sonin.mn

Европын эрдэмтэн Ян Оберг саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Америк Хятадын талаар сөрөг мэдээлэл бэлтгэдэг сэтгүүлчдийг бэлтгэж сургах зорилгоор таван жил дараалан санхүүжилт хийх хуулийн төсөл санаачилсан" тухай ярьжээ. Түүний хэлсэн хуулийн төсөл нь 2021 оны 4-р сард Америкийн Сенатын гадаад харилцааны хорооноос баталсан "2021 оны Стратегийн өрсөлдөөний тухай хууль"-ийн агуулгатай яв цав таарч буй аж. 


Энэхүү хуулийн төслийн агуулгыг судалж үзэхэд АНУ 2022-2026 оны санхүүгийн жилүүдэд "Хятадын олон улс дахь нөлөө тусгал"-ийн эсрэг жил болгон 300 сая ам. доллар (нийт 1.5 тэрбум ам. доллар) хуваарилсан агуулгатай юм байна. Хуулийн төсөлд, Хятад улсын нийтэлсэн "худал мэдээлэл"-ийг хянах, эсэргүүцэх зорилгоор Америкийн Олон улсын хэвлэл мэдээллийн агентлаг зэрэг холбогдох байгууллагуудыг жил бүр 100 сая ам. доллароор санхүүжүүлнэ.


Засгийн газрын агентлагууд сэтгүүлчдийг бэлтгэж, тэд "Бүс ба Зам" санаачилгыг эрэн сурвалжлахад техникийн туслалцаа үзүүлэх хэрэгтэй гэжээ. Түүнчлэн Хятадын Шинжааны тухай хуулийн төсөлд 20 гаруй удаа дурьдаж, Америк Хятадын Шинжааны дотоод хэрэгт үйл оролцох ёстой гэдгийг онцолжээ. Энэ тухай "China media" групп: "Сүүлийн жилүүдэд Америк Хятадыг стратегийн хамгийн том өрсөлдөгч гэж үзэж, Хятадын эсрэг бүхий л дарангуйлах аргаа хэрэглэснээр "олон нийтийн үзэл бодлын дайн", "танин мэдэхүйн дайн" урьд өмнө байгаагүй ширүүн явагдах болсон. Эдгээрийн дотроос “Бүс ба Зам” санаачилга, Хятадын эдийн засаг, Шинжаан зэрэг нь Америкийн гүтгэлгийн гол сэдэв болсон юм. Тэгвэл Вашингтоны Хятадын эсрэг олон нийтийн үзэл бодлын дайн эхлүүлэхийн тулд хэвлэл мэдээллийн хэрэгслийг хэрхэн ашиглаж байна вэ? 


Нэг. "Байгууллага нэгж-Хэвлэл мэдээллийн хэрэгсэл-Засгийн газар" гэх худал мэдээлэл бичиж тараах бүрэн бүтэн дамжлаг, систем бүрдүүлэв


Олон жилийн турш Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл олон нийтийн үзэл бодол, хэвлэл мэдээллийн салбарт давуу байр суурийг эзэлсээр ирсэн юм. Тэдгээрийн дотроос АНУ-ын Олон улсын хэвлэл мэдээллийн агентлагт харьяалагддаг “Америкийн дуу хоолой” (VOA), “Чөлөөт Азийн радио” (RFA) зэрэг нь байгуулагдсан цагаасаа маш чанга улс төрийн өнгө аястай гэдгийг дэлхий даяар мэднэ.


“Америкийн дуу хоолой” VOA-г жишээлэхэд, тус хэвлэлийн 2023 оны "Бүс ба Зам"-тай холбоотой мэдээ мэдээллийн 93 гаруй хувь нь "өрийн урхи" гэх мэт сөрөг мэдээллүүд байгаа. Шведийн “Бүс ба Зам” судалгааны хүрээлэнгийн дэд захирал Хуссейн Аскари “өрийн урхи” гэсэн нэр томьёоны гарал үүслийг судлан, энэ үг 2018 оны тавдугаар сард л анх олон нийтийн чихэнд орж ирснийг тогтоожээ. Тухайн үед АНУ-ын Төрийн департамент Харвардын Кеннедигийн сургуулийн "Өрийн дипломат ажиллагаа" нэртэй баримт бичгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсан ба уг баримт бичгийг зохиогчдын нэг нь АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын яамны албан тушаалтан байв. 2018 оноос хойш “Бүс ба Зам” санаачилгын өрийн талаарх мэдээлэл эрс нэмэгдсэнийг статистик мэдээллээс харж болно. "Өрийн урхи" бол Америкийн хэвлэл мэдээлэл, улс төрийн хүрээний хамтын ажиллагааны үр дүн гэж болно.


Бас нэг жишээ дурдъя. 2023 оны 11-р сард “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний гурав дахь чуулга уулзалт зохион байгуулагдсанаас ердөө хоёр долоо хоногийн дараа АНУ-ын Уильям, Мэригийн коллежийн тусламжийн мэдээллийн судалгааны лаборатори (AidData) тайлан гаргаж, “Бүс ба Зам” Зам"-ын 80 орчим хувийн зээлийг санхүүгийн хямралд орсон улс орнууд авсан гэв. Үүний дараахан АНУ-ын хэвлэл мэдээллийнхэн дуу дуугаа авалцаж, эдийн засгийн хөгжлийн өөрийн гэсэн найз нөхдийн тойрог бий болгохыг Засгийн Газартаа уриалав. Бараг үүнтэй нь зэрэгцэн Америк анх удаа “Эдийн засгийн хөгжил цэцэглэлтийн төлөөх Америк тивийн түншлэлийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт”-ыг зохион байгуулав. Уулзалтаар АНУ-ын удирдагч "өрийн урхи"-ыг дурьдаж, Америк тивийн орнууд нэг талыг барьж, зөвхөн АНУ-тай хамтран ажиллахыг шаарджээ. Энэхүү AidData гэдэг нь яг ямар байгууллага вэ? АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн (USAID) албан ёсны вебсайтад мэдээлснээр AidData нь яг энэхүү агентлагийн байнгын санхүүжилттэй байгууллагуудын нэг аж. 


Хоёр. Олон улсын хэвлэл мэдээллийг ашиглан тухайн оронд үйл ажиллагаа явуулж буй Хятадын аж ахуйн нэгжүүдийг гүтгэн харлуулах


2022 оны 5-р сард Зимбабвегийн "Стандарт сонин" Хятадын уул уурхайн компаниуд орон нутгийн ажилчидтай зүй бусаар харьцдаг, "Зимбабве гаралтай ажилчин бэртэл авч эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд ажлаасаа ч халагдсан" гэж мэдээлсэн юм. Мэдээний агуулгыг Зимбабвегийн Мэдээллийн Хөгжлийн Итгэлцлийн сан (IDT) хамтран бэлтгэлээ хэмээн бичжээ. Гэвч төд удалгүй Зимбабвегийн “Хералд” сонин нийтлэл гаргаж, тухайн ажилтан хятад ажилтантай ямар нэг байдлаар хэрүүл хийж, зодуулаагүй бөгөөд ажлаас нь халаагүй гэдгийг олон баримтаар нотолсон байна. Тэгвэл "Стандарт сонин" яагаад энэ худал мэдээллийг нийтэлсэн бэ? Энэ нь тус сонины хамтран ажилладаг IDT хөшигний арын удирдагчтай шууд холбоотой. 2021 оны 9-р сард эл сан Зимбабве болон хөрш зэргэлдээ орнуудын хэвлэл мэдээллийн 12 сурвалжлагчийг семинарт урьж, Хятадтай холбоотой сөрөг мэдээг нийтлэх "дараагийн шатны үүрэг"-ээ хуваарилжээ. Мөн тэднийг дамжаа сургалтад хамруулж, Яаж Хятадын аж ахуйн нэгжийг "онилох", яаж асуудал сэдэх тухай заагаад нийтлэл хэвлэгдсэний дараа сурвалжлагч дундын зууч байгууллагаар дамжуулан Зимбабве дэх АНУ-ын Элчин сайдын яамнаас нийтлэл бүрд 1000 ам.долларын урамшуулал авах боломжтойг сануулсан гэнэ.


Гурав. "Жүжигчин" хөлслөх


Худал мэдээллээ "жинхэнэ" болгохын тулд Америк заримдаа бас "мэдээ мэдээлэлд дурьдагдсан этгээд" гэгчийг олдог аж. 2019 онд өөрийгөө БНХАУ-ын Шинжаан гаралтай гэх Замүрэ Давути нэртэй эмэгтэй камерын өмнө дуу алдан уйлж, "миний аавыг олон удаа шалгаж байцаасны эцэст нас барсан, би өөрөө сургах төвд албадлагаар фаллопийн гуурсан хоолойгоо боолгосон" гэжээ. Удалгүй түүний төрсөн ах нь гарч ирээд, тэдний аав зүрхний шигдээсээр эмнэлэгт нас барсан бөгөөд амьд байх хугацаанд нь нэг ч удаа мөрдөн байцаалт явуулж, цагдан хоригдоогүй. Замүрэ Давутийн хувьд гурав дахь хүүхдээ төрүүлсний дараа эмнэлэгт сайн дураараа кесар хагалгаа хийлгэж, фаллопийн гуурсан хоолойгоо боолгосон гэжээ.



Америкийн хараат бус хэвлэл мэдээллийн "Саарал бүс" цахим хуудас болон бусад мэдээлэлд дурьдсанаар, энэ Замүрэ Давути гэх эмэгтэйн тухай яриа бол Америк дахь Хятадын эсрэг орон нутгийн байгууллагуудын "сонгодог" үлгэрийнх нь нэг аж. Хятадын эсрэг эдгээр байгууллагуудын санхүүгийн дэмжигчид нь АНУ-ын Засгийн газрын нөгөө олонд алдартай “цагаан бээлийтэн”-Ардчиллын үндэсний сан гэдэг нь тодорхой болж.



Удаан хугацааны турш АНУ дэлхийн цорын ганц супер гүрний статусаа хадгалахын тулд олон нийтийн үзэл бодлын дайныг цэрэг дайн, эдийн засаг, дипломат арга хэрэгсэлтэй нягт уялдуулан хийсээр ирсэн. Гэсэн хэдий ч үндэсний хүч нь сулрахын хэрээр тус орон "ёс суртахууны өндөрлөг" хэмээн өөрийгөө өргөмжилж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн үзэл бодлыг төөрөгдүүлэх аргыг улам ч илүү ашиглах болж байна. Гэвч хүйтэн дайны үед ид ашигласан энэхүү башир аргаа сэргээх оролдлого нь энэ эрин үетэй нийцэхгүй, дэлхий нийтийг хуурч чадахгүй гэдгийг тэд таньж мэдэх хэрэгтэй юм." гэжээ.



Г.Бямба