sonin.mn

“Цэргийн албанд хайран нэг жилийн хугацааг дэмий үрээд юу хийх вэ, түүний оронд хэдэн хурдан буянтайгаа “ноцолдож” байсан нь надад ашигтай гэж боддог байлаа шүү дээ” хэмээн өөрийгөө шоолох маягтай мушилзтал инээвхийлэн яриа дэлгэх энэ залууг Энхтөрийн Эрдэнэбаяр хэмээнэ. Тэрээр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын унаган хүү агаад эх орноо батлан хамгаалах эрхэм үүргээ ухамсарлаж, басхүү иргэний үүргээ биелүүлэн Зэвсэгт хүчний 327 дугаар ангид цэргийн алба хааж байгаа эгэл жирийн байлдагч, Зэвсэгт хүчний нэгэн эд эс.   

Э.Эрдэнэбаяр аав ээжээсээ тавуул, айлын хоёр дахь хүү, араасаа хоёр эрэгтэй, нэг охин дүү дагуулсан ах. Төрөлх нутагтаа Ерөнхий боловсролын сургууль дүүргэчхээд угаас заяасан авьяас, урлагийн хүн болох хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн СУИС-д суралцахаар шалгалт өгч, шандас сорьсон нь санаснаар болжээ. Ая нь аргадаж, үг нь зэмлэдэг ардын дууны их өв соёлыг өртөөлөн тээж, өөрийн өнгө донжоор амилуулан дуулж, үеийн үедээ өвлүүлэн үлдээхийг эрхэмлэн бодож ардын дуу дуулаачийн ангийг сонгон “Маа”-нуудыг магтан дуулж ард түмэндээ танигдсан МУГЖ Д.Баасанжавын гарын шавь болон суралцаж байв.  


Авьяаслаг дуучин, алдарт уяач болох тухай мөрөөдөж, алс хэтээ зураглан төсөөлж явсан II курсийн оюутанд өнөөх л нэг жилийн хугацааг үр ашиггүй өнгөрүүлэх нь хэмээн сэтгэж, үл ойшоон байсан цэргийн зарлан хаяглагджээ. Ийнхүү анхлан зарлан дуудах хуудас гардсан тэрээр харин яагаад ч юм бэ аавын олон хөвгүүдтэй алхаа нийлүүлэн алба хаахаар эргэлзэж тээнэгэлзэлгүй эрс шулуухан шийджээ.


Энэ тухайгаа тэрээр “2021, 2022 оны цэрэг татлагаар хэд хэдэн найзыгаа цэрэгт үдэн мордуулж байлаа. Манай найзууд ч хөл хөөр болоод л, сүртэй нь аргагүй явсан юм даг. Харин би юунд нь ингэж баярладаг байна аа гэсэн шүү юм бодоод л хоцордог байв. Гэтэл яг өөрт маань цэргийн зарлан ирэх агшин үнэхээр нэгийг бодогдуулдаг юм билээ. Би чинь улсдаа данстай эр хүн шүү дээ, эх орон минь намайг дуудаж байна гэдэг бодол л хамгийн түрүүнд зурсхийсэн. Тэгээд л нэг тийм огшмоор, бахархмаар санагдаад шуударсан даа. Эрүүл мэндийн үзлэгт тэнцчихээд нутаг залгаа юм чинь Дорнод дахь цэргийн ангид алба хаачих юм сан хэмээн битүүхэндээ бодож байтал миний санаснаар болж, наашаа хуваарилагдсан” гэж сэтгэл хангалуунаар өгүүлнэ лээ. 

Үргэлжлүүлэн түүнээс сургалт бэлтгэл, ахуй хангалт, орчин нөхцөл, хоол унд, за тэгээд л захирах захирагдах ёс гэхчлэн олон талаар асуутал “Хөдөө өссөн, малчин айлын хүүхэд учраас би багаасаа л унага тугал ивэлгэх, эмнэг хангал сургах, хадлан тэжээл бэлтгэх, эрт босож адуу малдаа явах зэргээр ахуйн бүхий л ажилд оролцоод ачаалал дааж сурсан. Тиймээс энд эрт босох, гүйж харайх, сургалт бэлтгэлд хамрагдах зэрэгт огт түүртээгүй, одоо бүр ч дасан зохицоод сайхан байна” гэв. Э.Эрдэнэбаяр цэцэрлэгээсээ эхэлж ЕБС төгстлөө нэг ангид суралцаж, үй зайгүй нөхөрлөсөн 11 найзтай агаад тэднийхээ тавтай нь зургуул эл ангид хуваарилагдан алба хааж байгаа бол хоёр найз нь Хилийн цэргийн 0132 дугаар ангид алба хааж байгаа аж. Энэ зуурт тэрээр өнгөрсөн долоодугаар сард нэг найзыгаа үүрд алдсан талаараа аньсага чийгтүүлэн дурсаж, амьд ахуй байсан сан бол магадгүй бидэнтэй энд хамт алба хааж байгаа хэмээх нь өрөвдмөөр.

  

Түүний сэтгэлийг жаахан тайтгаруулаад ангаахай багаасаа найзалсан адил хэдэн нөхөдтэйгөө эрээн хувцсаар ижилсчхээд нэг ангид мөр зэрэгцэн цэргийн алба хаана чинээ огт бодоогүй биз? гэтэл, “Яг тийм, хэдийгээр бүгд цэргийн алба хаах үүрэгтэй ч нэг ангид, нэг хуаранд хамтдаа ингэж алба хаана гэж бидний хэн нь ч бодоогүй” гээд инээд алдсанаа үргэлжлүүлэн, өөрсдөөрөө бахархаж байгаагаа, найзуудынхаа хамтаар онжавуудаа оройлон манлайлж, аливаа сайн сайханд уриалан дуудаж, харилцан биесээсээ суралцаж, албаа нэр төртэй хаахыг эрхэм болгож буйгаа, олон аавын хөвгүүдээр насан туршийн нөхөрлөлөө зузаатгаж байгаагаа, сурч хөгжих өргөн боломжууд нээгдсэнд олзуурхаж суугаагаа илэн далангүй хуваалцав. 


Нийтлэлийн маань эзэн цэрэгт ирэхээсээ өмнөхөн жолооны курс төгсөж, жолооны үнэмлэхтэй болчихсон аж. Арай л түргэдчихэж, цэрэгт ирээд жолооны курст суралцах боломж байсныг мэдсэн бол... хэмээн харамсангуй ярив. Гэхдээ тэрээр алба хаах нэг жилийн хугацаанд англи хэл, компьютер, шаардлагатай бусад мэргэжлээр суралцах боломжууд нээлттэй байгаад олзуурхаж, гагнуурчнаар суралцахаар төлөвлөснөө дуулгасан. Яваандаа адуундаа их ойр байж, өвөө, ааваасаа уяачийн эрдэмд шамдаж, нөгөө л алдарт уяач болох хүсэл мөрөөдлөө биелүүлэх тул морьтон заяа түшсэн энэ л монгол ахуйд хэний ч царай харахгүй хашаа хороо, жүчээ барих зэрэгт гагнуурчин мэргэжил их хэрэгтэй аж. Түүний аав Т.Энхтөр Аймгийн алдарт уяач бол нагац өвөө нь Монгол Улсын тод манлай уяач С.Төмөр-Очир гуай юм. Эрдэнэбаяр багадаа өвөөгийнхөө хурдан хүлгүүдийг унаж хурдлуулдаг унаач хүү байсан бол өдгөө өвөөгийнхөө гарын шавь болон уяачийн эрдэмд суралцаж, өвөөгийнхөө алдар хүндийг дархлах итгэл хүлээн зүтгэж байгаа залуу уяач. Тиймдээ ч хугацаат цэргийн алба хэмээх амьдралын их сургуульд суралцан тэсвэр хатуужилд төлөвшиж, зорьсондоо тууштай тэмүүлэх дайчин чанарыг өөртөө суулгаж байгаадаа баяртай байгаа юм билээ.  


Хошууч Д.МЭНДБАЯР


Эх сурвалж: "Соёмбо" сонин