sonin.mn

Хятадын Үндэсний эрчим хүчний газар 12-р сарын 20-нд мэдээлэл хийж, 2024 онд дотоодын газрын тос, байгалийн хийн олборлолт анх удаа 400 сая тонныг давсан тухай зарлав. Энэхүү амжилт нь сүүлийн найман жилийн турш хэдэн арван сая тонноор нэмэгдсэн хурдацтай өсөлтийн үр дүн гэнэ.


Тодруулбал, түүхий газрын тосны олборлолт 213 сая тоннд хүрсэн нь 2018 оны түвшнээс 24 сая тонноор нэмэгдсэн үзүүлэлт болжээ. Байгалийн хийн олборлолт 246.4 тэрбум шоо метрт хүрч, сүүлийн зургаан жилд жил бүр дунджаар 13 тэрбум шоо метрээр өссөн байна.


Энэ дундаа Хятад улсын хамгийн том газрын тос, байгалийн хийн орд болох Петрочайнагийн Чанчингийн орд газар нийт 1 тэрбум тонноос давсан олборлолт явуулсан бол Дачин, Шэнли зэрэг газрын тосны хуучин ордууд олборлолтоо тогтвортой үргэлжлүүлжээ.


Мөн далай тэнгис болон уламжлалт бус газрын тос, байгалийн хийн үйлдвэрлэл энэ салбарын өсөн нэмэгдэж буй чухал хэсэг болж байгаа гэнэ. Далайн нефтийн олборлолт хурдацтай нэмэгдэж, үйлдвэрлэлийн нийт хэмжээ 85 сая тонныг давсан бол занарын тосны олборлолт 6 сая тоннд хүрч, өмнөх оныхоос 30 гаруй хувиар өссөн байна.


Г.Бямба