрөл төрлөөрөө амдан хүлээж байгаа, иймд Дэлхийн далайгаар даялаад Владивосток руу очихоос өөр гарцгүй. “Украин нь Хар тэнгис дэх санаачилгыг гартаа авсан. Энэ нь маш чухал бөгөөд байлдааны ажиллагаа явуулах нөхцөл болзлоо бид тавих боломжтой боллоо гэсэн үг. Хар тэнгист 5 дахь өдрөө оросын байлдааны хөлөг онгоц орж ирээгүй байна”–Украины тэнгисийн цэргийн хүчний командлагч Дмитрий Плетенчук дүгнэж байв.


НАТО-гийн стратегийн коммуникын тэргүүн туршлага судлах төвийн захирал Янис Сартс “Европейская правда” сонинд ярилцлага өгчээ. Дайнд Орос ялж, Европ сөхрөх тухай элдэв сценар бол сургалтын-иргэний хамгаалалтын зориулалттай, эсвэл санаанаасаа зохиож хөгжүүлсэн таамаглал төдий болохоос нотлогдсон, гарцаагүй бодитой хэтийн зураглал биш. Өмнө нь Бундесверээс сургалтын зориулалтаар сценар зохиомжлон нууцласныг германы Bild сэтгүүлд авч тавьсан, ОХУ-НАТО-гийн хооронд зэвсэгт мөргөлдөөн дэгдвэл хэрхэх вэ гэсэн сургуулилт, иргэний хамгаалалтын баримт бичгийг нууцын зэрэглэлд оруулчихсан нь уг баримт бичгийг үнэд оруулан сенсаац дэгдээх далим болжээ. Ер нь Орос ба Барууны хооронд мөргөлдөнө, зөрчилдөнө, түүнээс тийм үр дагавар гарна гэдгийг сар сараар зохиомжлон сценар болгож танилцуулдаг. Сүүлчийн тийм сценараар 2025 оны зун гэхэд Орос нь НАТО-тай байлдана гэж таамагласан болохоос яг дайтах гэж байгаа хэрэг биш ажээ. ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд Борис Писториус өмнө нэг мэдэгдэж байсанчлэн Европын батлан хамгаалах аж үйлдвэр 5-8 жилд хүчин чадлаа нэмэгдүүлэн байж Оросын түрэмгийллийг хазаарлан барих шаардлагатай болно гэсэн нь Орос асар их хүчтэй байна гэсэн үг биш. Иймд албан хэрэгцээний нууц мэдээлэл болгоныг хэвлэлээр сенсаацлан, НАТО-гийн цэргийн хөдөлгөөн байршлын тухай цуурах нь буруу юм. Бундесверээс батласан “Батлан хамгаалах альянс–2025” гэсэн баримт бичгийг 2024 оны хоёрдугаар сараас мөрдөж эхэлсэн. Түүнд бичихдээ Орос нь Ерөнхийлөгчийн сонгуулийнхаа дараа 200 мянган цэрэг нэмж дайчлан Украины эсрэг хаврын довтолгооноо эхлүүлнэ, АНУ-д Ерөнхийлөгчийн сонгууль явагдсаны дараа шинэ Ерөнхийлөгч иртэл лидергүй байх тэр зурвас үед Орос нь Беларусийн дэмжлэгтэйгээр “2014 оны Украины зохиомж”-ийг НАТО-гийн нутаг дэвсгэрт туршиж мэдэх юм. Иймд НАТО нь дорнод жигүүртээ тогтоон барих хүчний 300 мянган цэрэг, түүний дотор Бундесверын 30 мянган цэрэг нэмж илгээх хэрэгтэй гэснээс өөрөөр дурдаагүй гэжээ.


Opoc, англи хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь