
Нэгдүгээр сарын 14-нд Хятадын Худалдааны яамны Олон улсын худалдааны хэлэлцээрийн төлөөлөгч бөгөөд Худалдааны яамны орлогч сайд Ван Шөүвэнь, НҮБ-аас Хятадад суугаа зохицуулагчийн ажлыг хариуцаж буй Чан Чидэ нар “НҮБ-ын Хятад улстай явуулж буй тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны гэрээ”-ний нэгдсэн удирдах хорооны хурлыг хамтдаа даргалжээ. НҮБ-аас Хятадад суугаа зохицуулах алба, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хүн амын сан зэрэг НҮБ-аас Хятадад сууж байгаа агентлагууд, мөн ГХЯ зэрэг Хятадын талын 20 байгууллага уг хуралд онлайн болон оффлайн хэлбэрээр оролцжээ.
2021-2025 оны “НҮБ-ын Хятад улстай явуулж буй тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны гэрээ”-ний дагуу Хятадын тал НҮБ-ын холбогдох байгууллагуудтай гол чиглэлээр нягт хамтран ажиллах болно гэжээ. Мөн хөдөө аж ахуй, хөдөө тосгоны хөгжил, эрүүл мэнд, биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлт, сэргээгдэх эрчим хүч, Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагаа зэрэг салбарт нааштай үр дүнд хүрсэн байна. Дараачийн буюу 2026-2030 оны хамтын ажиллагааны хүрээнд, хоёр тал хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, боловсрол, эм эмнэлгийн тусламж үйлчилгээ, хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх, ахмад настны халамж, ногоон нүүрстөрөгч багатай хөгжил зэрэг салбарт ажил хэрэгч хамтын ажиллагаагаа өрнүүлэн, өндөр чанартай хөгжлөөр Хятад маягийн орчин үеийн хөгжлийг дэмжиж, 2030 оны тогтвортой хөгжлийн зорилтыг бодит үйл ажиллагаагаараа дэмжих болно гэж уг хурлаас онцолжээ.
Ван Шөүвэнь хэлэхдээ, "Хятадын Худалдааны яам олон жилийн турш Хятадын холбогдох байгууллага нэгж болон НҮБ-ын агентлагуудын хоорондох “хамтын ажиллагааны хүрээн”-дэх бүх үйл ажиллагааг зохицуулах үйлдэл үзүүлсээр ирсэн. Иймд НҮБ-аас Хятадад суугаа бүхий л агентлагууд Хятад улстай хамтдаа Хятадын хөгжлийн хэрэгцээ шаардлагад нийцсэн хамтын ажиллагааны шинэ хүрээг бий болгон, Хятадын ард иргэдийн амьжиргааг дээшлүүлж, улмаар бусад хөгжиж буй орнуудад Хятадын хөгжлийн туршлагыг хуваалцаж, 2030 оны тогтвортой хөгжлийн зорилтыг хамтдаа ахиулах ёстой" гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл0