sonin.mn

БНХАУ-ын Бээжингийн орчин үеийн музейд нэгэн өвөрмөц үзэсгэлэн гараад сар гаруй болж байна. Тодруулбал Шинжааны соёлын уран сэтгэлгээ, урлагийн шинэ урсгалыг илэрхийлэх "Зам ба соёл" сэдэвт үзэсгэлэнд орчин үеийн 11 уран бүтээлчийн 16 хэсэг 60 орчим бүтээл тавигдаж, Шинжааны байгалийн сайханг орчин үеийн урлагийн хэлээр илэрхийлсэн гэнэ.


Шинжаан бол Евразийн эх газрын төв, дорно өрнийн соёл, дэлхийн соёл иргэншлийн уулзвар цэг юм. Эртний торгоны замын гол бүс Шинжаан өөрийн өнгө төрх бий болгож, урлаг соёлын өвөрмөц шинж бүрдүүлсэн байдаг.


Үзэсгэлэнд бүтээлээ тавьсан зураачид 7000 км зам туулж, судалгаа хийсэн аж. Тэд орчин үеийн урлагийн хэлбэр, үндэсний уламжлалт соёлын холбоог ашиглаж, соёлын нэгдэл, хил дамнасан урлагийн тусгал, нөлөө зэргийг тусгаж өвөрмөц бүтээлүүд туурвижээ. Үзэсгэлэн ирэх сарын 27 хүртэл гарах гэнэ.



Г.Бямба