sonin.mn

Ардчилсан нам 4/11 мэдээллийн цагаар Шударга сонгууль сонгуулийн луйвар, зөрчлөөс сэргийлэх ажлын хэсэг мэдээлэл хийлээ. Энэ үеэр Ардчилсан намын дэд дарга Ж.Баярмаа: "Энэ жилийн сонгууль ямар нөхцөл байдалтай байна гэхээр 70 мянга орчим сонгогчийн шилжилт хөдөлгөөн хийгдсэн байна. Энэ бол багагүй тоо бөгөөд өмнөх оны мөн үеүдтэй харьцуулахад 2023 онд 60,000, 2022 онд 50 мянга 2021 онд 50 мянга орчим мянган хүн шилжсэн байна. Харин энэ сонгуулийн жилд 20 мянган иргэн илүү шилжилт байна. Энэ бол бидний яриад байгаа царцааны нүүдэл юм. 


Төрийн байгуулалтын хороон дээр энэ асуудлаар дэд хороо байгуулагдсан дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Батсуурь ажиллаж байна. Тус дэд хороогоор дамжуулан шилжилт хөдөлгөөнийг аймаг, сум, нийслэл, хороо дүүргээр нь нарийвчилсан мэдээлэл авъя гэсэн хүсэлтийг гаргаж байгаа. Энэхүү мэдээллийг үнэн зөвөөр нь авч чадвал хаанаас хаашаа царцаа нүүгээд байна вэ гэдэг нь тодорхой болно. 


Ганц Ардчилсан нам дангаараа зүтгээд хүчин мөхөстөж байна. Үүн дээр зөвхөн улс төрийн намууд төдийгүй ТББ-ууд хамтарч ажиллах хэрэгтэй. Бид энэ хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг зарлах гэж байгаа бөгөөд хэлэлцүүлгийг ирэх Даваа гарагт 14:00-17:00 цаг Пума Империал зочид буудалд хийхээр төлөвлөөд байна. 


Ардчилсан нам ирэх 6-р сард болох УИХ-ын ээлжит сонгуулийг шударгаар явуулах чиглэлээр ажлын хэсэг байгуулсан ба эрх баригчдын ужгирсан системтэй тогтолцоотой тэмцэхэд улс төрийн намууд болон иргэний нийгмийн хамтын ажиллагаа шаардлагатай байгааг онцолж байна. Иймд сонгууль бүрээр гардаг эрх баригчдын булхай, луйвар, хууль бус үйлдлүүдийг хэрхэн арилгах, багасгах хамтын ажиллагааны талаар санал солилцон шийдэл гаргахаар нээлтэй хэлэлцүүлэгт урьж байна" гэв.



Харин НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат: "Өнгөрсөн даваа гарагт НИТХ-ын хурлаар удахгүй болох НИТХ-ын сонгуулийн тойргийг баталсан. Нийслэлд 45 мандаттай 12 тойргийг баталсан. Үүн дээр сөрөг хүчний намууд байр суурь илэрхийлсэн. Энэхүү тойрог хуваалт нь сонгууль руу чиглэсэн, тодорхой бүлгийн ашиг сонирхлыг хангахуйц хуваалт болсон гэдэг хардлага байна. Харамсалтай нь “МАН” Нийслэлд 45 төлөөлөгчөөс 34 төлөөлөгчтэй байгаа буюу үнэмлэхүй олонхын зүгээс асуудлыг түрэн шийдсэн. 

Жишээлбэл, Баянзүрх дүүрэг 450 мянган хүн ам, 274 мянган сонгогчтой, том дүүрэг. Тус дүүргийг 3 сонгуулийн тойрогт хуваасан. Сүүлийн 1 жилийн хугацаанд “МАН” бүсчилсэн хөгжлийн форум хийж, цаашид Монгол Улсын хөгжлийг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулах, засаг захиргаа нэгжийн өөрчлөлт нэлээд хүчтэй яригдаж байна. Баянзүрх дүүрэг 450 мянган хүн амтай байхад Багахангай дүүрэг 4500 хүн амтай буюу хүн амын тоогоор даруй 100 дахин бага байгаа юм. Хэрэв бүсчилсэн хөгжлийн бодлого дээр тулгуурлаж байгаа бол тойргийн хуваалт нь түүнийгээ харгалзах ёстой. 

Хот гэдэг бол нэгдүгээрт дэд бүтэц, томоохон зам, гудамж талбай, амьдрах хэв маягаа дагаж хөгжлийн асуудал яригдах ёстой. Гэтэл гуу, жалга, гол дагуулж хотын хөгжлийг бүсчлэн хуваарилж байна. 


Баянзүрх дүүрэг нийт СХД-ээс 80 мянга орчих хүн амаар илүү болсон байна. Яагаад хүн ам нь ингэж их өсөв гэхээр Амгалангийн дулааны станц баригдсантай холбоотойгоор орон сууцжилт нэлээд явагдсан. Нэг мандатад ноогдох сонгогчийн тоогоор авч үзвэл Баянзүрх дүүрэг 27 мянга, Багахангай дүүрэг 3 мянга болж байгаа юм. Ингэхээр төлөөллийн зарчим алдагдаж, саналын жингийн зөрүүтэй байдал үүсэж байгаа юм. 

СХД адилхан 10 мандаттай, 10 төлөөлөгчтэй гэтэл хүн амын тооны зөрүү нь БЗД даруй 80 мянгаар илүү болж байгаа юм. Налайх дүүрэг 2 мандаттай нэг мандатад ногдох сонгогчийн тоо нь 13 мянга. Гэтэл хүн амын тоо харгалзахгүйгээр сонгогчийн төлөөллийн зарчмыг алдагдуулж, зохион байгуулалтгүйгээр олонхоор хүч түрэн шийдэж байна." гэсэн бол


Ардчилсан намын дэд дарга П.Галиндэв: "Парламентын 9 дэх удаагийн сонгууль тун удахгүй болох гэж байна. Гэтэл энэ сонгууль шударга болох эсэхэд хариулт өгөх хүн үгүй байна. Өнгөрсөн сонгуулиуд дээр илтэд булхайн шинжтэй, сонгуулийн үр дүнг өөрчилсөн хэргүүд гарсан. Тухай бүртээ нэр дэвшигч, улс төрийн намууд гомдол гаргасан боловч мөн л авч хэлцээгүй. Сонгуулийн ерөнхий хороо, тагнуулын ерөнхий газар, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлд тус тус гомдол гаргаж байсан. Тэгэхээр өнгөрсөн сонгуулиудын дүнг харахаар дүн гарсан л бол асуудал дууссан. Тухай үед сонгуулийн санал хураалтын ямар булхай луйврууд явагдсан эсэх нь хамааралгүй болдог ийм нөхцөл байдал давтагдсаар байна. 

Сонгуулийн дүн гарах үеийн тохиолдол эхний 18 хэсгийн хорооны дүн ирэхэд П.Галиндэв гэдэг нэр дэвшигч нэгдүгээрт эрэмбэлэгдэж байсан. Дунд үед ирэхэд П.Галиндэв гэдэг нэр дэвшигч 35 нэр дэвшигчийн дунд байгаагүй мэтээр нэрсийн жагсаалтаас алга болсон. Ингээд 1 цаг орчмын дараа миний нэрийг буцааж гаргаж ирсэн тэгэхдээ 5 дугаарт эрэмбэлэгдсэн. Сонгууль бүрээр луйвар болж байна. Галиндэв ялагдахдаа биш, аль нэг нам, эвсэл ялах, ялагдах биш эцсийн дүндээ сонгогч, нийт ард түмэн сонгуулийн луйварт ялагдаж байна. Үр дүнд улс орон хөгжихгүй, бидний байр байдал өөрчлөгдөхгүй хэвээр байсаар байна. Бүхий л хандаж болох газруудад хандсан. Гэвч хууль эрх зүйн цоорхойг засаж сайжруулсан, нөхсөн зүйл огт байхгүй. 

Сонгуулийн хууль шинээр батлагдсан хулгай, луйврын асуудал огт засагдсангүй. Олон улсын байгууллагууд, хөндлөнгийн хяналтыг сонгуульд оруулж ирэх шаардлагатай байна. Сонгуулийн үеэр болон, сонгуулийн үр дүнг аудит хийх эрх зүйн орчныг оруулах шаардлагатай. 


Сонгуулийн хэсгийн хороо бүрд аудит оруулж шалгуулах ёстой. Сонгуулийн луйвар гэдэг бол төрийн эрх мэдлээр хийдэг ажил юм. Бүхэл бүтэн улсын сонгуулийг яагаад хянахгүй байгаа юм бэ. Тагнуул, цагдаагийн байгууллага төрийн эрх мэдлээ дагаад хөдөлдөггүй. Үүнийг заавал олон улсын байгууллага хянадаг тогтолцоотой байх ёстой. Нэг нам нь давамгайлан засагласан үед бүх зүйл ганц нам, цөөн улс төрчдийн шийдвэрээр явдаг юм байна. Тийм учраас бид парламентыг тэнцвэртэй байлгах ёстой. Хяналт тавих боломжийг нь олгох ёстой, тэгж байж тэнцвэртэй хууль батлагдаж гардаг. Тэгж байж ардчилал бий болдог. Бид нар сонгуулийн олон луйврыг засах ёстой. Үүнийг ард нийтээрээ хийдэг юм. 

Сонгуулийн ерөнхий хороо ажлаа хийх ёстой. Яагаад техник, технологи ашиглаж ард иргэд сонгуулиа хянадаг системийг одоо болтол хийж өгөхгүй байгаа юм бэ, заасан дүнгээ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацаад сууж байдаг. Дахиад сонгууль луйвардвал юу болох вэ? Хар машин гэдэг зүйл сонгуулийн алдааг засаж чадах байна. Сонгууль гэдэг бол ард түмний 4 жил тутам нэг удаа төр засгаа сонгон байгуулдаг Үндсэн хуулиар олгогдсон эрх нь юм. 

5, 10 цаасаар битгий саналаа худалдаач ээ. Ингэснээр Монгол Улсын хувь заяа, нийт ард түмний хувь заяаг, худалдаж байна. Монгол Улсын иргэд өөрийнхөө ирээдүйг өөрсдөө сонгох эрхтэй." гэлээ.


Харин АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Оюунчулуун: "Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлтэй холбоотой асуудлыг ярилаа. Сар гаруйн өмнө манай гэрийн хаяг бүртгэл дээр 3 хүний бүртгэлийг нэмсэн тохиолдол бий. Учир нь гэрийн хэрэглээний төлбөр маш өндөр гарсан. Энэ яагаад ийм өндөр гарчхав, өдөртөө хүнгүй хоосон байдаг гээд очоод уулзахаар танайх ам бүлийн тоогоор хэрэглээний төлбөр гарж байна гэдэг тайлбар тавьсан. Тиймд бүргэлээ шалгуулж үзсэн. Гэтэл манай гэр бүлийн биш 3 хүн бүртгэлтэй байгаа юм. Бид тодруулъя гээд сарын дараа тайлбар өгөхдөө удахгүй танай бүртгэлээс хасна гэдэг тайлбар хийсэн. Өнөөдрийг хүртэл хасалт хийхгүй байсаар шилжилт хөдөлгөөн албан ёсоор дууссан. Тэгэхээр ийм ойрын жишээ байгаа учраас та бүхэн өөрсдийн гэрийн хаяг дээрх бүртгэлээ хянахыг дахин сануулж байна. Өөрт мэдэгдэхгүйгээр хаягт байршуулах тохиолдол хэд байгааг таашгүй. Иргэн та бид өөрсдөө ажиглалт хийж, таныг төлөөлөх эрх мэдэлтнийг сонгох эрх, үүргийнхээ хүрээнд хариуцлагатай байхыг дахин сануулж байна.", 



АН-ын ҮБХ-ны гишүүн Б.Баярсайхан: "Сонгууль шударга болох ёстой. 2000 он хүртэлх улс төрийн сонгуулиуд харьцангуй шударга явагддаг байсан бол түүнээс хойших сонгуулиуд будилаан, зөрчил, луйвар ихтэй болох боллоо. 2016 оноос хойш сонгогчдын нэрсийн жагсаалт, иргэний бүртгэл дээрх мэдээлэлтэй холбоотой луйврууд маш ихээр гарч байна. сонгууль шударга явахын тулд хууль хэрэгжих ёстой. сонгуулийг төрийн ажил гэж үзээд сонгуулийн хэсгийн хороонд төрийн алба хаагчид ажиллах болсон. Тиймд төрийн алба хаагчдад хандан та бүхэн монголын ард түмний нэг хэсэг бөгөөд сонгуулийг шударгаар, ил тод явуулж ажиллах хэрэгтэй. Сонгуулийн луйвар гэдэг бол төрийн эсрэг гэт хэрэгт тооцогддог. Санал хураалтын орой 20 цагаас хойш ирц нэмэгдсээр бүрэнхий болж эхлэхэд цахим царцаанууд явагдах магадлал өнөөдөр болсон. Тийм учраас сонгуулийг зохион байгуулж буй төрийн алба хаагчид төрийн өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу шударгаар ажиллаасай гэж дахин уриалмаар байна.", 



НИТХ-ын төлөөлөгч, ҮБХ-ын гишүүн Д.Энхтуяа: "Өнгөрсөн даваа гарагийн НИТХ-ын хурлаар тойргийн мандатыг хуваарилахад бүсчилсэн хөгжлийн зарчмыг ярьсан. Өмнө нь байсан нийслэл дээр 23 тойргийг 12 тойрог болгосон. 2020 оны сонгуулиар 925 мянган сонгогч орон нутгийн сонгуульд оролцсон бол өнөөдрийн урьдчилсан тооцоогоор 1,3 сая иргэн сонгуульд оролцох тооцоо гарсан. Гэтэл яаж 45 төлөөлөгч 1,7 сая иргэнийг төлөөлөх юм бэ. 

1992 онд батлагдсан хуулиар 2 сая иргэнд 76 гишүүн төлөөлөл ногдоно гэж авч үзсэн байдаг. Одоо 3.5 сая иргэн 126 гишүүнтэй байна гээд УИХ-ын сонгуулийг томсгосон тойргоор явуулахаар болж байгаа юм. 1,7 сая иргэн амьдарч байгаа Улаанбаатар хот бол Монгол улсын нийгэм, эдийн засаг, хөгжлийн төв болдог. Гэтэл 1,7 сая иргэнд ногдож байгаа төлөөлөл 45 хэвээр байгаа юм. Тэгэхээр улс орон, сонгогчдынхоо эрх ашгийг бодохгүй шийдвэрийг НИТХ дахь МАН-ын бүлэг хүч түрэн гаргаж байна." гэлээ.