
АФИН, 2024 оны наймдугаар сарын 12 /DW/. Грект дэгдэж буй ойн түймрийн утаа ням гарагт нийслэл Афин хотыг бүрхжээ. Энэ зун тус улсын хэмжээнд олон зуун удаа түймэр гарсан бөгөөд энэ оны 6, 7 дугаар сарууд тус улсын түүхэнд үзэгдээгүй хамгийн халуун сарууд болж бүртгэгдсэн байна.
Ерөнхий сайд Кириакос Мицотакис үүсээд буй нөхцөл байдлыг зохицуулахын тулд ээлжийн амралтаа цуцалж, ням гаргийн орой Афинд буцаж иржээ. Томоохон түймрүүдийн нэг нь Зүүн Аттика мужийн Варнавас сууринд асаж байна. Уг суурин Афин хотоос хойд зүгт 35 км зайд оршдог.
Гал унтраах албаныхны мэдээлснээр, 250 гал сөнөөгч, 67 тээврийн хэрэгсэл, гал унтраах 12 онгоц, долоон нисдэг тэргийг дайчлаад байгаа бөгөөд оршин суугчдад нүүн шилжих зааварчилгаа өгсөн байна. Зарим газарт галын дөл 25 м-ийн өндөр дүрэлзэж байгаа тухай Гал түймэртэй тэмцэх газрын хэвлэлийн төлөөлөгч Василис Ватракогианнис сэтгүүлчдэд мэдээлжээ.
Ням гаргийн орой Гал түймэртэй тэмцэх газраас Афины ойролцоох Марафон зэрэг хэд хэдэн суурингийн оршин суугчдад хандан нүүж явахыг уриалсан байна. Өдгөө 30 мянга орчим хүн амтай Марафонд МЭӨ 490 онд Персийн эзэнт гүрний армийг Афины цэрэг ялж байжээ. Ням гаргийн орой гал сөнөөгчид сүүлийн 24 цагийн дотор гарсан 40 түймрийн 33-ыг нь унтраасан гэж мэдээлжээ.
Грекийн нутгийн тэн хагаст улаан түгшүүр зарлажээ
Грекийн өөр бусад хэд хэдэн бүс нутагт ням, даваа гарагт ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлсэн байна. Бямба гарагт Иргэний хамгаалалтын сайд Василис Кикилиас хэт халуун, салхи шуурга, ган гачгийн нөлөөгөөр улсын тэн хагаст түймэр дэгдэх эрсдэл өндөр байгааг анхааруулжээ.
Афины Үндэсний ажиглалтын төвийн судалгаа хариуцсан захирал Костас Лагувардос мэдэгдэхдээ, аливаа гал түймэр цаг агаарын эрс тэс нөхцөл байдлаас болж хяналтаас гарч болзошгүй тул яаралтай арга хэмжээ авахыг уриалсан байна.
“Нөхцөл байдлыг ийм аюултай болгож байгаа хүчин зүйл бол удаан үргэлжилсэн ган гачиг, хэт халалт юм” гэж тэрбээр ERT телевизэд ярьжээ.
Грекийн нутаг зуны улиралд гал түймэрт онцгой өртөмтгий байдаг бөгөөд энэ зун урьд өмнөх жилүүдээс эрт буюу зургаадугаар сараас хэт халж эхэлснээс хойш өдөр бүр түймэр дэгдэх болжээ. Нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлт нь дэлхий даяар хэт халах үзэгдлийн үргэлжлэх хугацаа, давтамж, эрчмийг улам бүр нэмэгдүүлж байгааг эрдэмтэд анхааруулсаар байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл4
галт зэвсгээ болио…
ирэх жилээс ёвроп шатаж эхлэх юм гэсэн
Ойн моднуудыг их хэмжээгээр сүйтгээд газрын гүний усыг их хэмжээгээр ашиглаад нүүрс газрын тос шатахуун байгалийн хий шатаагаад уул уурхай олборлолт гээд газрыг ухаж сүйтгээд их хэмжээний хог хаяж агаар хөрсийг бохирдуулаад байхаар байгаль экологи уур амьсгалд ноцтой өөрчлөлт орж үер ган гачиг ойн түймэр хортон шавьж ихсэх нь аргагүй шдээ.
Энэ дэлхий дээр зөвхөн хүний эрх л байна. Ан амьтад байгаль орчны эрх гэж байхгүй байна.