sonin.mn

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, Р.Ууганбаатар, Б.Мөнхжаргал зэрэг ШИНЭ намаас гарч буй улс төрчид мэдээлэл хийлээ.


Энэ үеэр Ж.Батзандан : "Та яагаад АН-аас хөөгдчихөөд буцаад муу нэртэй, муухай АН-руу орж байгаа юм бэ? гэдэг асуулт их ирж байна. Сүүлийн 20 жилийн турш хүмүүс баялагтаа эзэн болохыг хүсч байна. Гэтэл манай улстөрчид байгалийн баялгаа гадныханд өгнө гэж ярьдаг. Харин сүүлийн үед улстөрийн томоохон намуудын бодлогод өөрчлөлт орж байна. Ялангуяа АН-ын дарга, удирдлагууд: "Та нарын 20 жилийн өмнө ярьж байсан бодлогыг АН өөрийн бодлого болгоё" гэж хэлж байна. АН-ын дарга Л.Гантөмөртэй, АН-ын УТЗ-ийн гишүүдтэй уулзсан.



Одоо бүгдээрээ баялаг ордуудаа ард түмэнд нь өгье гэж ярьж байна. Үнэхээр баяртай байна. Энэ бодлогоо хэрэгжүүлхийн тулд бид АН-тай албан ёсоор нэгдэж байна.



Монголд МАН, АН гэсэн хоёр л том нам байна. МАН-ын хэрэгжүүлэх гээд байгаа бодлого үндсээрээ буруу. Бидний боловсруулсан хуулийн төслийг АН-ын зүгээс УИХ дахь өөрийн бүлэгтээ танилцуулаад, цаашаа УИХ-д өргөн барина гэдэгт итгэлтэй байна. АН-ын хуучин удирлагууд энэ асуудлыг ойлгохгүй байсан. Одоо АН-ын бодлого өөрчлөгдсөн байна. Тийм учраас АН-ыг дэмжээрэй гэж уриалж байна. ШИНЭ намын хувьд 2019 онд байгуулагдсан цагаасаа хойш ард түмнээ байгалийн баялагт нь эзэн болгоё, Тавантолгойг ард түмэнд өгье гэдэг байр сууринд дээр хатуу зогссон. Одоо ч хэвээрээ байгаа. ШИНЭ намын зарим гишүүд Ж.Батзандан АН-руу явчихлаа, урвагч гэж уурлаж байж магадгүй.



Хүн эх орноосоо урвахгүй, эхнэр хүүхдээсээ урвахгүй байх ёстой. Бодлого зарчмаасаа урвахгүй байх ёстой.



АН-аас салж гарсан нам буцаад АН-даа нэгдлээ. АН одоогоор 6 хуваагдчихсан байна. Зургаан хэсэг хуваагдсан ардчилал МАН-ын өмнө санал хуваагдаад, хүчгүйдээд байна. Тийм учраас тархай, бутархай АН-аа буцаагаад нэгтгэе гэдэг бодлогын төлөө бид явж байгаа юм. Биднийг юу ч гэж муулж болно. Гэхдээ Монголын ард түмнийг баялагт нь эзэн болгохын төлөө бид чөтгөртэй ч нийлэхэд бэлэн байх болно. Бодлогодоо үнэнч байгаа нөхдөө бидэнтэй нэгдэхийг уриалж байна. " гэв.



М.Чой