сонин mn
Петрочайна Дачин Тамсаг ХХК компанийн зүгээс Монгол Улсад шинэ төрлийн коронавирусын цар тахалтай тэмцэхэд зориулж 86 сая төгрөг хандивлалаа. Хандив өргөх ёслолын үйл ажиллагаа энэ сарын 20-ны өдөр Онцгой байдлын ерөнхий газарт болсон ба тус хандив өргөх ёслолд Улсын онцгой комиссын орлогч дарга, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Петрочайна Дачин Тамсаг ХХК-ийн ерөнхийлөгч Жян Хунфу, дэд ерөнхийлөгч Ван Юүвэй зэрэг холбогдох хүмүүс оролцсон байна.
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуян уг хандив өргөх ёслолын үеэр Петрочайна Дачин Тамсаг ХХК нь Монгол Улсад газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж Монгол Улсын төсөвт томоохон байр суурь эзлэх орлого төвлөрүүлээд зогсохгүй, цар тахалтай хүнд хэцүү үед удаа дараа хандив тусламж үзүүлж байгаа нь Хятад, Монгол хоёр улсын ард иргэдийн бат бэх найрсаг харилцааг харуулж байна гэдгийг онцолсон байна.
 
 
 
Мөн уг ёслолын үеэр Петрочайна Дачин Тамсаг ХХК-ийн Ерөнхийлөгч Жян Хунфу өнгөрсөн жилийн эхнээс дэлхий дахинаа цар тахал дэгдсэн цагаас хойш Монгол улсын Засгийн газар болон Улсын онцгой комиссын зүгээс Петрочайна Дачин Тамсаг ХХК-ийн үйл ажиллагаанд ихээхэн дэмжлэг үзүүлж ирсэн бөгөөд энэ нь компанийн орд газрын олборлолт үйлдвэрлэл зэрэг бүхий л үйл ажиллагаа тогтвортой явах баталгаа болсон гэдгийг онцолж хэлсэн байна.
 
 
 
Мөн тэрээр миний бие энэ удаа компанийг төлөөлж Улсын онцгой комисст хандив өгч, Монгол Улсыг цар тахалтай тэмцэхэд туслах хүсэлтэй байгаагийн зэрэгцээ Монгол Улсын Засгийн газар болон ард иргэд цар тахлыг амжилттай даван гарч аль болох хурдан энгийн амьдралдаа эргэн орохыг хүсч байна гэжээ.  
Тус компанийн хувьд өнгөрсөн жилийн 3-р сард Монгол улсад коронавирусын анхны тохиолдол бүртгэгдсэний дараа Петрочайна Дачин Тамсаг ХХК болон бусад туслан гүйцэтгэгч компаниудын бүх хятад ажилчдыг уриалан хандивын арга хэмжээг зохион байгуулж, 170 сая төгрөгийг цуглуулан Монгол Улсын Засгийн Газрыг цар тахлын эсрэг тэмцэхэд зориулж хандивлаж байсан нь Монгол Улсын Засгийн газар болон ард түмнээс өндөр үнэлгээ авсан билээ.