1-р сарын 7-ны өглөө Германы BMW групп болон Хятадын компанийн хамтарсан BMW Brilliance-ийн шинэ загвар албан ёсоор үйлдвэрлэгдэж эхлэв. Холбогдох албаны хүний хэлснээр, энэхүү үйлдвэрлэл нь Хятадын хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг бүрэн харгалзан үзэж, BMW компанийн Хятадын зах зээлийг гүнзгийрүүлэн судлах эрмэлзлийг илэрхийлж байгаа гэнэ. Мөн өмнөх өдөр нь Германы Volkswagen групп (Хятад) Хятадын Шяопэн автомашины компанитай Хятадын хамгийн том хэт хурдан цэнэглэгч сүлжээг байгуулахад хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаа зарласан юм. Энэ тухай Хятадын Олон Улсын Радио: "Сүүлийн өдрүүдэд гадаадын хөрөнгө оруулалттай олон тооны автомашин үйлдвэрлэгч компаниуд Хятад дахь үйдвэрлэлээ нэмэгдүүлнэ гэдгээ мэдэгдэж, хамтын ажиллагааны давалгааг эхлүүллээ. Теслагийн Шанхай дахь эрчим хүч хадгалах супер үйлдвэр саяхан баригдаж дуусч, оны эхээр бөөнөөр нь үйлдвэрлэлд оруулах төлөвтэй байна. Теслагийн борлуулалтын дэд ерөнхийлөгч Тао Лин хэлэхдээ, тус үйлдвэрийн жилийн үйлдвэрлэлийн хүчин чадал 10 мянган ширхэгт хүрч, Хятад болон дэлхийн зах зээлд нийлүүлж байна гэжээ. Олон улсын бизнес, эдийн засгийн их сургуулийн профессор Лу Юэ хэлэхдээ, оны эхэнд гадаадын хөрөнгө оруулагчдын хийсэн цуврал арга хэмжээ нь технологи, аж үйлдвэрийн хамтын ажиллагааны хувьд Хятад улсын дэлхийн сонирхол татахуйц байдлыг тусгаж байна. Мөн Хятадын хэрэглээний асар том зах зээл, дэлхийд тэргүүлэгч, маш бүрэн гүйцэд аж үйлдвэрийн сүлжээ, эрчим хүчний шинэ технологи, ухаалаг жолоодлогын салбарт хуримтлагдсан ололт амжилт зэрэг нь гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, Хятад улстай хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхэд нөлөөлж байна.
Гадаадын компаниудын хувьд Хятадын томоохон зах зээлийн эрч хүч нь хөгжлийн хөдөлгөгч хүч болж байна. Саяхан Хятадын Худалдааны холбооны нийтэлсэн тоо баримтаас үзвэл, 1-р сард Хятадын жижиглэнгийн худалдааны салбарын хөгжил дэвшлийн индекс 51.1% болж, өмнөх сар болон өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ашигт ажиллагааны индекс 4.9 нэгжээр өссөн байна. Хятадын уламжлалт баяр Хаврын баяр ойртох тусам өргөн хэрэглээний барааны хэрэглээ идэвхжих болно. Сингапурын гэр ахуйн бүтээгдэхүүний Aosheng (Хятад) брэндийн маркетингийн дэд менежер Жоу Манни хэлэхдээ, бид Хятадын засгийн газраас эхлүүлсэн "хуучин бүтээгдэхүүнээр шинэ бүтээгдэхүүн солих" кампанит ажилд оролцож байгаа нь холбоог гүнзгийрүүлээд зогсохгүй, мөн аж ахуйн нэгжүүдийн хөгжлийг илүү уян хатан, боломжтой болгодог гэжээ.
Одоогийн байдлаар Хятад улс шинэ бүтээмжийн хүчний хөгжлийг түргэтгэж, аж үйлдвэрийн оюун ухаан, ногоон байгууламжийн чиг хандлага илэрхий болж, гадаадын компаниудад Хятадад гүнзгий нэвтэрч орох боломжийг улам бүр олгож байна. Хэсэг хугацааны турш гадаадын олон компани Хятадад "супер үйлдвэрүүд" байгуулж, үйлдвэрлэлээс түгээх хүртэлх бүх үйл явцыг автоматжуулж, ухаалаг болгоно гэж найдаж байна.
Хятадын Bosch компанийн ерөнхийлөгч Сюй Дацюан хэлэхдээ, Хятад дахь шинэлэг компаниудтай хамтран ажиллаж, тэдний үр дүнг манай үйлдвэрлэлд нэвтрүүлэх эсвэл тэдэнтэй хамтран судалгаа, боловсруулалт хийхийг тэсэн ядан хүлээж байна гэжээ. Хятад улс зах зээлийн систем, зах зээлийн цар хүрээ, аж үйлдвэрийн сүлжээ, хүний нөөц зэрэг бүх талын давуу тал нь гадаадын компаниудад нэмүү өртгийн сүлжээг бүрэн хэмжээгээр хөгжүүлэхэд хүчтэй дэмжлэг үзүүлж байна гэж шинжээчид үзэж байна.
Одоогийн байдлаар дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч, геополитикийн эрсдэл нэмэгдэж байгаа зэрэг хүчин зүйлүүд дэлхийн хөрөнгө оруулалтад чухал нөлөө үзүүлж байна. Гэсэн хэдий ч гадаадын олон хөрөнгө оруулалтын байгууллагуудын гаргасан 2025 оны дэлхийн хөрөнгө оруулалтын хэтийн төлөвт Хятадын зах зээл өсөлттэй хэвээр байна. Тухайлбал, Хятад улс хиймэл оюун ухааны хэрэглээнд анхаарал хандуулж, шинээр гарч ирж буй салбар дахь ашигтай аж үйлдвэрийг хөгжүүлэх орон зай үргэлжлэн өргөжих болно гэж Морган Стэнли үзэж байна. Хятадын эдийн засгийн бүтцийг улам боловсронгуй болгож, дотоодын эрэлт хэрэгцээг үргэлжлүүлэн гаргахын хэрээр гадаадын компаниуд Хятадад гүнзгийрүүлэн хөгжүүлснээр илүү их орон зай авч, илүү их ногдол ашиг хүртэх болно гэдгийг урьдчилан харж болно. Эдийн засгийн салбарын Нобелийн шагналт Майкл Спенсер саяхан хэлсэнчлэн Хятад бол "орлуулшгүй" зах зээл юм." гэжээ.
Г.Бямба
Мягмар - 04 сарын 28,
2026
Сэтгэгдэл0