sonin.mn

АНУ Канадад нэмэлт татвар ногдуулах тухай зарласны дараа Скотиабанкны эдийн засагч Дерек Холт "Канад улс ямар ч шалтгаангүйгээр том ах нь өөрөөс нь урваж, халдлагад өртсөн мэт санагдаж байна" гэж дүгнэжээ. Энэ тухай Хятадын Олон Улсын Радио: "Канадын бүх 13 муж, бүс нутгийн засаг дарга нар АНУ-ын хууль тогтоогчид, бизнесийн бүлэглэл, хөдөлмөрийн удирдагчдыг ятгахын тулд АНУ-д төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй очиж, АНУ-ын талаас "зөөлөн хандахыг" гуйж оролдож байна.

Канадын эдгээр улс төрчид АНУ-ыг итгүүлэхийн тулд Хятадаар бай болгож, Хятадыг "эдийн засгийн нийтлэг дайсан" хэмээн үзэж буйгаа илэрхийллээ. Тухайлбал, Онтариогийн засаг дарга Даг Форд, АНУ-ыг Хятадаас "салгах" зорилгоор Канадын мужуудын дэмжлэг хэрэгтэй гэж үзэж, Канад АНУ-ыг дагаж, Хятадын бүтээгдэхүүнд өндөр татвар ногдуулж, Хятадын гол салбар дахь хөрөнгө оруулалтад хязгаарлалт тавьж болно гэжээ.


Канад бол АНУ-ын хамгийн том хөрш бөгөөд ойрын холбоотон, мөн "Таван нүдэн холбоо"-ны гишүүн юм. Гэвч ашиг сонирхлын тухайд АНУ Канадыг мөлжиж, доромжиллоо хайр найргүй хэрэгжүүлж байна.




Канад бол АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын анхны бүрэн эрхийн хугацаанд татвар ногдуулахаар заналхийлсэн анхны орнуудын нэг юм. Дахин сонгогдсоныхоо дараа Д.Трамп Канадыг “нэгдүүлж” АНУ-ын 51 дэх муж болгоно гэж удаа дараа заналхийлсэн бөгөөд Канадын Ерөнхий сайд Жастин Трюдог “АНУ-ын мужийн захирагч” хэмээн олон удаа шоолж байсан. Энэ сарын эхээр АНУ фентанил болон хууль бус цагаачлалын үндэслэлээр Канадын импортын бараанд 25 хувийн нэмэлт татвар ногдуулна гэж сүрдүүлээд зогсохгүй бүх импортын ган, хөнгөн цагаанд 25 хувийн татвар ногдуулахаар зарласны дүнд Канад хамгийн түрүүнд сөрөг үр дагаврыг амсах болно.


Ж.Трюдо зэрэг улс төрчид "яасан ч буулгалт хийхгүй", АНУ-ын эсрэг тарифын хариу арга хэмжээ авна гэж хатуу илэрхийлж байгаа хэдий ч үнэн хэрэг дээрээ Канад улс эдийн засаг, худалдааны түвшинд АНУ-аас ихээхэн хамааралтай байдаг. Жишээлбэл, Канад бол АНУ-ын ган, хөнгөн цагааны хамгийн том импортлогч орон, хоёр тариф зэрэг хэрэгжвэл 50 хүртэлх хувийн татварын хувь хэмжээ Канадын холбогдох үйлдвэрүүдэд хүндээр тусна.




Канадын улс төрчид АНУ-д байнга доромжлуулж, тэдний ашиг сонирхолд хохирол учруулахаас санаа зовж байгаа хэдий ч АНУ-тай "сөргөлдөөн" хийх боломжгүй тул Хятадын эсрэг байр сууриа тодорхойлж, АНУ-аас зөөлрүүлэхийн тулд Хятадыг гутаан доромжлох гэсэн оролдлого хийж байна. Сүүлийн жилүүдэд Хятадын Хуавэй компанийн ахлах захирал Мэн Ваньжөүг хууль бусаар баривчлах, Хятад улс Канадын сонгуульд "хөндлөнгөөс оролцсон" гэсэн ташаа ойлголтыг түгээхээс эхлээд АНУ-ын "Энэтхэг-Номхон далайн стратеги"-ийн хүрээнд хамтран ажиллаж, байлдааны хөлөг онгоцнуудыг Тайванийн хоолой, Өмнөд тэнгисээр эргүүлийн ажиллагаа явуулах, мөн Хятадын 5G төхөөрөмж ашиглахыг хориглох, Хятадад үйлдвэрлэсэн цахилгаан машинд 100 хувийн нэмэлт татвар ногдуулах гэх мэтээр Канад нь улс төр, аюулгүй байдал, шинжлэх ухаан, технологи, эдийн засгийн салбарт Хятадын эсрэг олон арга хэмжээ авч, заримыг нь бусдын "заавраар", заримыг нь өөрсдөө "үйлдэж" байна.


Хэрэг дээрээ Хятад, Канадын харилцааг ухаалгаар харвал хоёр орны хооронд үндсэн ашиг сонирхлын зөрчил байхгүй гэдгийг ойлгож болно. Хятад улс бол Канадын хоёр дахь том худалдааны түнш, импорт, экспортын зах зээл юм. Ж.Трюдо есөн жил гаруй засгийн эрхэнд байх хугацаанд Хятад, Канадын харилцаа сайхан эхлэлтэй байсан бол АНУ Хятадыг өөрийн "хамгийн том стратегийн өрсөлдөгч" гэж үзэж, Хятадын эсрэг бүх талаар хязгаарлах бодлого хэрэгжүүлснээр Канад нь АНУ-ын өмнөөс тэмцэгч, авангард болон хувирч эхэлсэн юм.




Канадын олон хүмүүс, бизнес эрхлэгчид засгийн газрынхаа буруу үйл ажиллагааг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсээр байна. Саяхан Канад Хятадын бизнесийн зөвлөлөөс гаргасан Канад, Хятадын бизнесийн судалгааны тайланд, Канадын ихэнх компаниуд Хятад улсыг дэлхийн хамгийн шилдэг таван зах зээлийн нэг гэж үзэж, Хятадын зах зээлийн боломж нь Канад улсад "стратегийн чухал ач холбогдолтой" гэдгийг баталж байна гэжээ.


Энэ жил Хятад Канад хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жил, стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож байна. Канад одоогоор улс төрийн өөрчлөлтийн эргэлтийн цэгтэй тулгараад байна. Канадын ирээдүйн удирдагчдын хувьд стратегийн бие даасан байдлаа хадгалж, АНУ-ын Хятадыг эсэргүүцэгч дээрэмчдийн дүрд ажиллахаас татгалзаж, Хятадын талаар оновчтой ойлголттой болж чадах эсэх нь гол зангилаа болж байна." гэсэн байна.


Г.Бямба