sonin.mn

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 390 гаруй км дулааны шугам сүлжээ байдаг. Эдгээрийн ихэнх 30-60 жилийн насжилттай учраас дулааны шугам сүлжээний засвар шинэчлэлтийн ажлыг үе шаттайгаар зохион байгуулж буй. Тухайлбал, Эрчим хүчний яам болон Дэлхийн банк хамтран дулааны шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх томоохон хоёр төслийн хүрээнд 18 байршилд засвар шинэчлэлийн ажил хийж байгаа юм. Эдгээр ажлын нэг болох Саппорогоос 25 дугаар эмийн сан хүртэлх байршилд хуучирсан дулааны магистралын шугамыг 2Ф800 мм-ээс 2Ф1000 мм голчтой болгож, 1.6 км хос шугамаар өргөтгөн шинэчлэх ажил үргэлжилж байна.


Уг дулааны шугам сүлжээний өргөтгөл шинэчлэлтийн ажлыг гэрээнд заасан хугацаанд буюу энэ сарын 15-нд дуусгахаар төлөвлөж буйг ажил гүйцэтгэгчид хэллээ. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Ц.Төрхүү ажил гүйцэтгэгч компаниудыг өгөгдсөн хугацаанд ажлаа чанартай зохион байгуулж, нэгнийхээ ажлыг цалгардуулахгүй явуулах үүргийг өдөр тутамд өгсөөр байна. Түүнчлэн уг байршилд нийслэлийн Замын хөгжлийн газраас 1.6 км авто зам барих юм.