ХАНОЙ, 2024 оны есдүгээр сарын 9 /BBC/. Энэ онд Азийг дайрсан хамгийн хүчтэй “Яги” хар салхины улмаас Вьетнамын хойд нутагт 21 хүн амиа алдаж, 229 хүн гэмтэж бэртсэн тухай тус улсын төрийн мэдлийн хэвлэл мэдээлжээ. Шуурганы хүч суларсан боловч баруун зүгийг чиглэн урагшилж байгаа тул дахин үер болж, хөрс нурж болзошгүйг мэргэжилтнүүд анхааруулж байна. Амиа алдсан хүмүүсийн дунд нэгэн гэр бүлийн дөрвөн гишүүн байсан бөгөөд ням гарагт уулархаг Хоа Бинь мужид орших тэдний байшин дээр хад чулуу нурсан байна.
Мөн ням гаргийн үдээс хойш хойд хэсгийн уулархаг Лао Кай мужийн Са Па хотод хөрс нурж, 17 хүн нурангид дарагджээ. Тэдний зургаа нь амиа алдаж, ес нь гэмтэж бэртсэн байна.
Бямба гарагт “Яги” хар салхи Вьетнамын хойд нутгийг дайран өнгөрөх үеэр Хай Фонг, Куанг Нинь мужуудад салхины хурд 203 км/цаг хүрч ширүүссэн гэж Энэтхэг-Номхон далайн хар салхины сэрэмжлүүлгийн төвөөс мэдээлжээ. Хүчтэй салхи барилга байгууламжийн дээврийг хуулж, модыг үндсээр нь булгалсны улмаас нийслэл Ханой зэрэг бүс нутаг даяар цахилгаан тасарсан байна.
Вьетнамын эргийн хот суурингуудаас 50 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа бөгөөд онцын шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахгүй байхыг эрх баригчид анхааруулж байна. Ханой зэрэг хойд нутгийн 12 мужид сургуулиудын сургалтыг түр зогсоожээ.
“Яги” хар салхи бямба гарагт Вьетнамыг дайрахаас өмнө Хятадын Хайнань арал болон Филиппиний нутгаар дайран өнгөрсний улмаас 24 хүн амиа алдаж, олон арван хүн гэмтэж бэртсэн гэж Франс-Пресс агентлаг мэдээлсэн байна. Баасан гарагт Хятадын эрх баригчид Хайнаньд 400 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Мөн галт тэрэг, завь, онгоцны нислэгийг түр зогсоож, сургуулиудыг хаасан байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Пүрэв - 05 сарын 07,
2026
Сэтгэгдэл3
гамшиг байн байсаар бүх дэлхийд муухай өөдгүй үзэл ноёлсаар байгаад хүн төрөлтнийг сөнөөж байгаа шиг гаригийг үнс нурам болгох нь гарцаагүй боллоо
Ядаж байхад Яги байдаг нь юучив дээ. Яашка гэснээс ялгаа алга
Ядаж байхад Яги байдаг нь юучив дээ. Яашка гэснээс ялгаа алга