ВАШИНГТОН, 2024 оны есдүгээр сарын 10 /DW/. Америкийн алдарт жүжигчин Жеймс Эрл Жонс 93 насандаа таалал төгссөн тухай түүний төлөөлөгч Барри Макферсон даваа гарагт мэдэгджээ.
Ж.Жонс даваа гаргийн орой гэртээ гэр бүлийнхнийхээ дэргэд таалал төгссөн байна. Түүний нас барсан шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Тэрбээр “Оддын дайн” кинонд Дарт Вейдер, 1994 онд дэлгэцнээ гарсан “Араатны хаан арслан” хүүхэлдэйн кинонд Муфасагийн дүрд дуу оруулсан юм.
Ж.Жонс 1969 онд Бродвейн “The Great White Hope”, 1987 онд “Fences” жүжигт бүтээсэн дүрээрээ “Тони” шагнал хүртжээ. Мөн 1991 онд “Gabriel's Fire”, “Heat Wave” телевизийн олон ангит киноны дүрээрээ “Эмми” шагналыг хүртэж байв. Түүнчлэн 1977 онд тэрбээр “Great American Documents” цомгоороо “Грэмми” шагналын эзэн болжээ.
Ж.Жонс мөн олон арван телевизийн сурталчилгаанд өөрийн дуу хоолойгоор мөнхөлсөн бөгөөд “Энэ бол CNN” гэж хэлснийг нь CNN телевиз олон жилийн турш мэдээ нэвтрүүлэхдээ ашиглажээ. Үүнээс гадна, 1989 онд “Field of Dreams”, 1995 онд “Cry, The Beloved Country.” зэрэг уран сайхны кинонуудад тоглосон байна.
2005 онд Ж.Жонс “Оддын дайн” цувралын “Revenge Of The Sith” ангид, мөн 2014 оны “Star Wars Rebels” хүүхэлдэйн кино, 2016 оны “Rogue One: A Star Wars Story.” ангид Дарт Вейдерийн дүрдээ дахин дуу оруулжээ.
“Оддын дайн” кинонд Дарт Вейдерын хүү Люк Скайуокерын дүрийг бүтээсэн жүжигчин Марк Хэмилл мэдэгдэхдээ, “Оддын дайн”-д хэмжээлшгүй их хувь нэмэр оруулсан дэлхийн шилдэг жүжигчдийн нэг хэмээн Ж.Жонсыг тодорхойлоод, түүнийг маш ихээр санан дурсах болно гэлээ.