БНХАУ-ын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин нэгдүгээр сарын 24-нд хэвлэлийн бага хурал хийж, олон улсын сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулжээ. Товчлон сийрүүлж байна.
Сэтгүүлч: Хятад Улс Украины хямралыг шийдвэрлэхийн тулд шинэ арга хэмжээ авахаар төлөвлөж байна уу?
Мао Нин: Хятад Улс яриа хэлэлцээ хийх нь Украины хямралыг зохицуулах цорын ганц боломжит арга зам хэмээн үзэж ирсэн. Хурцадмал байдлыг намжаах, хямралыг улс төрийн аргаар шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэхээр талууд бүтээлч үүрэг гүйцэтгэхийг бид сайшаан дэмжинэ. Хятад Улс үргэлжлүүлэн энх тайвныг дэмжиж, яриа хэлэлцээг ахиулж, талуудтай харилцаа холбоогоо баримталж ажиллахад бэлэн байна.
Сэтгүүлч: АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятад улсын бараа бүтээгдэхүүнээс татах тарифаа нэмэгдүүлэх тухай мэдэгдсэн байна. Энэ тухай байр сууриа илэрхийлээч.
Мао Нин: Энэ тухайд бид нэгэнт олон удаа байр сууриа тодорхойллоо. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа бол харилцан ашигтай байж хамтдаа ашиг хүртэх явдал юм. Хоёр тал санал зөрөлдөөнөө яриа хэлцэл, зөвшилцлөөр зохицуулах ёстой хэмээн Хятадын тал үздэг. Ямартай ч худалдааны дайн, тарифын дайнд ялагч гэж байдаггүй бөгөөд энэ нь аль ч талын ашиг сонирхол, түүнчлэн дэлхий нийтэд ашиггүй юм.
Хятад-Америкийн эдийн засаг, худалдааны харилцаа нь харилцан ашигтай байж хамтдаа хожихыг зорих ёстой. Хятад Улс хэзээ ч зориудаар дан ганц худалдааны ашгийг хөөцөлдөөгүй. Хятад, Америкийн хооронд санал зөрөлдөөн байгаа хэдий ч хоёр орон асар их нийтлэг ашиг сонирхол, хамтын ажиллагааны орон зайтай бөгөөд хоёр тал энэ талаар яриа хэлцэл, зөвшилцлөө эрчимжүүлж болно.
Сэтгүүлч: Энэтхэгийн Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Хятад улсад айлчилна гэх мэдээлэл явж байна. Энэ тухай танилцуулаач.
Мао Нин: Өнгөрсөн оны 10-р сард Ши Жиньпин дарга Казань хотноо болсон БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Энэтхэгийн ерөнхий сайд Модитой уулзаж, Хятад-Энэтхэгийн харилцааг сайжруулах, хөгжүүлэх талаар чухал нийтлэг ойлголтод хүрсэн. Сүүлийн үед Хятад, Энэтхэг хоёр орны удирдагчдын тохиролцсон чухал нийтлэг ойлголтуудыг практик дээр хэрэгжүүлж, хоёр орны Гадаад хэргийн сайд, Батлан хамгаалахын сайд нар олон талт механизмын хүрээнд уулзсан юм. Түүнчлэн Хятад, Энэтхэгийн хилийн асуудлаарх тусгай төлөөлөгчдийн 23-р хурал болж, нааштай үр дүнд хүрлээ. Хоёр тал солилцоогоо сайжруулж, олон салбарын яриа хэлэлцээ, солилцоо, хамтын ажиллагаагаа сэргээж, Хятад-Энэтхэгийн харилцааг эрүүл тогтвортой хөгжлийн замд аль болох хурдан эргүүлэн оруулахаар тохиролцсон юм. Тиймд Энэтхэгийн Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Хятад улсад тавтай морилохыг бид урьж байна.
Г.Бямба
Ням - 12 сарын 14,
2025

Сэтгэгдэл0