sonin.mn
Анх 1964 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Барилгын цэргийн ерөнхий газар байгуулагдаж, улмаар олон том бүтээн байгуулалтын ард гарч байсныг түүх гэрчилнэ. Эдүгээ ч уг замнал үргэлжилж байна. Иймд Зэвсэгт хүчний Барилга-Инженерийн цэргийн удирдах газрын дарга, хошууч Д.Жаргалсайхантай уулзаж, тус удирдах газраас цаашид хийх ажлуудын талаар ярилцлаа.
 
Барилга-Инженерийн цэргийн удирдах газрыг байгуулсны зорилго, ач холбогдол юу вэ?
 
-Монгол Улсын Засгийн газраас эх орныхоо нийгэм, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж үйлдвэржүүлэх, дэд бүтцийг сайжруулах, иргэдийн орлого, амьжиргааны түвшинг нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах үүднээс бүс нутагт тодорхой төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж улсаа хөгжүүлэх стратегийн ач холбогдол бүхий томоохон бүтээн байгуулалтуудыг шат дараатайгаар хийж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хүрээнд Зэвсэгт хүчин хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхийн зэрэгцээ Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбар, байгууллагуудыг улс орныг хөгжүүлэх стратегийн ач холбогдол бүхий томоохон бүтээн байгуулалтын ажилд эрчимтэйгээр оролцуулах болсон. Тэр ч утгаараа сүүлийн жилүүдэд инженер, барилга-инженерийн ангиуд төмөр зам болон барилга байгууламжуудыг барьж, газрын тосны үйлдвэрийн дэд бүтцийн төсөл, хөтөлбөрүүдийг сахилга, зохион байгуулалтын өндөр түвшинд идэвх, чармайлттайгаар хэрэгжүүлж байна. Эдгээр үр дүн, хэрэгцээ шаардлагыг үндэслэн УИХ-ын 2020 оны хаврын чуулганаар Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нь Зэвсэгт хүчний Барилга-Инженерийн цэргийн удирдах газрыг байгуулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн.
 
Зэвсэгт хүчний өнгөрсөн оны онцлох үйл явдлаар тодорсон “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 416.1 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг дурдахгүй байх аргагүй. Энэ бол монгол цэргүүд ямар ч нөхцөлд аливааг хийж бүтээдэг юм байна гэдгийг тодоор харуулсан бодит жишээ болсон. Тус бүтээн байгуулалт энэ онд хэрхэн өрнөх вэ?
 
-Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шинэ төмөр зам" төслийн "Тавантолгой-Зүүнбаян" чиглэлийн 416.1 км төмөр замын бүтээн байгуулалтын доод бүтцийг барих ажилд ерөнхий гүйцэтгэгчээр, дээд бүтцийн ажилд туслан гүйцэтгэгчээр оролцож байгаагаас гадна 60 орчим аж ахуйн нэгж, байгууллагын хамтын хүчээр мэргэжлийн өндөр түвшинд тогтоосон хугацаанд үүргээ амжилттай гүйцэтгэж байгааг дурьдах нь зүйтэй байх. Эл бүтээн байгуулалтын доод бүтцийг барих нь маш их хүн хүч, цаг хугацаа, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж шаардсан ажил байлаа. 
Энэ хүрээнд бид нийт 25 сая м.куб газар шорооны ажил, 595 ширхэг ус зайлуулах хоолой, гүүр, зөрлөг, өртөөний барилгыг барьж дууссан. Үргэлжлүүлээд дээд бүтцийн 200 гаруй км замыг угсрах ажлыг хийж гүйцэтгэж байна. Тиймээс Зэвсэгт хүчний түүхэнд тодоор үлдэх үйл явдлын эхлэл нь энэхүү төмөр зам мөн гэж хэлж болно. Бид энэ оны 3 дугаар сар гэхэд төмөр замын дээд бүтцийн ажлыг бүрэн дуусгаж захиалагч талд хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна. Мөн энэ онд эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлж, "Сайншанд-Баруун-Урт-Хөөт" чиглэлийн 400 гаруй км төмөр зам барих ажлыг цар тахлаас урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийн дагуу зөвхөн монгол инженерүүдийн оюун ухаан, хүч хөдөлмөрөөр хийж гүйцэтгэхээр ажиллаж байна. 
 
Энэ салбарт ажиллах боловсон хүчний хувьд ямар бодлого барьж байгаа вэ?
 
-Зэвсэгт хүчний мэргэжлийн офицер, ахлагч нараас гадна цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдад мэргэжил олгох сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж, өөрийн хүсэл сонирхолыг нь харгалзан бүтээн байгуулалтын ажилд оролцуулж байна. Үүнээс гадна барилга-инженерийн ангиудын үүрэг гүйцэтгэх чадавх, албан тушаалтны мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд анхаарч ажилласны үр дүнд мэргэжлийн боловсон хүчин дутмаг, хувь хүний дадлага, ур чадвар хангалтгүй зэрэг дутагдалтай асуудлыг богино хугацаанд шийдвэрлэсэн. Улмаар ажлын ахиц, гүйцэтгэл цаг өнгөрөх тусам сайжирч байна. 
Түүнчлэн Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын тайван цагийн орон тоогоор үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх үүднээс зорилтот сургалтуудыг явуулах орчин, материаллаг баазыг бүрдүүлэн удирдлагаар хангаж ажилласнаар ирэх жилүүдэд инновацид тулгуурласан дэвшилтэт шийдлийг Зэвсэгт хүчинд нэвтрүүлж, улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтад оролцуулахаар төлөвлөж байна. "Шинэ төмөр зам" төслийн хүрээнд Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын бие бүрэлдэхүүнийг сурган дадлагажуулах зорилгоор төмөр замын доод болон дээд бүтцийн барилга угсралтын ажил, арга технологи, аргачлал, төлөвлөгөөний хэрэгжилтийг хэрхэн хангах чиглэлээр "Монголын төмөр зам" төрийн өмчит хувьцаат компани, "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэг болон ОХУ-ын Эрхүү хотын  Зам тээврийн их сургууль, "Инженерийн цэргийн холбоо" ТББ, "МКЛ" сургалтын төв, "Хүний аюулгүй байдлын академи", "Английн Пандрол" компанийн төлөөлөгчийн газар зэрэг байгууллагатай хамтран онолоор болон ажлын талбар дээрх дадлага хэлбэрээр сургалтуудыг зохион байгуулж байна. 
Ингэснээр барилга-инженерийн ангиудын бие даан үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Түүнчлэн Монгол Улсын иргэн цэргийн гэрээт болон хугацаат цэргийн албыг хаах хугацаандаа зам, барилгын мэргэжил эзэмшиж бүтээн байгуулалтын ажилд оролцсоноор мөнгөн хуримтлалтай болох боломжийг нэмэгдүүлсэн. Сонирхуулахад, Зэвсэгт хүчин болон туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүд 2019 онд 7.136.015 м.куб газар шорооны ажил буюу нийт ажлын 28 хувийн гүйцэтгэлтэйгээр хийж байсан, харин өнгөрсөн онд 18.374.905 м.куб буюу 72 хувийн гүйцэтгэлтэйгээр хийсэн нь манай боловсон хүчний ажиллах чадвар хэрхэн өссөнийг харуулж байна.
 
Барилга-Инженерийн цэргийн удирдах газрын алсын хараа юу вэ?
 
-Бид Зэвсэгт хүчний Барилга-Инженерийн цэргийн чадавхыг бэхжүүлж улсыг хөгжүүлэх стратегийн бүтээн байгуулалтад оролцуулах, олон улсын хүмүүнлэгийн болон энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгүүлэхээр алсын хараагаа тодорхойлоод байна. Энэ хүрээнд төмөр замаас гадна төмөрлөгийн болон хүдэр, нүүрс боловсруулах үйлдвэр, усан болон дулааны цахилгаан станц, усжуулах суваг, хийн хоолойг барих зэрэг ажилд оролцохоор төлөвлөж, судалгаа шинжилгээгээ эхлүүлсэн. 
 
Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.
 
Дэд ахлагч Т.ИДЭР
Эх сурвалж: "Соёмбо" сонин