sonin.mn

Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын нэгний хувьд дайн байлдаан, давшилт хориглолтын талаар ерөнхийдөө өөрийн түвшний мэдлэгтэй, энгийн иргэдийг бодвол энэ сэдвийг гадарлана. Тэр мэдлэг туршлагаараа өнөөгийн энэ дайныг харж, оперативын цагийн байдлыг үнэлж байна. Энэ удаа Александр Лукашенкогийн ярьснаас жишээлээд Беларусийн армийн тухай хэдэн мөр хөрвүүлж танилцуулъя.


“Бид өөрсөддөө асуудал үүсгэхийг хүсэхгүй байна. Тиймдээ ч Беларусь нь Украинтай дайн хийхгүй. Украин хилээ минажүүлээд, бетоноор бүрэн хучин, баррикад босгосон, мөн тэдний 120 мянган цэрэг хилээ хамгаалж байна.


Бид Украинтай 1500 км, Балти–Польшийн чиглэлд дахиад 1500 км хилтэй. Гурван мянган километр! Бид дайнд орвол энэ өргөн том фронтыг халхлах хэрэгтэй болно. Ингэж чадах уу? Бид чадахгүй” хэмээн А.Лукашенко ярьжээ.


Үндсэндээ дайнд орохгүй, Путины түрэмгийллийг дэмжиж хүч хавсрахгүй гэчихжээ. Сониноос Монголд зарим нэг эрдэмтэн сэхээтэн, цэргийн судлаач нараас Белоруссыг энэ дайн руу оролцуулаад хамтарсан хүчээр Украины нацистуудыг устгуулъя гэсэн яриатай хүн эрдэм шинжилгээний хурал дээр таарч байсан шүү. Нэрийг нь хэлээд яахав, нэртэй зүстэй хүрээлэнгийн захирал явсан доктор хүн тэгж ярьж байсансан, 2022 оны хавар. Одоо тэр яриандаа ичдэг, эсвэл бүр улайрчихсан явж байж мэднэ.


Хуучин Зөвлөлт Холбоот Улс гэж байхад Зөвлөлтийн зэвсэгт хүчинд Белоруссын цэргийн тойрог гэж том тойрог байсан, тэр тойрог нь 1991 оны 9 дүгээр сарын 20-нд Зөвлөлт Белоруссын Дээд Зөвлөлийн тогтоолын дагуу БНБУ-ын зэвсэгт хүчин болж зохион байгуулагдан, 1992 оноос бие даасан арми болоод байж байгаа. 1992-1996 онд зөвлөлтийн армийн 250 анги салбараас тэр улсын бие заасан армийг эмхлэн байгуулсан, харин пуужинт-цөмийн зэвсгээ ОХУ-д тушаасан, заримыг нь устгуулсан.


Одоо 47 950 цэргийн албан хаагч бүхий цомхон зэвсэгт хүчин, армид нь ажилладаг 63 мянган иргэний албан хаагч, нөөцөндөө 289 мянган бэлтгэл цэрэгтэй гэсэн тоо 2023 онд бүртгэгджээ.


Орос-Украины дайны өнөөгийн явцыг ажваас Беларусиар холбоотон хийхгүй бол болохгүй болчихсон зураглал Кремлийн хувьд бууж байна. Лукашенкогийн нэрлэсэн 1500 км урт зурвас Оросын стратегичдийн хувьд ямар их боломж алдаж байгаа бол? Дайн эхлэхийн өмнөхөн бараг 2020 оноос Беларусийн эрх баригчид Украиныг гоочлоод эхэлсэн, харилцаагаа муутгалаа гэсэн ял зэм сонсгосон, Беларусийн дотоод хэрэгт Киевээс оролцлоо гэж хатуу шүүмжилсэн, Украиныхан ч бас аман шүүмжлэлээ өрнүүлсэн. Оросын гар хөл боллоо, Украины эсрэг Оросын түрэмгий бодлогод боол дагуул нь боллоо гэх мэт. Тэгж явснаа 2022 он гараад Оросын баруун, баруун өмнөд, мөн Беларусийн нутаг дэвсгэрт олон зуун мянган цэрэг оролцсон хээрийн сургууль олон хоног сунжруулан хийж байснаа Украин руу гэнэтхэн халдаж орсон, харин Беларусийн цэрэг нутагтаа үлдэж, Беларус нь энэхүү түрэмгийлэлд нутаг дэвсгэрээ өргөнөөр, цаг наргүй ашиглуулсан. Оросын шархдагсдыг Беларусийн эмнэлгүүд бөөнөөр нь хүлээн авч эмчлэн, сөнөсөн шатаалгасан байлдааны техникүүдийг засч сэлбэх цэргийн аж үйлдвэр Беларусьт халаагүй ажилласаар өнөө хүрэв.  Беларусийн Ерөнхийлөгчийн 2020 оны сонгуулийн үеэр эрх баригчдынхаа эсрэг боссон ард түмний бослого тэмцлийг удирдаж байсан тус улсын сөрөг хүчнийхэн үндсэндээ Польш, Балтийн орнуудад дүрвэн гараад байна. Тэдний шууд оролцоотойгоор Орос-Украины дайнд Оросын түрэмгийллийн эсрэг байлдах Беларусийн цэргийн бүлэглэл Кастусь Калиновскийн нэрэмжит хороо хэмээн зохион байгуулагдаад Польшид бэлтгэл сургуулилтаа хийгээд Украины талд байлдаж эхлэв гэсэн мэдээ тархсан боловч тэр тухай цаашаа бичих сэдэв багахан байна.


Украины эсрэг дайнд хамтран оролцож байгаа гэдгээ Лукашенко 2022 оны 10 дугаар сарын 4-нд анх удаа хүлээн зөвшөөрчээ. Тэгэхдээ хамтран байлдаж байгаа бус, харин дайныг өөрийн нутаг дэвсгэрт тархаахгүй, мөн Польш, Литва, Латвийн зүгээс өдөөж мэдэх цэргийн тусгай ажиллагаанаас хамгаалах зорилгоор оролцож байгаа гэж нэмж хэлжээ. Тэгэхдээ Лукашенкогийн ярьсан хэлсэн мэдэгдсэн дотор Орос, Беларусь хоёр нь нэгдсэн командлалтай, зэвсэгт хүчний нэгдсэн бүлэглэлийн хамгаалалтын зурвас нь баруун этгээдэд Брестийн цайзаас өмнөд хил хүртэл өргөн зурваст НАТО-гийн цэрэг Оросын ар талаас цохилт өгч магадгүй тэр зурваст бий гэсэн нь тус улсыг Орос бүхэлд нь цэргээр бүслээд бүрхээд байж байгааг илтгэх буюу. Тэгээд ч Орос-Украины дайны хоёр жилд Лукашенкогийн хараал зүхлийг Украин ямагт амсаж, Украин нь энэ дайныг өдөөлгөх гэж Оросыг зориуд өдөөн хатгаж, нутаг руугаа халдуулсан, хэрэв Беларусийн нутаг дэвсгэрт халдах аваас Оросын талд беларусийн арми шууд оролцож хамтран ажиллана хэмээн 2023 оны хоёрдугаар сарын 16-нд мэдэгдсэн зэргээс үзвэл ОХУ-ын зэвсэгт хүчний хувьд “ах дүү арми” гэж нэрлэгдэх ганцхан арми үлдсэн нь Беларусийнх болж таарна. Хамтын аюулгүй байдлын гэрээндээ хамгийн үнэнч үлдсэн Лукашенкогийн Беларусь энэ дайныг дуустал тэсч үлдэх болтугай! Хамтын аюулгүй байдлын гэрээний бусад оролцогчид нь бүгд ОХУ-аас нүүр буруулан таг чиг болсон доо.


Монголтой холбогдох цахим мэдээ ноднин тархаад нэг хэсэг намжсан. Тэр мэдээ одоо ч цахим ертөнцөд хадгалагдан үлджээ. “Их Британийн Гадаад хэргийн сайд Жеймс Клеверлитэй тухтай ярилцах боломж олдов. Монгол дараагийн Украин болох магадлал бий эсэх талаар надаас тандаж байна. Миний хариулт:–Монгол дараагийн Украин болохгүй. Харин “дараагийн Беларусь” болох магадлал маш өндөр. Лукашенкогийн “төрсөн дүү нар” Монголоор нэг байна. Ардчилал, эрх чөлөө хумигдаж байна гэж би хэллээ гэсэн Монголын элчин сайд асан нөхрийн мэдээг уншигчид олоод үзчихээрэй. Төгсгөлд нь Оросын түрэмгийллийг дэмжиж буй тролл нэртэй монголчуудад харамслаа дахин илэрхийлэхийг хүсч байна. Оросын террорист дайныг ялна гэдэгт үхтлээ сүсэглэсэн монгол хүн ганц нэг байгаад үнэхээр харамсаж байна. Путиныг бурханчлан шүтээд түүхэн үнэнд хамтдаа гүйцэгдэж шившгээ тарих чинь юун сайхан байх билээ. Та өөрөө, таны гэр бүл, үр хүүхэд, ач, гуч, зээ нар чинь соёлт ертөнцөөс тусгаарлагдаж, барууны хоригт орж, оросын түрэмгийллийн бүр барьцаа болох ноцтой уршигтай шүү. Хүнлэг ёсны эсрэг, Украины ард түмний эсрэг цуст түрэмгийлэл хэзээ нэгэн цагт ялагдана. Тэр үед дайныг өөгшүүлсэн, дайн сурталчилсан гэмт хэрэгт олон монгол хүн бүү дуудагдаасай, шүүхээр бүү ороосой гэсэндээ ахмад дайчин өвгөн ах нь дээрхийг хөрвүүлж бичлээ.  

                

 Орчуулж тайлбарласан Адьяaгийн Батсайхан (бэлтгэл хошууч)