…Ногоон гэрэл аслаа. 14 орчим насны охин зам гарахаар урагшаа алхав. Гэтэл нэгдүгээр эгнээнээс хар өнгийн “Приус-20” машин баруун гар тийш нэлээд хурдтай эргэлээ. Охинд бараг тулаад зогсов. Ноорхой саравчтай малгайтай, хүйтэн царайтай жолооч залуу цонхоороо “Новш минь машин хардаггүй юм уу” гэж чангаар хашгиран уурсав. Хүүхдэд зам тавьж өгөхийн оронд хэл амаар доромжилж байгаа тэр жолооч өөрөө хүн үү, араатан уу?
Настай эмээгийн “Чи дүрмээ бариач” гэх үгийг уур омогтоо баригдсан өнөөх “жолооч” тоосонгүй, хурдаа улам нэмээд алга болов. Охины буруу огт байхгүй. Тэр гарцаар, гэрлэн дохиогоороо л гарахаар явж байсан. Ийм тохиолдолд мөргүүлсэн бол жолоочийн 100 хувь буруу. Яагаад гэвэл гарцан дээр явган зорчигчийг зогсож өнгөрөөх дүрэмтэй.
Бас “Явган хүний гарц, гарам дөхөөд ирэхээр хурдаа хасна” гэдэг Замын хөдөлгөөний дүрмийн тов тодорхой заалтыг ноцтой зөрчсөн хариуцлага хүлээнэ. Ер нь гарц руу хар хурдаараа орж ирдэг, уулзвараар зүүн, баруун эргэхдээ хурдаа хасах биш улам нэмдэг, явган зорчигчийг зогсч өнгөрөөх нь бүү хэл хараал хэлж хаазаа гишгэдэг байдлаас болж олон хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирох боллоо! 2024 оны гуравдугаар сарын байдлаар бага насны хүүхэд зам тээврийн осолд өртсөн 149 тохиолдол бүртгэгдсэн нь дүрмээ барьдаггүй “жолооч” нарын балмад явдлын гай юм. Энэ бол эмгэнэл. Зөвхөн хүүхэд ч гэлтгүй том хүн гарцаар гарч яваад эрлэгийн элч-дүрэмгүй жолооч нарын гайгаар цаг бусаар хорвоог орхиж байна! Манай улсад зам тээврийн ослоор амь насаа алдсан хүний тоо дайн байлдаантай улс орноос ч давах болсныг холбогдох газрууд анхааруулж байгаа ч хоосон толгойтой, нийгэмшээгүй жолооч нар ухаарч сэхээрч байгаа шинж алга. Тэд хурд хэтрүүлэх, гэрлэн дохио зөрчих, урсгал сөрөх, жолооны ард гар утсаараа оролдох, эгнээ байраа гэнэт өөрчлөх, согтуугаар хөдөлгөөнд оролцох гэх мэт түмэн балмад хэргийг өдүүлж, буман зовлон тарьж, гэм зэмгүй иргэдийн амьдралыг сүйрүүлж байна. Ийм байдал цаашаа үргэлжилсээр байх уу?
…Aвтобус дүүрэн хүн. Зөрөх ч зай алга. Харамсалтай нь өндөр настай хүмүүст суудал тавьж өгөх хүн байсангүй. Оюутан бололтой хүүгийн дэргэд нэгэн өвгөн лав 3 буудал зогсож явлаа. Нөгөө залуу босож өгөх нь бүү хэл хараагүй дүр үзүүлэн цонх ширтэнэ. Өвгөний хөл нь чичирч байгаа нь илт.
Автобус тормзлох бүрт найгана. Тэр байдлыг харсан 50 орчим насны эрэгтэй арга буюу өвгөнд суудал тавьж өгөв. Бас хөдөөний бололтой оюутан охин дэргэдээ зогсох ахмад хүнд суудал тавьж өгсөнгүй. “Ах нь гипсээ авахуулаад удаагүй байгаа” гэж хэлсэн ч нөгөө охин сонсоогүй дүр үзүүлэн суудалдаа шигдэнэ. Хүн чанар даанч нэг алга. Хүмүүс “Чи босоод өгөөч” гэж шаардсан ч өнөө охин тас гүрийсээр 4 буудал яваад МУБИС-ийн буудал дээр буув. Зүгээр ч нэг буусангүй доогтой нь аргагүй мушилзана. “Хүн болох болоогүй байна. Ээж, аав нь гэж ямар хүмүүс байдаг бол” гэж хүмүүс бухимдан өгүүлцгээнэ…Хүн болох багаасаа, хүлэг болох унаганааасаа гэдэг үг бий. Автобусанд настай, өвчтэй, хүүхэд тэвэрсэн, жирэмсэн эхчүүдэд суудал тавьж өгөх сэтгэлгүй залууст хүн чанарын хэлтэрхий даанч алга!
...Баянзүрх дүүргийн 41 дүгээр хорооны өрхийн эмнэлэгт хүн их байв. Хүүхдээ дагуулсан эхчүүд дугаарлан зогсоно. Ганцхан эмч үзлэг хийж байсан болохоор оочер үүсэх нь аргагүй. 50 гаруй насны эрэгтэй хүн орж ирээд “Ажлаас дуудаад байна. Би ганц эм бичүүлэх гэсэн юм” гэж тэнд байгаа залуухан хүүхнүүдээс гуйвал “Ажилгүй хэн байгаа юм” хэмээн зэрэг зэрэг шаагилдлаа. Ах зах хүнд тусалчихад тэднээс юу унах вэ?! Нөгөө эр “Уг нь 5 минут ч хүрэхгүй шүү дээ. Та нар чинь ямар хүн муутай хүмүүс вэ!” гэж хэлээд аргагүйн эрхэнд гарч явлаа. Хүнд тусалж мэддэггүй, хөндий хүйтэн сэтгэлтэй хүүхнүүдийн үр хүүхэд хэн болж хүмүүжих нь тодорхой. Монголчууд уг нь “Дэм дэминдээ, дээс эрчиндээ” гэдэг философитой хаашаа алга болчихов оо? Өөрөөр хэлбэл, бусдын хэрэг бүтвэл өөрийн үйлс бүтдэг гэж үзэж аль болох хүнийг ойлгож, туслахыг хичээдэг уламжлалтай байсан юм.
...Автобусны жолооч эмэгтэй гэнэт гар утсаа гаргаад видео колл хийгээд эхэллээ. “Найзаа нүүрэндээ маск тавихдаа зөвийг сонгоорой” гэгчлэн их удаан хувийн яриа хийв. Олон хүний амь насыг хариуцаж яваа нийтийн тээврийн жолооч хүн шүү дээ. Мөн жолооныхоо урд таблет, гар утас байршуулчихаад элдэв бичлэг үзэж явдаг жолооч нар ч олон байна. Тээврийн цагдаа онцгой анхааралдаа авах цаг болжээ.
Замын хөдөлгөөнд оролцож байгаа жижиг тэрэгний жолооч нар ч хоёр гараараа утсаа бариад жолоогоо тавьчихсан явах дүр зураг хаа сайгүй. Үүнээс болж маш олон гэм зэмгүй хүн цаг бусаар хорвоог орхиж байна. Маш яаралтай арга хэмжээ авахгүй бол монголчуудын тэнэгрэл хэтэрлээ!
...Жуковын хөшөөний зүүн хойно байрлах 13 давхар орон сууц. Цахилгаан шат нэг давхарт ирж зогслоо. Ахимаг насны эрэгтэй хүнийг буугаагүй байхад хүүхдээ дагуулсан 30 гаруй насны хүүхэн шууд дайраад орчихов. "Чи одоо хүн гараагүй байхад өмнөөс дайраад" гэвэл нөгөө "гоё" хүүхэн "За за, хуцаа" гэж муухай хахир хоолойгоор орилов. Хүн лифнээс гараагүй байхад дайрч орчихоод, түүнээсээ санаа зовсон шинж огт алга. Оршин суугчдаас ичдэггүй юмаа гэхэд хөтөлж яваа хүүхдээсээ ичих ухамсар тэр бүдүүлгийн туйл хүүхэнд даанч байсангүй. Хөгжилтэй орнуудад соёлын шинэ үе, урсгал нэвтрээд удаж байхад монголчууд бид ухамсар, соёлын хувьд ухарсаар байх уу?!
...Дэлгүүрт хүүхэд хөтөлсөн эмээ орж ирлээ. Кассан дээр оочер их байв. “Зээгээ сургуульд нь оруулж өгөх цаг нь болчих гээд байна. Эмээ нь ганцхан энэ ундааг бичүүлчихье” гэж гуйвал залуухан өндөр хүүхэн “Яараагүй хэн байгаа юм. Бүгдээрээ л оочерлож байна ш дээ” гэж хөөрхий эмээгийн сэтгэл рүү ус цацав. Зээ охиных нь хичээл эхлэх цаг болчихоод байгааг тэр хүйтэн сэтгэлт хүүхэн даанч ойлгосонгүй. Аргаа барсан эмээ “Чи ямар хүний үнэргүй хүүхэн бэ? Настай хүн чамд үнэн учраа хэлж гуйгаа биз дээ?” гэвэл өөр нэг хүүхэн “Та хэн болоод хүн рүү дайраад байгаа юм” гэж цэвдэг хүүхнийг өмөөрч настай эмээг зандарлаа. Тэдэнд хэлэх үг олсонгүй. Хүнийг ойлгох, өрөвдөх ухамсар даанч алга. Ахмад хүнийг хүндлэх сэтгэлгүй, үг сонсож чаддаггүй, өөртөө дүгнэлт хийхийг хүсдэггүй, зөвхөн бусдыг буруутгадаг, шүүдэг, шүүмжилдэг, доромжилдог, гүтгэдэг харанхуй сэтгэхүй газар авч байна! Боловсролын болоод Соёлын яам анзаарч харахгүй байна уу?!
...Хотын төв гудамж. Дэгжин малгайтай эмэгтэй нуруугаараа бөхийж байгаад зам руу нусаа нийж гарлаа. “Та харахад соёлтой хүн шиг байх юм. Алгын чинээ нусны алчуур, эсвэл салфетка аваад явж болохгүй байна уу?” гэвэл “За яршиг даа. Илүүдээ гарсан мөнгө алга” гэдэг ичмээр үг хэлдэг байгаа. Суурин соёл иргэшлийн талаар А ч үгүй хүн бололтой. Цааш алхаж байтал мөн л ахимаг насны эрэгтэй зөв зүгээр явж байснаа гэнэт нусаа нийчих нь тэр. “Та хээр хөдөө яваагүй шүү дээ. Жаахан соёлтой байгаач” гээд хэлээд тавчихлаа. Настай хүн хэрнээ өөдөөс муухай харж байна. “Нас намбандаа байгаарай” гэвэл үг тусгаж авах шинж даанч алга. Бүдүүлэг, харанхуй хүмүүст үг хэлэх оготны нүхэнд хашгирах хоёр яг адилхан бололтой. Хөгшин, залуу гэлтгүй суурин соёл иргэншлийн соёлд суралцахгүй байна. Гудамжны сандал дээр зүгээр ч сууж чадахгүй шүлсээ гоожуулж байдаг арчаагүй залууст эцэг, эхчүүдээс нь гадна ахмад настнууд үлгэр жишээ үзүүлж байх ёстой шүү дээ, уг нь. Гэтэл ахмад хүмүүс нь нус цэр, шүлсээ хаа тааралдсан газраа хаяад байхаар энэ хот чинь өнгө үзэмжнээс эхлээд халдварт өвчинд баригдах нь дэндүү тодорхой. Сүрьеэгийн нян хөрсөнд 40 хоног хадгалагддаг гээд бодохоор арчаагүй хүмүүс нийгэмд мөн ч их гай тарьж байна даа! Уг нь гудамж талбай, олон нийтийн газарт нус цэрээ хаявал торгох заалт хууль дүрэмд байдаг юм билээ. Түүнийг сахиулж байгаа ч хүн алга, хэрэгжүүлж байгаа ч хүн алга. Хэзээ нийгэмших вэ?!
...Орцны жижүүр хийж амьдралаа залгуулдаг ахмад настай хүмүүсийн талаар сурвалжлахаар нэгэн байрны гадаа дөхөж очвол 60 нэлээд гарсан насны намхан биетэй, хөл ялимгүй муутай эмэгтэй орцны зүүн талд овоорсон хогийг шүүрдэж байлаа. Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын харьяат гэнэ. Хүүхдүүдээ дагаж 6 жилийн өмнө нутгаасаа гарснаас хойш зүгээр сууж чадалгүй орцны жижүүрийн ажилд оржээ. “Би залуудаа өндөр цалинтай ажил хийж явсан хүн. Хотод орж ирээд хэдэн хүүхдүүддээ дараа болохгүй гэсэндээ ийм ажилд орсон доо. Цалин бага. Гэхдээ зарим хүмүүсийн маш ухамсар муутай үйлдэл нь авдаг хэдээс маань ч дор байх юм. Тэр л хэцүү дээ” гэж яриад түр амсхийв. Түүний ярьснаар зуны цагт шөнө орой хөл хөдөлгөөн ихтэй, ялангуяа баяр ёслолоор. Харамсалтай нь өглөө нь босоод харахад өмнөх өдөр нь хэрэндээ л хичээж цэвэрлэсэн орчинд нь эргээд хог хөглөрчихдөг ажээ. Ихэнх нь ажилгүй архичин хүмүүсийн “уран бүтээл”. Бас байрных нь ажилгүй залуус их төвөг уддаг гэж байна. Баахан хүн дагуулж ирээд л гэртээ оролгүйгээр архи ууж, тамхи татаж маш их дарамт болдог аж. 13 давхар барилгыг дээрээс нь доош нь угаагаад дуусах үед ухамсар муутай хүмүүс эхнээс нь бузарласан байх нь элбэг аж. Цагдаа нарын хувьд зохих арга хэмжээ авдаг ч байдал нэг л дээрдэхгүй байгаа талаар орцны жижүүр эмээ халаглав.
“30 жилийн өмнө л хотод ийм замбараагүй байсан гэдэг. Архидалт, тамхидалт гэдэг юм яагаад буурдаггүй юм бэ? Он цаг өнгөрөх бүр улс орон хөгжиж, хүмүүсийн ухамсар дээшилмээр юм. Эсрэгээрээ улам л дордоод байна. Хамгийн муухай нь охид, эмэгтэйчүүд ихээхэн эвдэрч байгаа нь санаа зовоох юм.
Банди нартай нийлээд л орцонд нөгөө цахилгаан тамхиа баагиулж, архи пиво ууж суух нь олон. Хэлэхээр мань мэтийг хүн гэж үзэхгүй. Эцэг, эх нь ямар хүмүүс байна вэ? Тийм хүмүүс багш нараа тоодоггүй нь мэдээж шүү дээ. Яаж хүн шиг хүн болж хүний дайтай амьдрах бол доо, хөөрхий”. Эмгэн ингэж хэлээд нүүрээ шудрав. Миний уулзсан орцны жижүүр эмээ хийсэн ажлынхаа хүндэд гэхээсээ хүн ёсны шинжээ алдаж байгаа нийгмийн үзэгдэлд илүү санаа зовдог нь илт. Ахмад настнаа дээдлэх, хөдөлмөр, сэтгэлийг нь хүндлэх ухамсар улам л холдоод байна даа! Хамгийн гол нь хүн хүнээ гэсэн өрөвчхөн, хүнлэг чанар алга болж байгаад Монголын эгэл жирийн нэгэн ахмад настан ихэд санаа зовж байна.
...Түгжрэл бага, зам харьцангуй чөлөөтэй байлаа. Нэгэн жижиг тэрэгний жолооч баруун дарахдаа автобус шүргэчихэв. Ажилдаа яарсан хүмүүс хараал зүхэл болцгоон автобуснаас бууж байгаа харагдлаа. Харин 60 хол гарсан насны өвгөн жижиг тэрэгний жолооч бүсгүй рүү элдвээр дайрч, цохиод авлаа. Нөгөөх нь “Цагдаа дуудна шүү” хэмээн тэнхээ мэдэн чарлав. Гэтэл өвгөн бүр уурсаж “Чамайг алчихна шүү” хэмээн дайрлаа. Сэтгэцийн хувьд асуудалтай ч юм шиг авирлана. Дайны хажуугаар дажин гэгчээр өөр нэг халамцуу өвгөн “Гичий минь аятайхан явж сур” гэж ирээд зодоонч өвөөтэй хүч хавсрав. Зарим ахмад хүмүүсийн биеэ авч яваа байдал, ухамсар сэтгэхүй мөн ч дор оржээ. Ахмад хүмүүс нь ийм байхаар залуучууд нь яах болж байна даа!
...Өдрийн 13 цагийн үед орцонд хүмүүс чанга чанга хашгиралдах сонсгогдлоо. Гэгээн цагаан өдөр юун хэрүүл зодоон болдог билээ гээд гарч харвал шатан дээр 11-12 дугаар ангийн бололтой 3 банди, нэг охин зогсч байна. “Та нар чинь яагаад нийтийн эзэмшил газарт хүмүүсийн амгалан тайван байдал алдагдуулаад байгаа юм бэ? Энэ чинь хүмүүс амьдардаг орчин. Аль сургуулийн хэддүгээр ангид сурдаг вэ?” гэвэл шатан дээр мордоод цахилгаан тамхины утаа олгойдуулсан биерхүү хөвгүүн “69 ш дээ. Уучлаарай, одоо гарлаа” гэв. Гэвч тэд тэр даруй гарсангүй, хэсэг хугацааны дараа шил хагарах чимээ сонсогдов. Дахин гарч харвал шалаар нэг пивоны бутарсан шил харагдлаа. Тэд хичээлээ тараад архи, пиво аваад орц бараадсан нь тэр аж. Хүн шаардлага тавихаар зүгээр ч нэг гараад явсангүй шил хагалсан нь тэр. Орцны камер байгааг тоодог юм уу, үгүй ч юм уу, бүү мэд.
Өсвөр үеийнхний дунд архи, тамхи, бүр мансууруулах бодисын хэрэглээ санаа зовоомоор түвшинд хүрсэн нь үнэхээр үнэн бололтой. Оршин суугчдын хэлж байгаагаар шөнийн 01 цагийн үед ч ахлах ангийн хөвгүүд, охид орцонд архи ууж, тамхи татаад сууж байдаг нь бараг л хэвийн үзэгдэл болсон гэнэ.
12 давхар барилгын шалыг дээрээс нь доош нь өдөр бүр угаадаг орцны үйлчлэгчийн хөлс хөдөлмөрийг хаа дуртай газраа хаядаг шүлс шигээ үл тоож байгаад нь гомдож уурлах ч багадна. Тоглоомын талбай дээр очоод харцгаа. Ахлах ангийн эрэгтэй, эмэгтэй хүүхдүүд жаахан хүүхдийн суух ёстой савлуурыг хайр найргүй эвдэн сүйтгэж байна. Энэ чинь хүн чанартай холбоотой асуудал шүү дээ! Жижиг сэдэв биш! Эцэг, эх, багш нар хүүхдийнхээ хүмүүжил, ёс суртахууныг хөсөр хаясан байна. Эцэг, эхийн зөвлөл гэдэг сайн дурын бүтэц мэргэжлийн эмч авчираад сурагчдад гар утасны хор нөлөөний тухай, цагдаагийн албан хаагч уриад цахим орчин болон архи, тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодисын аюулын талаар яагаад лекц уншуулж болохгүй гэж? Монголын ирээдүй архины ааг, тамхины утаанд бүрэлзээд харагдахаа болих вий! Хүүхдийн эрхийн хажуугаар хүмүүжил, төлөвшилийг нь давхар ярьж, анхаарахгүй бол хэдхэн жилийн дараа энэ нийгэм ямар түвшинд очихыг хэлж мэдэхгүй. Багшийгаа ганц зэмлэхээр эцэг, эх нь давхиж ирээд бөөн хэрүүл үүсгэдэг гэнэ. Эцэг, эхийнх нь хүмүүжил, төлөвшил, ёс суртахууны хэм хэмжээ хүүхдээс нь шууд харагддаг. Өөрсдөө төлөвшиж байж хүүхдээ хүн болгоно гэдгээ ухаардаггүй хүмүүс олон байна. Хичээлээ хийдэггүй, архи, тамхи хэрэглэдэг, багшийнхаа өмнөөс хэрэлддэг хүүхдэд багшийн хувьд үг хэлэхээр аав, ээж нь өмөөрч бүр эвдэж байгаа нь харамсалтай. Ном эрдмийн багшаа элдвээр зүхдэг, заналхийлдэг хүмүүжилгүй хүүхдүүд буруу зам руу гулсаж байгаагаа ойлгодоггүйд гол асуудал байна! Эцэг, эхчүүд хүүхдээ зөв хүн болгоё гэж бодож байвал өөрсдийнхөө ухамсар, сэтгэхүй, оюун бодол, зан харилцаандаа анхаар!!! Боловсрол, соёлын асуудал хариуцсан яамдууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, сургуулийн захиргаа, багш нар ч нэгийг бодох хэрэгтэй болжээ!!!
...Цахилгаан скүүтер унасан 19-20 орчим насны залуу МУБИС-ийн автобусны буудал дээр жаахан хүүг мөргөж унагачихаад ядаж босгоод ч өгсөнгүй хурдхан шиг зугатав. Бас автомашингүй өдөр зүүн 4 зам дээр муухай дуутай мотоцикль унасан залуу айлын охин хүүхэд дайраад хашлага даван зугтав. Ойворгон сагсуу тэдэнд хурдхан шиг зугатан баригдахгүй л өнгөрч байвал хүүхэд, хүн гэмтэж бэртэх нь хамаагүй?
...Төв номын сангийн эсрэг талд, шилэн барилгын нэг давхарт 50 орчим насны эмэгтэй 10 гаруй боодол сонин өргөж цахилгаан шат руу дөхүүлэх юм. Харамсалтай нь үүдэнд нь сууж байсан дөрвөн залуу, нэг охины хэн ч нь тусалсангүй. Тийм сэтгэл харагдсангүй. Ядаж эмэгтэйд нь “Та нар ээж шигээ, эгч шигээ хүнд туслаач” гэж хэлэх ухамсар байсангүй.
...Сошиал орчин дахь солиорол, элийрэл балайралтай бол ярих юмгүй болсон. Утга учиргүй хэрүүл, хараал, үзэн ядалт, хүний мууг үзсэн постууд, гүтгэлэг доромжлол, эрээ цээргүй үг хэллэг нус цэр шиг хөвөрсөөр...Олон нийтийн сүлжээг зүгээр л бохир намаг болгож өсвөр үеийнхний хүмүүжил ёс суртахуунд цөв суулгах үзэгдэл өдрөөс өдөрт бус цаг минутаар өсөж байна. Хүүхэд, залууст итгэл үнэмшил хэрэгтэй биз дээ? Үүнийг үл тоож, өөрсдийнхөө галзуу солиотой авир аашийг сурталчилдаг мунхаглал хэрээс хэтэрлээ. Хамгийн харамсалтай нь фейсбүүк, твиттерт зэрлэг авирладаг шигээ бодит амьдрал дээр тийм хандлага гаргаж нийгмийн харилцааг улам төвөгтэй болгож байна!
...БЗД-ийн 30 дугаар сургууль. Уг нь эх, эцгүүдийг улавчгүй орохыг зөвшөөрдөггүй боловч ухамсар дорой хүмүүс шаардлыг үл тоон тоос шороо, шавхай татуулан хүүхдүүдийн гадуур хувцсаа сольдог хэсэг рүү орж байгаа нь харамсалтай. Тэр ч бүү хэл хүүхдүүдийн гутал хувцсаа хийдэг уутан дээгүүр шороотой гутлаараа хээв нэг алхах юм! Эмэгтэйчүүд илүү хариуцлагатай байх ёстой атал “Улавч өмсөөч” гэсэн шаардлагыг хүлээн авахгүй бүдүүлэг авирлаж байгаа нь бухимдал төрүүлж байна! Эрүүл ахуйн дэглэм зөрчигдсөнөөс болоод амьсгалын замын өвчлөл газар авдаг гэдгийг насанд хүрсэн хүмүүс ойлгодоггүй гэж үү? Бусдын хүүхдийг боддоггүй юм гэхэд өөрийнхөө хүүхдийн төлөө сургуулийн орчны эрүүл ахуйн шаардлагыг сахин биелүүлэх учиртай.
…16-17 орчим насны охид, хөвгүүд хүүхдийн тоглоомын талбай дээр бөөгнөрчээ. Зүгээр ч нэг суусангүй нэг охин нь 3-5 настай жаахан хүүхдэд зориулсан савлуур дээр суучихаад боссонгүй. “Наадах чинь та нар шиг том хүүхдүүдийг даахгүй. Дүү шигээ нялх амьтдын тоглоомыг эвдээд ямар ухамсаргүй хүүхдүүд вэ” гэж настай эмгэний хэлэхийг үл тооно.
Тэр ч бүү хэл “Тэгээд яадаг юм” гэж хэгжүүрхэж байх юм. Гудамжинд том ууттай зүйл үүрсэн 40 гаруй насны эр ахлах ангийн хэдэн охид, хөвгүүдтэй зөрлөө. Гэтэл өндөр, дэгжин охин нөгөө хүнийг мөргөчих юм. “Өмнөхөө хардаггүй юм уу, та нар чинь?” гэж үүрч яваадаа түүртсэн эрэгтэй хэлбэл нөгөө охин “За хуцаа хуц” гэж өмнөөс нь асав. Өөрийнхөө бурууг хүлээж, уучлалт гуйх сэтгэлгүй, бусдыг, тэр тусмаа ахмад хүнийг хүндлэх ухамсаргүй төлөвшиж яваа охин болох нь илэрхий. Хүн чанар жижигхэн зүйлээс харагддаг. Өчүүхэн зүйл дээр чанар нь танигдаж байгаа хүүхэд ямархуу ааш араншин, үзэл бодол, сэтгэл зүрхтэй хүн болох нь тодорхой. Хүүхэд бол тухайн нийгмийн гэхээсээ эх, эцгийнхээ толь байдаг. Бусдыг ялгаж ярилцдаг, амиа бодсон, хүнлэг, энэрэнгүй ёсны утга учрын талаар багаасаа сонсч дуулаагүй хүүхэд эргээд эцэг, эхээ ч хайрлахгүй. Эцэг, эхээ хайрлахгүй хүүхэд өөр хэнийг ч өрөвдөхгүй. Тийм хүнд эх орон, элэг нэгтнээ гэх сэтгэл ухаан даанч нэг дутна. Дунд сургуулийн ахлах ангид ялгаварлан гадуурхах, дээрэлхэх үзлээс болж сэтгэл санаагаараа хохирсон хүүхдүүд цөөнгүй. Эмгэнэлт явдалд хүргэсэн жишээ ч байдаг. “Би 10-12 дугаар ангидаа ангийнхаа 10 гаруй охинд дээрэлхүүлж сэтгэл санааны маш хүнд дарамтанд орж байсан. Манай анги 28 охинтой байлаа. Тэдний бараг тал хувь нь намайг гадуурхана. Хүний санаанд оромгүй үгээр дайрч доромжилж, зүхнэ. Хийгээгүй хэргийн төлөө бүлэглэн дайрна. Нэг нь бүр “Чи миний хайртай хөвгүүнийг булаасан” гэж ангийн хүүхдүүдийн өмнө хэлэх хэлэхгүй үгээр хэлж дайрсан удаатай. Би тэр хайртай гээд байгаа бандийг нь мэдэх ч үгүй. Гэтэл хов живэнд итгээд л байж суухын аргагүй болгодог байсан.
Аав, ээждээ хэлмээр байсан ч сэтгэл нь зовчихно гээд чадаагүй. Тэд нараас болоод би хичээл сурлагадаа муудаж, хүссэн мэргэжлээрээ суралцах боломжгүй болсон” гэж харуусан ярих охинтой тааралдаж л байлаа.
Ийм жишээ олон бий! Сургуулийн орчны дээрэлхэлтийг таслан зогсоох талаар Боловсролын сайдаас өгсүүлээд ярьж байгаа нь үнэхээр тулгамдсан асуудал болсон учраас тэр! Сошиалыг ашиглан нэгнийгээ үзэн ядагчдын групп гэж нээчихээд тал талаас нь баалан доромжилж, сэтгэл санааны дарамт учруулж байгаа нь хүүхдийн хувьд байж болохгүй асуудал. Эцэг, эхээс гадна багш нар сурган хүмүүжүүлэх үүргээ сахимаар байна. Салбарын яам, төрийн болон төрийн бус байгууллагууд нэгнийгээ гадуурхан хавчдаг хүн ёсноос гадуур үзэгдэлд онцгой анхаарах цаг хэдийнэ болж! Ирээдүйн эх гэдэг утгаараа охид уг нь хөвгүүдээс илүү өр зөөлөн, уян хатан, ухаалаг байх ёстой. Гэтэл эрэгтэй хүүхдээс дор хүйтэн сэтгэл гаргаж болохгүй шүү дээ. Архи, тамхи, бүр мансууруулах төрлийн бодис хэрэглэдэг, гэмт үйлдэл гаргадаг, хэний ч үгийг авдаггүй хэмжээнээсээ хэтэрсэн зантай хүүхдүүдэд аав, ээж, багш нараас нь гадна төр засаг, хууль хүчний болоод олон нийтийн байгууллагууд яагаад анхаарахгүй байна вэ? Өсвөр үеийнхэн дотор буруу тал руу эвдэрч байгаа хүүхдүүд дийлэнх хувийг эзлэхгүй байгаа ч бусдадаа нөлөөлөх нөлөө гэж бий! Тэдэнд эрх ч бий, үүрэг ч бий. Гэтэл эцэг, эх, гэр бүл, нийгмийн өмнө хүлээх үүрэг хариуцлагын талаар ямар ч ойлголтгүй шинэ үе бойжиж байгаа нь тухайн хувь хүн, гэр бүлээс гадна энэ улсад дэндүү хохиролтой! Хүүхдүүдээ хайрлаж, зөв хүн болгох нь хамгийн том сэдэв болоод байна! Тэднийхээ ирээдүйг хайрлая.
...Том шар нохой хөтөлсөн 18 орчим настай эрэгтэй хүүхэд байрны гадаа тамхи татсан шиг таахалзана. Цаанаас нь 3 хүрээгүй насны жаахан охин ээжийнхээ хамт гараад ирэв. Охин нохойноос айж байгаа нь илт. Нохой шүдээ ярзайлган уяандаа цовхчино. Зөрж өнгөрсөн 50-иад насны эмэгтэй “Чи нохойндоо хошуувч зүүлгээч” гэж хүүд хэлбэл өнөөх нь ядаж дуугүй байхын оронд “Чадахгүй” гэж ууртайгаар зандрав. Хэрвээ нохой нь хүүхэд ноцвол эзэн нь болох хүмүүжилгүй банди хүүхдийн эрх яриад зүгээр өнгөрөх үү? Тэжээвэр нохой хүүхдийн аминд хүрсэн тохиолдол хэд хэд гарсныг яагаад сануулахгүй байна вэ?! Энэ мэтчилэн хүүхдийн эсрэг балмад үзэгдэл болгонтой нийтээрээ хатуу тэмцье. Учраа мэдэхгүй жаахан үрсээ хүний үнэргүй новшнуудаас хамгаалахын тулд үг, үйлдлээ нэгтгэе. Орцноос гараад ямар эрсдэл байгааг анзаарч харцгаая. Үнэндээ ямар ч төлөвлөлтгүй барилга байшин шавуулж, хүүхдэд ээлгүй орчин бүрдүүлсэн хүмүүсийн гай их байна. Гудамж талбай, явган хүний гарц, олон нийтийн газар, ер нь хаана л бол хаана хүүхдүүдэд бөөн эрсдэл нүүрлэжээ. Ниргэсэн хойно нь хашгираад байх зуур алаг үрс золионд нь хохирсоор байна!
...60 нэлээд хэвийсэн насны эмэгтэй 6-14 орчим насны хоёр хүүг дагуулан алхана. Алхаа гишгээ, авир аашийг нь харвал шаггүй халамцсан бололтой. Явж байгаад гуйвж дайвна. Шүлсээ хаяна. Гэтэл нэг хүү нь “Эмээ та зам руу уналаа ш дээ” гэвэл эмгэн “Яадаг юм. Архи уусан хүн л байгаа биз” хэмээн агсалзана. Түүнд эрэгтэй хүүхдүүдэд ямар буруу үлгэр дууриал үзүүлж байгаагаа ойлгох сөхөө даанч алга. Хожмын өдөр ач, зээ нь архи уугаад ороод ирвэл юу гэж хэлэх бол?
...09 цагийн үед Сүхбаатарын талбайн урд талын замын голд “приус-30” машинаас 40 орчим насны эмэгтэй хэнэг ч үгүй буучихлаа. Ихэмсэг ярвагар царайтай тэр хүнд бусдаас санаа зовсон шинж даанч алга. Харин ч өөрийнхөө хийж буй зүй бус үйлдлээрээ гайхуулж байгаа нь илт. Соёлжиж, боловсорсон өөр улс оронд бол иймэрхүү үзэгдэл эвэртэй туулай харсан дайны бүдүүлэгт тооцогдоно. Гэтэл манайд он цаг улирах бүр хүмүүсийн ухамсар дордсоор, соёлын хувьд хоцрогдсоор…
...Ромео Жулетта хотхоны тоглоомын талбай. 14-15 насны орчим өндөр охин 7 настай болов уу гэмээр хоёр жаахан охин дээр очоод “Та нар эндээс зайл. Өөр байрныхан энд ирж болохгүй” гэж зандран хөөлөө. Нөгөө хоёр нь учраа олж ядан хэсэг бүлтгэснээр холдов. Одооны хүмүүсийн мөс чанар муудсан нь хүүхдүүдээр нь илэрч байгаа нь энэ. Монгол хүн уг нь айл саахалтынхаа орж гарч, аливаа ажил төрөлд нь тусалж ирсэн ховор сайхан зан заншил, уламжлалтай ард түмэн. Гэтэл 1990 оноос хойш тэр сайхан чанар хотод гэлтгүй хөдөөд ч бүдгэрч, бараг устаж эхэлсэн байна. Зөвхөн хар амиа бодсон, бусдад туслах өчүүхэн ч сэтгэлгүй, өрөвдөх, энэрэх мэдрэмгүй хүмүүс өсөн бойжиж байгаа нь харамсалтай. Эмэгтэй хүн болгон ээж болдог. Ямар ээж болж төлөвших нь эцэг, эх, багш нараас хамаарна шүү!
...Долдугаар сар. Оройны 20.45 цаг. “Ардын эрх”-ийн буудал буюу Монгол 3 дугаар сургуулийн замын урд талын автобусны буудлын ТҮЦ рүү орлоо. Нөгөө ТҮЦ-ийн лангуун дээр хиамтай ороомог, мантуун бууз хар халуунд бараг ялзрах нь холгүй байна. “Хэзээ ирсэн ороомог вэ?” гэвэл ТҮЦ-ийн эзэн хүүхэн хээв нэг “Өглөө л ирдэг ш дээ” гэх юм. “Халуунд махан бүтээгдэхүүн хоёрхон цагт муудна шүү дээ” гэвэл огт тоосонгүй. Тэр хүнд мөнгө л чухал, бусдын амь нас, эрүүл мэнд хамаагүй бололтой. Ийм халуунд амархан муудах бүтээгдэхүүн зарж ашиг олно гэж байж болох уу?! +30 давсан халуунд махан бүтээгдэхүүн хороос дутахгүй уршигтай шүү дээ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгасан ч чиг үүрэг нь яамдуудад шилжсэн гэдэг утгаараа хяналт шалгалт хийх үүрэг нь хэвээр үлдсэнийг сануулая!
...И мартын нэг давхарт байдаг Солонгос хоолны газарт 30 гаруй насны хүүхэн орчноо мартан хэн нэгнийг байдаг чадлаараа хашгиран зандарна. Гайхсандаа харвал дөнгөж 19 насны орчим хоёр охины царай нь хувхай цайж айсан байртай дуугаа хураан зогсоно. Яавч бусдын өмнөөс буруу үг хэлэх охид биш байлаа. Олон нийтийн газарт байгаагаа үл тоож эрээ цээргүй авирлах дээрэнгүй хүүхэнд санаа зовсон шинж огтоос алга.
...100 айлд байх Нотариатын газар. 40 гаруй насны эмэгтэй нотариатын туслах эмэгтэйг загнаж гарав. “Дахин дахин хэллээ. Та ойлгосонгүй юү?” гэж хэлсний төлөө тэр шүү дээ. Өөрийнхөө бичиг баримтыг батлуулах гэж байж бусдыг доромжилдог тэнэг хүн байдаг аа? Эмэгтэй хүмүүс уг нь хамгийн ухаалаг, зөөлөн байх ёстой. Бүүвэйн дуугаараа хорвоог уяраадаг шиг амьдралын аливаа асуудлыг уян зөөлөн, өршөөлт энэрэнгүй, хүнлэг сэтгэлээрээ зөөллөж явах учиртай хүмүүс бол эмэгтэйчүүд. Харамсалтай нь зан харилцаа, ёс суртахуун, үзэл бодлын хувьд улам л дордоод байгаа эмэгтэйчүүд цөөнгүй байна. Өндөр хөгжилтэй орнуудад соёлын шинэ үе үүсээд удаж байхад бид ухарсаар байх уу?
...Өглөөний 09:36 цаг. МУБИС-ийн уулзвар дээр тээврийн цагдаа замын хөдөлгөөнийг зохицуулж байлаа. Явган зорчигчид гарцаараараа гарч явав. Гэтэл жолооч нар дуут дохиогоо балмадаар чарлуулж эхэллээ. Сүүлийн жилүүдэд 20-хон секундын тэвчээргүй жолооч нар албан үүргээ гүйцэтгэж байгаа цагдаагийн үйл ажиллагааг эсэргүүцэж ийм солиотой авир гаргадаг болоод байгаа юм.
Суурин соёл иргэншлийн бичигдсэн болон бичигдээгүй хууль дүрмийг мэддэггүй увайгүй хүмүүс уулзвар болгон дээр дуу дуугаа авалцан сигналаа удаанаар орилуулж, нийгмийн стресс бухимдлыг улам нэмэгдүүлдэг боллоо. Яаралтай таслан зогсоох цаг болжээ. Өндөр настай, бие муутай иргэн, нялх нярай хүүхдүүд тэдний уур бухимдлын золиос болж байна шүү дээ! Бас Монголыг гээд зориод ирсэн жуулчдад дахиж ирэх сэтгэгдэл төрөх үү? Нутагтаа буцаж очоод улсыг маань л муугаар ярина гэдгийг зарим тэвчээргүй, соёлгүй, арчаагүй жолооч хэзээ ойлгох вэ?!
...“Амьдрал мөнх биш. Хүн шиг байж үзээч” гэж нэгэн ухаантан бачимдан өгүүлсэн байдаг. Одооны зарим хүмүүс дэндүү увайгүй, хүн чанаргүй болсон нь энэ хэдхэн жишээнээс харагдаж байна. Монголчууд хүний мууг үзэхээс хамгийн их цээрлэдэг байсан юм. Нэг нэгэндээ туслах нь хүн гэдэг амьтны хамгийн чухал мөн чанар. Тэр ч бүү хэл араатан өөр амьтны үр зулзагыг энэрэн хайрлаж байгаа тохиолдол олон бий шүү дээ. Амиа бодсон, бусдыг гэх сэтгэлгүй, хүн чанаргүй хүмүүс олширч байгаа нь Монгол хүний халуун сэтгэл хөрч, алга болж байгаагийн илрэл билээ. Үндсэн шинж төлвөө алдах нь үндэстний хувьд маш том гарз хохирол юм. Хөгшин, залуу, хөдөө, хотын гэлтгүй үзэл бодол, ухамсар соёл, зан харилцаандаа анхаарахгүй бол Монголын гэсэн үнэт зүйл болгон устаж мэдэхээр байна. Дээрх хэдхэн жишээнээс дүгнэлт хийвэл бидний дунд амиа бодсон зан дийлж, ухамсар соёлын хувьд ухралт хийгээд байна уу даа гэж харагдахаар байна. Нийгмийн сэтгэлзүйд цэвдэгшил газар авлаа. Улс орны ирээдүй та бүхэнд ямраар төсөөлөгдөж байна вэ?
Дажсүрэнгийн Лхагвадорж
Мягмар - 05 сарын 05,
2026
Сэтгэгдэл38
Энэ бол монголчуудын хувьд жирийн байх ёстой зүйл гэмээр болсон. Үүнээс аймшигтай зүйл дүүрэн бна. 2 - 6 настай хүүхдүүд бүр аймшигтай хүмүүжилгүй болсон. Бүхнийг хамгийн чангаар уйлж орилж чарлаж түрэмгийлж шийддэг гэсэн ойлголтоор өсөж байна. Ямарч хүмүүжилгүй 18 - 40 насны эцэг эхчүүд нь үүнийгээ ойлгохгүй ба улам өөгшүүлж хүн биш болгож байгаа. Охид хүүхнүүд бол зэрлэг араатан болоод удаж байгаа. Гуч гаран жил хүний эрхийг араатан болтлоо ашиглаж байгаа монгол ийм л бна. Зөвхөн хар амиа бодож бусдыг жорлонгийн цаас шиг ашигладаг бусдыг хүндэтгэх асуудлыг мартаж уландаа гишгэсэн хууль дүрэм журмыг эсэргүүцэж нулимадаг үндэстэн энэ дэлхий дээр биднээс өөр байхгүй байх.
Юунаас болоод ингэж байгааг эргэцүүлж бодож үзэв үү.Манай нийгмийн хамгийн их хомсдод орсон юм бол өлөн нүдэлсэн золбин сэтгүүлчдийн ярьж бичдэг шиг ард түмний амьдрал хэцүү байгаа мөнгөний хомсдол огт биш харин ёс суртахууны үгүйрэл юм. Энэ ёс суртахууны үгүйрэл хоосролын уг шалтгааныг хөөж бодвол дүр эсгэсэн хуурамч ардчилалд тулж байгаа юм.Бид эргэлзэлгүйгээр дүр эсгэсэн хуурамч ардчиллыг устгах шаардлагатай.
Хөдөөний орк л биз
Хот хөдөөгүй оркжиж байна
монголд дээр догүй болохгүй бүтэхгүй юм хэтэрхий их болчихоод иргэд цөхөрсөн байна. засая залруулъя гээд асуудал ярьсан нэгнээ эерэг байсангүй гэж төл талаас нь нухчин дардаг гадаадад яагаад бүх юм нь дүрэм журмаараа байдгийн учир иргэд нь дутагдлыг дуугай өнгөрүүлдэггүй гомдол гаргадаг хууль хүчныхэн нь иргэдээ дээдлэдэг хүндэлдэг
МОНГОЛЧУУД БҮГД ИЙМ ХАРАНХУЙ БҮДҮҮЛЭГ БОЛСОН. ЭНЭ ОЛОН ТЕЛЕВИЗҮҮД СОЁН ГЭРЭЭРҮҮЛЭХ РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА ЯВУУЛААЧ.
1990 оноос монголчууд зэрлэгшсэн
Бид дүр эсгэсэн хуурамч ардчиллыг ор мөргүй болгон устгах хэрэгтэй.
Ардчиллын гэх 30 жилийн Монголын нийгмийн ялзрал. Ийм юм дэлхий дээр хаанач байхгүй. Монгол хүний олон жил тогтож ирсэн ёс суртахууны хоцрогдол, хүүхдийн хүмүүжил хаданд хаягдсаны хар гай. Үүнийг арилгахад олон жил хэрэгтйэ бна доо.
Монголд дутуугийн комплекстой хүмүүс маш их байна
Шууд хэлчихэд танихгүй олон дунд биеэ авч сураагүй,би би гэдэг сэтгэлгээтэй чанга дуутай хөдөөнийхөн.
Ардчилал энд ямар ч буруугүй, харин ардчиллыг саармагжуулсан, МАНгарууд л буруутай, тэр үед энэ бүлэглэлийг тарааж хуулиар хорих байсан юм. Орз угшилтай бүх юмыг хуйгаар нь өөрчлөх байсан юм, орзын тоглоомын бүлэглэл МАН гэгч хулгайч нарын уурхай Монгол орныг сөнөөж байна.
Ардчилал нэрийн дор амин хувиа бодсон, хязгааргүй шуналтай хэсэг хүмүүс гарч ирээд Монголыг самарсан л даа. Хууль шүүхийн байгууллагыг өөрийн гар хөлөөр дүүргэж хууль, журмыг уландаа гишгэж авилга, хээл хахууль, шудрага бус байдлыг өөгшүүлж, хэрэг наймаалцаж, эрх мэдэл, албан тушаалыг мөнгө оллх хэрэгсэл болгосон. Үүний хамгийн том төлөөлөгч нь Очирбат, Элбэгдорж, Баттулга нар юм. Тэгээд дагалдагч нар нь Ардчилсан намын өусад нөхдүүд! МАН-ын хулгайч нар эд нараас санаа авч хамтдаа гар нийлж, биенээ хамгаалж Монголыг устгаж байна. Нүүрс, автобус, сангууд гээд Ардчилсан намынхан суурийг нь тавьж МАН төгөлдөршүүлсэн хулгай захаас аваад зөндөө. Эрх барих болгондоо бие биенээсээ санаа авч барьцаалагдаж хулгайгаа үргэлжлүүлсээр л байна. Энэ хоёр нам бидний төлөө юу ч хийж чадахгүй нь аль хэдийн тодорхой болсон байхад ард түмэн нь дахин дахин сонгож хулгай хийлгэсээр байна.
наад цэвдэгшил чинь цаашид улам л газар авах байх даа, улам л аймшигтай болох байх ... сайжирч засрах байдал тун харагдахгүй юм
Ийм үйлдлүүд хаа сайгүй. Яагаад ийм болчихвоо гэж их боддог. Шинэ хотжилтын эмгэг юм болов уу. Ийм гажиг хүмүүсийн ихэнх нь гэр орондоо ажил дээрээ зүв зүгээр байх жишээний. Америк япон явдаг хүмүүс тэндхийхнийг сайхан зантайг нь магтана. Энэ муу ч хэнд хэрэггүй амьтан гээд үзэн ядаад байдаг болтой. Хүн бүхэн өөрт чинь хэрэгтэй байх албагүй санагдана.
Зэрлэг, бүдүүлэг, хувиа бодсон бэртэгчингүүд гээд хэлэх ч муу үг олдохоо байлаа.хөгшчүүл ч одоо өнгөрсөн, ядахдаа хүүхдүүдээ зөв хүмүүжүүлүүж, соёжуулахсан даа
Хүмүүсийн хоорондох харилцаанаас их болдог. Бие биенээ харилцан хүндлээд сурчих. Үг хэлээ ч гэсэн. Та ойлгосонгүй юу гэдэг бол хүнд сайхан санагдахгүй үг шүү.
Bid ch ihl buruu tiishee yavaad bn. Hun chanar gej oogt alga boljee. Ardchilal gsen neriin dor zarim sain shan zuilee orhigduuljee. Huntei mendleh hundleh gsen oilgolt ugui bolj dee.Hotoor neg baahn orkuud yavdag boljee. Uursdiinhuu ohintoi adil huniig eldveer helj haraaj zuheh yum daa zarim humuus. Odoo jaahn humuujiltei bie bienee hairlaj hundelj surmaar yum daa. Bi l bolj bval busadni hamaagui gsen bodloo l haymaar bn daa. Shan zuil niiteljee byarllaa. Yaag bodj yavdag zuil bichjee👍👍👍
Ганц гэрээрээ хөдөөнийхөн хүнийг, хөдөлмөрийг хүндлэнэ гэж хэзээ ч байхгүй.Гэхдээ хөдөөнийхөн хоорондоо ялгаатай.Хүн багатай хол эсвэл говь нутгийнхан арай эвдрээгүй.Хотоос хойшоо бүх юмтай сайхан нутгийн оркууд хэрэг байхгүй.
Ардчиллын 30н жилийн 26н жилд нь МАНгасууд төр барьсан байх юм...одоо байгаа улс орноо хар даа ...
МАН АН хоёр америк хятадын талд үйлчилдэг ялгаа байхгүй
Амьдрал санаснаар болдоггүй юм
mash zuv niitlel baina. daanch ene zerleguud zasrah ni ungursun l doo. cusnii zerleg balamad iamar humuuus mongluud
Амиа боддог хүн бусдыг шүүмжлээд өөрийгөө таньж чаддаггүй
Хүн чанаргүй гээд шууд хэлчихээч
Шууд хэлэхгүй тойруулж хэлэхэд учир бий. Ёс мэдэхгүй хүнд муу ёр халддаг.эвс шаазгай буга бхр
Ene niitleliig hotiin dargaar tv unshuulbal mun goyo. Ub hot delbeh userehed oirhon galzuugiin atom bolson bn lee
Асуудал хүйтэн царайтай жолооч залууд байгаа юм биш. Аливаа юмс үзэгдэлд уг шалтгаан гэж юм бий. Манай эх оронд өнөөдөр болж бүтэхгүй байгаа бүхний уг шалтгаан нь дүр эсгэсэн хуурамч ардчидал юм. Бид дүр эсгэсэн хуурамч ардчиллыг ор мөргүй болгон устгавал бүх зүйл сайн сайхан болно.
маш зөв бичжээ
90 оны xувьсгалаар лангуун дээрx идээ будаа xувцас xунар машин тэрэг мөнгө төгрөгөөр ёс суртxуунаа арилжчиxсан улс энэ цэвдэгшил xэдэн зуунаар ч үргэлжилж мэднэ
Автобусанд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сандал суучихаад би ч бас мөнгөө төлдөг гээд хээв нэг хариулдаг малнууд байна.
Монголчууд Орос ах нартайгаа улам адилхан болоод байх юм. Даан ч Оросууд олонхидоо багууддаа хүн биш юм шиг ханддаг бол Монголчууд Монголчууддаа пизда гэж ханддаг болсоор байгаа.Гэхдээ хотын залуучууд бол бас гайгүй болж байгаа гэж боддог.
харин америкт ээж шигээ хүнийг хэмх нүдчих юм билээ
Үгүй ээ. Чи эндүүрч байна. 1990 оноос хойш монгол африктай улам адилхан болоод байгаа. Монгол африкийн араас явж байна. Америк сатана монголыг африк шиг болгохыг хүсэж байна.
Энэ оросыг муулсан алд нэг үг хэлье. Оростой явсан 70 жилд бид ийм байгаагүй юм. Бидний монгорлчууд хүн шиг хүмүүс явсан юм.Ардчилал гэгч золбин тархи угаалтаас хойш бүхэл бүтэн үндэстэн ёс суртахуунгүй боллоо. Чи ядаж байхад яасан сэтгэх чадваргүй байж бичих дуртай ал вэ.
нийтлэг дүр зураг. Хэнийг ч сонсохоо байсан хөгшин, залуу, бүр хүүхдүүд ямар ч харьцааны наад захын мэдлэг, соёл байхгүй. Хүн бүр шүүмжлэх биш, өөрөө өөрсдийгөө өөрчилж эхэлмээр ...
Байгуулсан нийгмийн чинь мөн чанар...
Байгуулсан нийгмийн чинь мөн чанар...