sonin.mn

Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа (СВО) бүтэн 2 жил 2 сар руугаа (782 өдөр шөнө) ойртож байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Freeдom ТВ, unian.net сайтын байлдааны мэдээ, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, украины урвагч коллаборант Олег Царев, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нарын ярилцлагаас орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.



Энэ 2024 оны хавраас дайнд шинэ хандлага харагдлаа. ОХУ нь шөнө алгасахгүй Украины эрчим хүчний дэд бүтэц, ТЭЦ, орон сууцны хорооллыг пуужин, дроноор бөмбөгддөг боллоо. Шөнө алгасахгүй байна. Фронт дээр хуурай газраар давшаад нэмэргүй, стратегийн ялалт хангах нь бүү хэл оператив-тактикийн ялалтгүй, нийт давшилтын 60% нь дан гарз хохирол. Хар далайд ч ялалтгүй, ухарсан. Нийт флотынхоо гуравны нэгийг сөнөөлгөсөн.


Орос нь цэрэг, зэвсэг, байлдааны техникээ олноор нь алдаж байгаагаа нөхөх гэж шөнийг сонгон авч агаараас пуужиндаж харвана. Украины тэнгэрт түүхэндээ хамгийн олон баллистик пуужин хэрэглэсэн агаарын дайн өрнөж байна. Дайны түүхэнд анх удаа дронууд, нисэгчгүй онгоцнуудын бөөгнөрсөн дайн гэж тэмдэглэгдэнэ. Шөнө алгасахгүй пуужин бөмбөг дроноор халдаж байгаа нь хэд хэдэн зорилготой. Юуны өмнө 


  1. Өс хонзон, гомдол гуниг, нөхөн төлбөр явж байна. 
  2. Украины ард түмнийг үүрд золигт гаргах хорон санаа нь. Дундад зууны харанхуй лаа, дэнгийн гэрэл рүү аваачих. 
  3. Украины ард түмний эр зориг, шантаршгүй чанарыг нугалаж бууж өгүүлэх ажээ. 


Тиймдээ ч НҮБ-д суугаа Оросын элчин сайд Василий Небензя ичиж зовохгүй мэдэгдэв: Украины асуудлаар олон улсын олон уулзалт удахгүй эхлэнэ. Уулзалтуудаар ярих цорын ганц сэдэв бол ямар ч болзолгүйгээр Киевийнхэн бууж өгөх явдал байх болно. Та бүхнийг үүнд бэлтгэлтэй байхыг би зөвлөж байна гэжээ. Харанхуй шөнө тасралтгүй пуужиндаад, шатаагаад, алаад устгаад байвал украинчууд хар аяндаа буугаад өгчихнө гэж Кремльд мухраар сүсэглэчихжээ.


Түүнийгээ В.Путин А.Лукашенкод тайлбарлан ярьж байна: Бид тэдний эрчим хүчний байгууламжид цохилт өгч байгаа нь Украины батлан хамгаалах болон аж үйлдвэрийн цогцолборт шууд, шууд бусаар нөлөөлж, цэрэггүйжүүлэх зорилтоо биелүүлж байна гэсэн үг. Нэмж дурдахад бид эмнэлэг, сургуулийг нь цахилгаангүй болгохгүйн тулд өвлийн улиралд ийм цохилт өгөхгүй байгаа. Энэ бол “хүмүүнлэгийн зорилгоор” тэгж хандсан хэрэг гэв.


“Хүмүүнлэгийн зорилгоор” урин дулаан цагт өдөр уртассан гээд цохилт тасралтгүй өгөөд байх юм биз дээ. “Хүмүүнлэгийн зорилгоор” урин дулаан цагт ирэх зун өргөн хэмжээний давшилт хийхийн тулд 300-400 мянган цэрэг татах, гэрээгээр авч байлдуулах төлөвлөгөө Кремльд боловсруулсан. Цэргийн тоо ч зорилгодоо хүрнэ. Гэхдээ тэрхүү 300-400 мянган цэрэг нь байлдах мотивацтай болж чадах уу гэдэг нь оросын эрх баригчдыг зовооно.


Иймийн тулд “Эх орноо чөлөөлөх дайн” гэдэг суртлыг тасралтгүй хийж ирэв. “Украин гэж улс орон байхгүй, зөвхөн нэр”, “Киев-Энэ бол Орос”, “Түр хүлээ. Украин мөд чөлөөлөгдөөд алга болно, зөвхөн Польш ба Орос л гэж байх болно”, “Гугл карт дээр ЛНР ба ДНР” гээд аль хэдийнээ баталгаажаад орчихсон, “Даян дэлхий Луганск, Донецкийг Оросынх гээд хүлээн зөвшөөрчихлөө”, “Украин руу Орос 2022 онд довтлохдоо зөвхөн нацистуудаас нь чөлөөлөх гэж” гэсэн суртал нэвтрүүлэг үл тасарна.


Ольга Скабеевагийн хөтөлдөг Оросын “60 минут” ТВ-ийн эфирээр Украины нэртэй коллаборант Олег Царев харамсан ярьж харагдав. “10 жилийн өмнө энэ дайнаа эхэлчихсэн бол өлхөн ялчих байлаа. Одоо даан ч нэмэр алга” гэв. “Зөвхөн Крымд төдийгүй Львовт санал асуулга явуулсан бол 10 жилийн өмнө бүгдээрээ Орост нэгдэе гэж санал өгөх байлаа. Львовт оросын армийг цэцэг бариад угтах байлаа” гэж ярихад нь кремлийн суртал нэвтрүүлэгч Скабеева нүдний гал унтарч, хоолой нь зангираад явчихав. “Украиныг эхний цохилтоороо л Орос ялаагүй бол одоо нэгэнтээ өнгөрсөн ба xөргөгч телевизорыг ямагт ялдаг” хэмээн Царев хэлсэн нь Орос одоо мянга байлдаж бөмбөгдөөд нэмэргүй боллоо гэсэнтэй адил дуулдав. Скабеева зөвхөн “Бид тэднийг чөлөөлнө, дараа нь Мариуполь шиг хөгжүүлнэ” гэхээс өөрийг хэлж чадсангүй.


Тэгвэл Украины Ерөнхийлөгч В.Зеленский илүү бодитой, эх орныхоо хэрэгцээ шаардлагыг тусгасан мэдэгдэл хийдэг. Чухал байж магадгүй хэсгээс нь сонирхуулъя. 


  1. Тиймээ, бидэнд сөрөг довтолгооны төлөвлөгөө байгаа. Бид гарцаагүй ялах болно. Бидэнд өөр арга, буцах зам байхгүй. Гэхдээ би төдийд гэж амлаж, хугацааг нь хэлж чадахгүй. 
  2. Хэрэв бид үйлдвэрлэлээ нэмэгдүүлбэл, түнш хамтрагчдаасаа зэвсэг үйлдвэрлэх лиценз зөвшөөрөл авбал тоондоо биш зэвсгийн чанар чухал байх болно. 
  3. Дайныг царцаах, түр зогсоох тухай асуудал байхгүй. Мэдээж ийм явдал болбол зарим нь аз жаргалтай байх болно. Бид дайныг царцаасан, пуужин нисгэхгүй болсон гэж бусад орнууд ярих байх. Гэвч энэ нь зөвхөн Орос улс үйлдвэрлэлээ хурдасгаж, байлдааны зэвсэг техник, пуужин, дроны нөөцөө нэмэгдүүлэх, дайн эхлэхэд гаргасан алдаандаа анализ хийх хүртэл үргэлжлэх болно. 
  4. Путин Харьковыг эзлэн авахыг маш ихээр хүсч байна. Харьков нь Украины нийслэл байсан, бэлэгдлийн ач холбогдолтой хот учраас түүнд их хэрэгтэй. Бид Харьковыг алдахгүйн тулд чадах бүхнээ хийнэ. 
  5. Биднийг оршин тогтноход хэрэгтэй зэр зэвсэг манай түншүүдэд байгаа. Taurus, F-16, холын зайн тусгалтай ATACMS пуужин тэдэнд бий. Бид амьд үлдэх хэрэгтэй. Гэвч тэд хангалттай хэмжээгээр бидэнд тэр зэвсгээ өгөхгүй, бид авч чадахгүй байгаад би гайхдаг гэжээ.


Opoc, англи хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь