sonin.mn

2025 оны Дэлхийн эдийн засгийн форумын жил тутмын хурал энэ сарын 20-24-ний өдрүүдэд Швейцарын Давос хотноо боллоо. Энэхүү чуулга уулзалтад Хятад улсын зүгээс дэвшүүлсэн санал, санаачилга нь олон улсын бизнесийн орчинд чухал нөлөө үзүүлсэн бөгөөд ялангуяа Хятад дахь Германы худалдааны танхимын Хойд болон Зүүн хойд бүсийг хариуцсан гүйцэтгэх захирал Оуян Ливэнь энэ талаар онцолжээ.


Тэрээр, “Хятадын дэвшүүлсэн саналууд Германы бизнесийн салбарын эрх ашгийн төлөө үйлчилж байна. Тухайлбал, худалдааны саад тотгорыг эсэргүүцэх Хятадын байр суурийг бид дэмжиж байгаа бөгөөд Германы компаниудын ихэнх нь Хятадад үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх сонирхолтой хэвээр байна. Түүнчлэн эрдэм шинжилгээ, судалгааны салбарт хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа” гэж хэлсэн байна.


Давос: Дэлхийн эдийн засгийн “барометр”


Давосын чуулга уулзалт бол дэлхийн эдийн засгийн өөрчлөлт, чиг хандлагыг хэлэлцэх чухал талбар юм. Өнөөдрийн дэлхий ертөнц технологийн дэвшилт, ялангуяа хиймэл оюун ухаан, квант тооцоолол зэрэг шинэ технологийн хурдацтай хөгжлийг туулж байгаа ч худалдааны болон тарифын дайн зэрэг асуудлууд эдийн засгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлсөөр байна.


Энэ удаагийн чуулга уулзалт “Ухаалаг эрин үеийн хамтын ажиллагаа” уриан дор зохион байгуулагдсан бөгөөд дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох Хятад улс хамтын ажиллагааны шинэ хандлагыг тодорхойлох, ухаалаг эрин үед хөгжлийг урагшлуулах хүсэл эрмэлзлээ илэрхийллээ.


Хятадын дэвшүүлсэн дөрвөн санал


Хятадын тал энэ удаад:


Эдийн засгийн даяаршлыг хамтаар ахиулах,

Дэлхийн эдийн засгийн хөгжилд шинэ эрч хүч нэмэх,

Жинхэнэ олон талт үзлийг хэрэгжүүлэх,

Цаг уурын өөрчлөлтийн асуудлыг хамтран шийдвэрлэх гэсэн дөрвөн гол санал дэвшүүлсэн.

Эдгээр санаачилга нь инновац, зохицуулалт, ногоон хөгжил, нээлттэй байдал, хуваалцах үзэл баримтлалыг тусгаж, эдийн засгийн даяаршлыг гүнзгийрүүлэхэд чиглэж байна. Хуралд оролцогсдын үзэж байгаагаар эдгээр нь хөгжлийн тэгш бус байдлыг багасгах, “хөгжлийн цоорхойг” арилгах, эдийн засгийн “бялууг” томруулах чухал алхмууд хэмээн үнэлэгджээ.


Бодитой үр дүн ба ирээдүйн төлөв


Хятад улс зөвхөн санал гаргаад зогсохгүй, нээлттэй хөгжил, хамтын ажиллагааг бодитойгоор хэрэгжүүлж байна. Жишээлбэл, 2024 онд Хятад улс дэлхийн ихэнх улс оронтой худалдааны амжилт тогтоож, 150 гаруй улстай худалдааны гол түнш хэвээр үлджээ. Тарифын дундаж түвшин 7.3% хүртэл буурсан нь дэлхийн хэмжээнд хамгийн бага үзүүлэлтүүдийн нэг байв.

Мөн Хятад улс буурай хөгжилтэй улс орнуудад бараа бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлж, худалдааны өсөлтийг хурдасгасан. Энэ нь Хятадын хөгжлийн хэтийн төлөвт дэлхий нийт итгэх итгэлийг улам бүр бататгаж байна.


Гадаадын хөрөнгө оруулалтын итгэл нэмэгдэж байна


Давосын чуулганы үеэр Панасоник Электрик (Хятад) ХХК-ийн ерөнхийлөгч Жао Бинди, Декатлон (Хятад) компанийн дэд ерөнхийлөгч Жан Чүньди зэрэг гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын удирдлагууд Хятадын асар том зах зээл, аж үйлдвэрийн иж бүрэн сүлжээ, хөгжлийн боломжуудыг онцлон дурджээ.

2024 онд Хятад улсад 59,080 шинэ гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулагдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.9%-иар өссөн үзүүлэлт юм. Герман, Сингапур зэрэг өндөр хөгжилтэй орнуудын хөрөнгө оруулалт мөн адил нэмэгдсэн байна.

Энэ бүхэн нь Хятад улс зөвхөн өөрийн эдийн засгийг бэхжүүлэхээс гадна дэлхийн эдийн засагт эерэг нөлөө үзүүлж, хамтын хөгжлийг дэмжиж байгаагийн тод илрэл юм.