sonin.mn

“Хурд” хамтлагийн “Бүсгүй” дуунаас сэдэвлэсэн “Бүсгүй” УСК-ны хэвлэлийн хурал боллоо.


Хэвлэлийн хурлын үеэр тус хамтлагийн гитарчин, МУГЖ Д.Отгонбаяр: “Энэ киногоороо бид эерэг мэдрэмж өгөхийг зорьсон. “Хурд” хамтлагийн түүхэн 32 дахь жилд гарч байгаа энэхүү кино хамтлагийн замнал, анх байгуулагдаж байсан түүх мөн олон хүний хүч хөдөлмөр, жүжигчдийн ур чадвараас бүтсэн уран бүтээлээ үзэгч олондоо барих болсондоо баяртай байна. Нийгмийг соён гэгээрүүлэх, эерэг хандлага төрүүлэхийн тулд хүүхэд төрдөгтэй адил “Бүсгүй” УСК яг цаг үеэ олж бүтээгдсэн.


Бид киноны хамт олноороо ярилцаад “Бүсгүй” киноноос олсон орлогоороо хөдөө орон нутгийн нярайн тасгуудыг тоног төхөөрөмжөөр хангах хүмүүнлэгийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэээр боллоо” гэсэн бол уг киноны Ерөнхий найруулагч Л.Базарсад: “Гурван жилийн өмнө хийгдсэн “Бүсгүй” дууны клипийг 18 сая хүн үзсэн. Сонсогчид энэ дууг кино болгооч гэсэн сэтгэгдэл үлдээсэн байсан.


Бид ярилцаад 30 жилийнхээ хаалтыг УСК болгоё гэж шийдсэн. Хүн хоорондын харилцааг харуулсан драм төрлийн кино хийе гэж 2 жилийн өмнөөс ярилцаад “Монгал филм” “Хурд хамтлаг” хамтран энэхүү киног бүтээлээ” гэсэн юм.


Мөн жүжигчин Г.Ариунболор: “Бүсгүй киноны гол дүрд сонгогдсондоо үнэхээр их баяртай байна. “Хурд” хамтлагийн түүхийг өгүүлэх асар их үүрэг хариуцлага байгааг ухаарч өөрт байгаа авьяас чадвар, сэтгэл зүрхээ гаргаж дүрээ бүтээсэн. Хүний зүрх сэтгэлээс гарч буй бүхэн чанартай болдог. Энэхүү уран бүтээл бид бүхний зүрх сэтгэлээс гарсан учраас та бүхний зүрх сэтгэлд хүрнэ гэдэгт итгэлтэй байна” гэж өөрийн сэтгэгдлээ хуваалцлаа. 2025 оны хамгийн халуун, сэтгэл хөндүүрлэх, зүрх догдлуулах болзооны кино “Бүсгүй” УСК нь 133 минут үргэлжлэх драм төрлийн уран бүтээл юм. “Хурд” хамтлагийн “Бүсгүй” дуунаас сэдэвлэн бүтээсэн энэхүү уран бүтээл онгод хөглөсөн хайрын түүхийг өгүүлэхээс гадна залуусын рок замнал, “Хурд” хамтлагийн бидний мэдэхгүй түүхийг хуваалцах гэнэ.


Б.Энхзаяа

Т.Ундрахбаяр