sonin.mn

УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржханд сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Энэ үеэрээ: "Таны төрсөн ах Сү.Батболдтой хамтран оффшор данс эзэмшдэг гэж үнэн үү? Ер нь та өнгөрсөн дөрвөн жилд юу хийв?" гэсэн асуултад тэрээр: "Миний ах бол инженер хүн. Одоо тэтгэвэртээ гарсан. Ямар нэгэн компанийн хувь огт байхгүй. Сү.Батболд гэдэг хүнтэй холбоогүй. Инженер хүн бол олон чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Надад оффшор данс байхгүй. Хамаатан саднуудад маань улстөрийн нөлөө бүхий хүнтэй холбогдож ажилладаг дундын өмчлөл огт байхгүй. Сонгууль дөхөөд янз бүрийн харлуулалт явж байх шиг байна.



Сү.Батболд гэдэг хүнтэй УИХ-ын гишүүн болсноосоо хойш нэг л удаа үг сольж үзсэн. Хэрэв Сү.Батболдтой хамааралтай бол хариуцлага хүлээхэд бэлэн.



Миний хувьд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг анхлан санаачлаад, иргэдтэй уулзаад, Монголын 30 жилийн зовлонд цэг тавьсан. Тогтолцооны өөрчлөлтийг хийсэн. Үүний үр дүнд бие биенийхээ хөлөнд дэгээ тавьдаг, харлуулдаг, хөгждөггүй, ядуу буурай энэ улсын тогтолцоог өөрчилж чадсан. Парламентийг бэхжүүлж чадсан. Монгол улс дахиж дарангуйлал руу орохгүй. Монгол улсад дахиж нэг нам дангаараа засаг барих боломжгүй болсон.



Төр нэр хүнд муутай байгаа нь, иргэд улстөрд дургүй болсон нь, нам муухай, хувь хүн гоё гэдэг тархи угаалт 15 жил явж ирсэн нь гадна дотны нөлөөгөөр орж ирсэн тархи угаалт. Үүний үр дүнд бид эзэн хаантай болж, дарангуйлал руу орчих байсан юм.



Үүнийг бид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийж зогсоосон. Парламентад олон нам орж ирэх ажлыг би удирдаж хийсэн. Үүнийг Т.Доржханд ганцаараа хийж чадахгүй, МАН-тай нийллээ гэж холбодог зүйл байгаа. Холбож болно. Намайг харлуулж болно. Гэхдээ манай нам ялах нь чухал биш. Танай нам ч ялах нь чухал биш. Монгол улс ялах нь чухал. Монгол улсыг дарангуйлал руу оруулахгүйн тулд, иргэдийн үгээ хэлэх эрх чөлөө, бизнес хийх эрх чөлөөг хамгаалахын тулд энэ өөрчлөлтийг хийсэн. Тийм учраас намайг харлуулахыг нэр төртэйгээр хүлээж авна. УИХ-ын гишүүн, улстөрч гэдэг бол алга ташуулаад байдаг ажил биш юм байна. Дандаа гүтгүүлдэг, харлуулдаг юм байна." хэмээн хариуллаа.



Н.Отгончимэг